УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 80 гаруй хувийн саналаар тогтоолыг баталлаа. Ингэснээр ноос, ноолуурын салбарыг дэмжих хүрээнд Засгийн газраас таван жилийн хугацаатай жилийн долоон хувийн хүүтэй, 300 тэрбум төгрөгийн бонд гаргах болж байна. Засгийн газраас гаргах энэхүү 300 тэрбум төгрөгийн бондыг дотор нь задалбал 100 тэрбумыг ноолуурын салбарт, 150 тэрбумыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд, 50 тэрбум нь ноосоо тушаасан малчинд урамшуулал олгоход зарцуулна. Өөрөөр хэлбэл, нэг кг хонины ноос, тэмээний ноос тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор болж байна. Малчид ноосоо гол нь хоршоонд тушаана. Хоршоогоор нь дамжуулж дээрх урамшууллыг одооноос малчдад олгоно. Гэхдээ 2013 оны долдугаар сарын 1-нээс энэхүү урамшууллыг малчид болоод мал бүхий иргэдэд олгохдоо хоршооны гишүүн байх гэсэн шалгуур тавих болж байна. Энэ нь малчдыг хөдөлмөрөө хоршин хоршоо байгуулж ажиллах тэр зам руу үндсэнд нь шахаж буй хэрэг аж. Нөгөө талаас УИХ-аар өчигдөр Түүхий эдийн биржийн тухай хуулийг баталсан бөгөөд малын гаралтай түүхий эдээ малчид биржид тушаадаг энэ нь цаашаа үндэсний үйлдвэрүүддээ хүрдэг байх тэрхүү механизм руу шилжүүлэхэд чиглэсэн заалт юм байна.
Г.Дарь