Долоо хоног бүр салбартаа хийсэн ажлаа танилцуулдаг Сайдын цаг-т энэ удаа Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож салбартаа хийж буй ажил, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.
Салбарын сайдын мэдээлснээр “Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2025 он хүртэл боловсруулж хаврын чуулганд өргөн барихаар болсон, “Газар тариалангийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.
Хаврын тариалалт энэ сарын 4-нөөс эхэлсэн бөгөөд энэ жилд 300 мянган га-д улаанбуудай, 8.7 мянган га-д хүнсний ногоо, 13.9 мянган га-д төмс, 50 мянган га талбайд тосны ургамал, малын тэжээл болон жимс жимсгэнэ тариалахаар төлөвлөжээ.
Салбарын яамнаас тариалан эрхлэгчдийг тарианы үр, шатахуун, бордоо зэрэгт хөнгөлөлттэй зээлээр олгож дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд 171 аж ахуйн нэгжид 3.3 мянган тонн буудайн үр, 350 аж ахуйн нэгжид 1.5 мянган тонн шатахуун, 62.1 тонн ургамал хамгааллын бодис зээлээр өгчээ. Аж ахуйн нэгжүүд ирэх намар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-д хурааж авсан буудайгаараа зээлээ төлөх юм байна. Харин яамны зүгээс тоног төхөөрөмж элэгдсэн, хөрсний дориотол зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа энэ үеэр мэдээллээ.
Салбарын яамнаас шийдсэн нэг бодитой ажил нь тариаланчдад БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 125-165 морины хүчтэй 132 таракторыг хөнгөлөлттэй зээлээр, Беларусь улсаас тоног төхөөрөмж авахаар болсон байна.
Түүнчлэн олон жил орхигдож ирсэн хөрсний үржил шимийг сайжруулахад дотоодын бордоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ирэх онд Япон улсаас 9 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болжээ. Өнөөдрийн байдлаар нийт тариалангийн газрын 64.1 хувь нь хүчтэй, 34.9 нь дунд зэргийн элэгдэлд орсон гэсэн судалгаа гарсан байна.
Улаанбуудайн үнийг ХХААЯ болон тариаланч, гурил үйлдвэрлэгч нарын хэлэлцээрээр тогтоодог байсныг болиулж зах зээлийнх нь зарчимд шилжүүлээд байгаа талаар мэдээллээ. Энэ хүрээнд анх удаа улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалсан байна.
Харин хууль эрхзүйн орчныг сайжруулах хүрээнд “Малын гинетикийн хуулийн төсөл”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Ингэснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүнийг экспортод гарахад томоохон түлхэц болно гэж сайд Р.Бурмаа онцоллоо.
Энэ үеэр мал сүргийн хорогдол, ой хээрийн түймэр, бэлчээр, худаг усны хүрэлцээ, нөөцийн мах бэлтгэлийн ажил, ноосны урамшуулал зэрэг асуудалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгсөн юм.
С.ОТГОН