Ногоон байгууламжид 5.8 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламжид 5.8 тэрбумыг зарцуулна

Хэдхэн хоногийн дараа Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу зохион байгуулагддаг “Бүх нийтээр мод тарих” өдөр тохиох гэж байна. Тиймээс энэ жил нийслэлийн зүгээс хэдэн төгрөг төсөвлөж, хэрхэн ногоон байгууламж барих тухай болон өнгөрсөн жил ургасан модод ургасан эсэхийг сонирхуулъя.

 

Ногоон байгууламжид нийтдээ 5.8 тэрбум төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн хэмжээнд нийт 92 гудамж, цэцэрлэгт ногоон байгууламж тарьж, арчилахад энэ жил нийтдээ 5.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хотын төв гудамжуудад нийт 500-гаад мянган мод сөөг, 300-гаад мянган метр квадрат зүлэг, 400-аад мянган нэг наст цэцгийг тарих бол хотын захын гудамжууд болох Долоон буудал, Амгалан, 22-ын товчоо, Яармаг, Нисэхэд өнгөрсөн жилээс тарьсан модоо үргэлжүүлэн тарих гэнэ. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс зүлгийн цэнэг усалгаа, цэвэрлэгээг эхэлсэн байна.

Тарьсан модоо арчлах нь хамгийн чухал

Жилийн жилд 4.7-5.8 тэрбум төгрөгийг хотын төв талбайг зүлэгжүүлж цэцэг мод тарихад зарцуулдаг хэдий ч нэг наст ургамлууд намрын салхинд хийсч,  тарьсан модод нь ургахгүй, ухсан нүхснээс өөр үлдэх зүйлгүй байх нь цөөнгүй ажиглагддаг.  Жишээлэхэд, 32-ын тойрог, Яармаг, Нисэх, Долоон буудал зэрэг газруудын төв зам дагуу багагүй мөнгө зарцуулж тарьсан модод ургах нь байтуйгай үндэс нь үлдэхгүй болох нь элбэг. “Гэр хорооллын айлуудын ойролцоо мод тарихаар өвөлдөө гал түлэх гээд үндсээр нь суга татаад авчихдаг, үхэр мал идчихдэг. Тиймээс иргэдийн ухамсарт өөрчлөлт ороогүй тохиолдолд гэр хороололд мод тарина гэдэг салхинд мөнгө хийсгэхтэй адил” гэцгээж оршин суугчид ярьж байна. Харин албаныхан тарьсан 100 модны 80 нь ургавал боломжийн ургасан гэж үздэг бол өнгөрсөн 2014 онд тарьсан модны 95 хувь нь ургасан гэх хариултыг хэлж байгаа юм.

Нэгэнт “Бүх нийтээр мод тарих өдөр”-тэй болж нийслэл, орон нутгийн төсвөөс багагүй мөнгө жил бүр зарцуулж байгаа учир тарьсан модоо хайрлан хамгаалах нь хамгийн чухал асуудал болоод байна.

Д.СҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж