Татвар төлөгчид мэдээлэлтэй байх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Татвар төлөгчид мэдээлэлтэй байх ёстой

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засаг эрхэлсэн Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн ажил байдалтай  өнөөдөр танилцлаа. Он гарснаас хойш хагас жил өнгөрсөн болохоор үйл ажиллагаа ямархуу түвшинд явагдаж буйтай танилцаж байна гэж тэрбээр хэлэв.  Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь 12 гаруй мянган аж ахуй нэгжтэй. Сардаа 120-140,  жилдээ 1200-1400 аж ахуйн нэгж шинээр нэмэгдэж байдаг гэсэн тооцоог Татварын хэлтсийн дарга  Д.Занданбат хэлж байлаа. 

Эх орны хишиг болгон Тавантолгойн хувьцааг  жижиг аж ахуйн нэгжүүдэд олгоно гэсэн сургаар сураггүй алга болсон компаниуд гарч ирсэн онцлог  бүхий хагас жил өнгөрч байна гэж сонирхууллаа. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн ажил өөдрөг байна. Энэ жил улс, нийслэлийн төсөвт 65,9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 5 дугаар сарын байдлаар нийслэлд төвлөрүүлэх ёстой хэмжээнээс 5 тэрбум, улсад 8 тэрбум төгрөг илүү оруулжээ. Ер нь сүүлийн жилүүдэд төлөвлөгөөгөө  тогтмол  давуулан биелүүлж байгаа гэсэн мэдээг өгч байв. 

Тус хэлтсийн хувьд бэрхшээлтэй хоёр асуудал бий гэнэ. Эхнийх нь өөрийн гэсэн байргүй. УБИС-ийн зүүн хажууд Макс түргэн хоолны газрын барилгыг түрээслэж үйл ажиллагаагаа явуулдаг гэж байв. Удаах нь жил ирэх бүр аж ахуйн нэгжүүдийн тоо өсөж байна. Үүнийг дагаад 120 хүрэхгүй ажилтан, албан хаагчдтай татварын хэлтсийн ачаалал эрс нэмэгдэж буй гэлээ. Ололттой тал хийгээд учир дутагдалтай байдлыг өөрийн биеэр очиж үзсэн Нэгдүгээр орлогч дарга Б.Баатарзориг үйл ажиллагаандаа хоёр чиглэл баримтлахыг тэдэнд зөвлөв. Татварын байгуулагууд сайн ажиллаж байгаагийн жишээ нь  нийслэлд өрнөж байгаа зам засвар, бүтээн байгуулалтын ажил. Тэгэхээр цаашдаа татвар төлөгчид татварт  өгсөн мөнгө нь ямар ажилд юунд зарцуулагдаж байна вэ гэдгийг мэддэг байх учиртай. Энэ тал дээр татварын хэлтсийнхэн анхаарч татвар хурааж авахын зэрэгцээ мэдээллээр давхар  хангахыг анхааруулав. Түүнчлэн татварын шалгалт хийхдээ богино хугацаанд, бие биедээ хяналт тавих байдлаар олуулаа ажилладаг Япон улсын туршлагаас суралцахыг захилаа.

 Дашрамд сонирхуулахад улсын хэмжээнд явагдаж байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хураалт эдний хэлтэс дээр 100 хувь биелжээ. 1 тэрбум 300 сая төвлөрүүлэх ажлаа ардаа хийсэн байна. Харин улсын хэмжээнд энэ ажил 93 хувьтай яваа гэж Нийслэлийн татварын газрын дарга С.Энхбаатар сонирхуулж байв.

www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж