УИХ-ын чуулганы хуралдаанаар Эд хөрөнгийн бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ хуулиар гишүүд санал асуулга тавьж, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн Төрийн нарийн бичгийн дарга Т.Баярцэцэг болон тус яамны мэргэжилтнүүд хариулж байна.
З.Баянсэлэнгэ: Газрыг бүртгээд дээр нь байгааг үл хөдлөхийг бүртгэх асуудал яригдаж байна. Энэ хууль гарснаар бүтэц, орон тоо нэмэгдэх үү. Цахим бүртгэлжүүлнэ гэж байгаа боловч нөгөө талаасаа чирэгдэлтэй зүйл байна гэж харж байна. Хамгийн их чирэгдэлтэй газар бол Иргэний бүртгэл мэдээлэл, газрын харилцааны хэлтэс байдаг. Харилцаатай холбоотой асуудлыг бүртгэлжүүлнэ гэдэг асуудал яригдаж байна. Хэт хавтгайрсан бүртгэл болох гээд байгаа юм биш үү. Мөн УИХ-ын бүртгэгчийн хариуцлагын даатгал гэж. Энэ ямар учиртай юм бэ?
Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Нэмж орон тоо шаардлагагүй. Хоёр өөр байгууллага дээр байгаа кадастр, бүртгэлийн асуудлыг цахимаар холбох, нэгтгэх асуудал яригдаж байгаа юм байна.
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Баярцэцэг: Төсөвт дарамт учрахгүйгээр энэ хууль бүрэн хэрэгжих боломжтой.
Ё.Отгонбаяр: Эзэнгүй үл хөдлөх хөрөнгө олсон гэх нэг заалт байна. Эзэнгүй үл хөдлөх олсон тохиолдолд тэр хөрөнгийг тухайн хүний нэр дээр шилжүүлэх асуудал яригдаж байна. Хэн нэгэн хүн гэрээсээ бичиж чадахгүй байж байгаад нас барлаа гэхэд түүнийг нь түрээсэлж байсан хүний нэр дээр шилжүүлж болохоор хуульд заасан байгаа. Гэтэл нас барсан хүний хүүхдүүд гадаадад сурч, амьдарч байх хойгуур аав, ээжийнх нь байрын ингээд авчих асуудал гарч магадгүй байна?
Д.Дорлигжав: Энэ бол шинэ заалт биш. Иргэний хуульд байсан зохицуулалтыг нааш нь татаж авчирсан байгаа. Хугацааны хувьд таван жил. Тэр хүн уг хөрөнгийн бусдын нүдэн дээр таван жил уг хөрөнгийг эзэмшээд явсны дараа эзэмшигч нь нас барсан тохиолдолд эд хөрөнгийг нь шилжүүлж авах боломжтой.
Ё.Отгонбаяр: Олон хүн эзэмшиж байгаа эд хөрөнгө, газрын харилцааг яаж зохицуулах вэ. Цахимыг цаасан бүртгэлтэй адилхан авч үзнэ гэхээр хулуь бус асуудал үүсч магадгүй юм биш үү?
Т.Баярцэцэг: Бүртгэлийн хувьд тусдаа ямар нэгэн шат дамжлаг нэмэгдэхгүй. Цаасан гэрчилгээгээ гаргаж авснаар энэ хүний эрх нь баталгаажина. Банкинд эд хөрөнгө барьцааллаа гэхэд цаасан гэрчилгээ нэхдэг. Энэ шат дамжлагийг багасгаад шууд цахимаар харчихаж болдог байдлыг бий болгож байгаа юм. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд цаасан гэрчилгээг авч болно.
Д.Хаянхярваа: Гадны иргэний, гадаадын хөрөнгө оруулагчдын эд хөрөнгө энэ хуулиар зохицуулагдаж байгаа юу. Мөн цаасан болон цахим бүртгэл зөрсөн тохиолдолд яах вэ.
Д.Дорлигжав: Цаасан, цахим бүртгэлийн асуудал дээр хариулахад банкны лавлагаа юм уу бусад лавлагаан дээр л ашиглах гэж байгаа юм. Хоёрдугаарт, гадаадын иргэний эд хөрөнгийн бүртгэлийг асууж байна. Энэ бол гадаад, дотоод гэж ялгасан асуудал биш. Бүртгэлийн хууль. Бусад зохицуулалт энэ хуульд хамаарахгүй.
Т.Баярцэцэг: Бүртгэлийн хууль гэдэг маань эд хөрөнгөө бүртгэхээс гадна, түрээслэх, барьцаалах эрхийг бас энэ хуулиар зохицуулсан байгаа. Ингэснээрээ барьцаалагч, түрээслэгчийн эрх нь баталгаажиж байгаа юм.
Ч.Хүрэлбаатар: Энэ хууль бизнесийн орчинг сайжруулахад чухал хууль гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ нэг зүйлийг асууя. Эд хөрөнгийг хүмүүс худалдан авдаг, түрээсэлдэг. Ингэх явцдаа залилуулах явдал амьдрал дээр гаргадаг. Тэгэхээр цахимаар хүн худалдаж авах эд хөрөнгийнхөө мэдээллийг авч болох уу. Энэ үл хөдлөх хөрөнгө барьцаанд байгаа эсэх, урьд нь хичнээн хүн эзэмшиж байсан зэргийг цахимаар авч болох уу. Банкинд байгаа барьцаалбар, үл хөдлөх хөрөнгийн асуудлыг энэ хуулиар яаж зохицуулсан бэ. Мөн эзэнгүй үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлнэ гээд байгаа. Манайхан бол хэнэггүй. Үл хөдлөх хөрөнгөө бүртгэлжүүлээгүй явж байтал хэн нэгэн хүн эзэнгүй үл хөдлөх хөрөнгө олчихлоо гэж луйвардаж, дээрэмдэж авах боломжийг нь хуулийн цоорхойгоор нээгээд өгчих юм биш үү?
Т.Баярцэцэг: Иргэн бүхэн цахим мэдээллийн санд нэвтрэх эрхгүй. Хувийн нууцтай холбоотой мэдээлэл, тухайлбал, тэр хүний оршин суугаа хаяг, ээж аав, үр хүүхдийнх нь оршин суугаа хаяг гээд олон нууцын зэрэглэлтэй асуудал хөндөгдөж байгаа учраас буруу иргэн мэдээллийн санд нэвтэрч, хэн нэгнийг хохироож, дарамталж болзошгүй гэж учраас дурын иргэн цахим бүртгэл орох эрхгүй.
Эзэнгүй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн асуудлыг Иргэний хуулиар зохицуулж байсан. Энэ асуудлыг хэрхэн яаж бүртгэх вэ гэдэг асуудлыг энэ хуульд тусгасан. Өмчлөл талаас нь яаж бүртгүүлэх вэ гэдгийг энэ хуульд суулгасан. Үндсэн гол зохиуцуулалт нь Иргэний хуульд тодорхой тусгасан байна.
Ч.Хүрэлбаатар: Иргэн хүн сонирхож байгаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын тулд мэдээлэл авах бололцоо хаалттай юм байна гэдгийг ойлголоо. Дээр нь Иргэний хууль ямар заалт байгаа эсэхийг асуугаагүй. Хүний үл хөдлөх хөрөнгийг олж авсан юмаа гээд луйвардвал яах вэ?
З.Энхболд: Эзэнгүй гэдэг юмыг гишүүд их сонирхож байна. Тэгж нэг зорилгоор хайгаад олоод байдаг асуудал биш байх. Д.Дорлигжав сайд хариулна уу?
Д.Дорлигжав: Ямар нөхцөлд эзгүй хөрөнгийн хүн өөрийн болгох вэ гэдгийг Иргэний хуульд тодорхой заасан байдаг. Иргэний хуульд заасан нөхцөлийг бүрдүүлсэн хөрөнгийг л бүртгэх тухай асуудал яриад байгаа юм.
Б.ХОНГОР