Тэнгисийн арын барилгын ажлыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Тэнгисийн арын барилгын ажлыг зогсоожээ

“News agency” нийслэлд хамгийн хурцадмал асуудал болоод буй боломжгүй газарт барьж эхэлсэн барилга байгууламж, олон зуун  хүний ая тухтай амьдрах эрх зөрчсөн барилгын зөвшөөрөл, огт зөвшөөрөлгүйгээр дур мэдэн барьж буй  барилгын талаар удаа дараа бичиж нийтэлж байгаа билээ. Тавдугаар сарын 4-ний даваа гаригийн дугаартаа бид Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Тэнгис кинотеатрын арын зайд барилгын суурь ухаж эхэлсэн талаарх мэдээллийг нийтэлсэн. Тэрхүү барилгын суурийг ухаснаас болж 9А байрны оршин суугчдын хувьд Баянгол дүүргийн 16 дугаар байрныхны хувь заяаг давтах магадлал тун ойрхон байсан юм. Оршин суугчид өмнө нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад удаа дараа хандсан боловч Тэнгис кино театрынхан (Улаанбаатар синема компани) өнгөрсөн амралтын өдрүүдэд талбайг нэлэнхүйд нь ухаж, барилгын суурь тавьж эхэлсэн юм. Харин манай сайтад нийтэлсэн Танилц: Дараагийн барилга нийтлэлийн мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын холбогдох албан тушаалтнууд яаралтай арга хэмжээ авч, Тэнгисийн арын барилгын ажлыг зогсоосон байна.

Энэхүү мэдээллийг бидэнд 9А байрны оршин суугч С /нэрийг нууцлав/ өгсөн бөгөөд Тэнгис кинотеатрын захирал Ц.Энх-Амгалан оршин суугчдад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан гэж худал мэдээлснийг ч мөн дуулгасан юм. Учир нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн жагсаалтад Улаанбаатар синема компанийн нэр огт байхгүй болох нь батлагджээ. Харин 2014 оны гуравдугаар сард уг талбайд бичил цэцэрлэг байгуулна хэмээн газар  эзэмших зөвшөөрлөө сунгуулсан байна.

Ийм л бусармаг үйлдлийг улсдаа нэртэй, ашиг орлогоороо тэргүүлэгч компаниуд үйлдэх болжээ. Улаанбаатар синемагийн өмнө баригдаж буй барилгаас төмөр унаж цэл залуухан хархүү хорвоог орхисон эмгэнэлт хэргийг олон түмэн мартаагүй. Мартах ч учиргүй. Үрээ алдсан эхийн нулимс хатаж ч амжаагүй байхад дахиад л нэг хууль бус барилга барихыг завдаж буй үндэсний гэх тодотголтой эдгээр компаниудад хатуухан хариуцлага хүлээлгэдэг жишиг тогтоохгүй бол эгэл иргэд үргэлж хохирсоор байх бус уу. Дам ярианд дурдагдсан тус компанийн нууц ноёнтон нь УИХ-ын гишүүн байдаг бол эрхэм түшээ та өөрийн ашиг орлогоос  илүүтэй 9А байрны оршин суугчдын амьд явах эрхийг хамгаална уу.

9А байранд амьдарч буй иргэдийн цөөнгүй хувь нь түрээслэгчид гэнэ. Мөн нэг хүний нэр дээр хэд хэдэн орон сууц бүртгэлтэй байдаг учраас эрүүл орчинд аж төрөх эрхийнхээ төлөө дуугардаг нь тун цөөхөн байдаг аж. Олон байр эзэмшиж буй нөхрийн хувьд Улаанбаатар синемагаас тав гурван төгрөг авчих сонирхолтой байдгаа ч нуудаггүй гэнэ. Ийм л учир шалтгаанаас үүдэн Тэнгисийнхэн хууль бус үйлдлээ зоригтой эхэлсэн байхыг үгүйсгэхгүй. Тэрхүү талбайд барилга барилаа гэхэд 9А байрныхан нар үзэхгүйгээр барахгүй хотын А зэрэглэл дэх байрны нь үнэлгээ ч эрс буурах билээ. Насан туршдаа амьдрах орон сууц гэдэг чихрийг нь идээд хаячихдаг цаас төдий зүйл биш. Анх байр авахдаа хотын төвд байрлалтай, хаана хаанаасаа нар тусах боломжтой гэхчилэн олон хүчин зүйлийг бодолцож бусад дүүрэгт баригдаж буй орон сууцнуудаас хамаагүй өндөр үнээр худалдан авсан нь гарцаагүй. Гэтэл нэг л өдөр эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нөхөр гарч ирээд энэ бүх үнэ цэнтэй зүйлсийг нь үнэгүйдүүлэн нураахыг зөвшөөрөх хүн олдох уу. Хамгийн гол нь  орон сууцанд нь тулгаад ухчихсан нүхнээс болж 9А байранд цууралт үүсэх, цаашлаад нурах аюул нүүрлэбэл тэдгээр хүмүүс Тэнгис кинотеатрт амьдрах уу,  16 дугаар байрныхан шиг зочид буудал бараадах уу гэсэн асуулт тулгараад байлаа…

Харин одоо энэ бүхнийг байлаа гэж бичиж байгаадаа баяртай байна. Учир нь НМХГ-аас Тэнгисийн арын барилгын суурийн ажлыг зогсоосон. Албан ёсны зөвшөөрөлгүй болохоор энэ барилга цаашид баригдахгүй гэдэгт итгэлтэй байна. Зөвшөөрөл байлаа ч цуцлагдах нь гарцаагүй. Тэнгисийнхэн амласан ёсоороо уг талбайд бичил цэцэрлэгээ байгуулж, тэнд нь хүүхэд хөгшид магнай тэнэгэр нарлаж, хос залуус болзон суух өдөр ойрхон биз ээ. Тэнд хууль бус барилга барьж олон арван хүнийг орон гэргүй болгосноос  одоогийнх шигээ оюуны үрээ тарьж, олны зорин очих дуртай кинотеатр хэвээр үлдэх нь Тэнгисийнхэнд ч өлзийтэй билээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж