–Тоглоомын талбайд эрсдэл, аюул байна гэдгийг эхлээд шүүмжилж, засч тордох ёстой. Үүнийг ухаарахын тулд заавал нэгэн золгүй тохиолдол гарах хэрэггүй биз дээ-
Жил ирэх бүр хүүхдийн тоглоомын талбайнууд ээлж дараалан эзлэгдсээр, байр бүрийн гадаа биш, нэлээд олон байрны дунд цөөхөн хэдэн тоглоом үлдсэн байдаг. Хүүхдийн тоглоомын талбайн стандарт гэж уг нь арай өөр байжээ. Хүүхдийн насны онцлогт тохирсон ялгаатай тоглоомууд нь элснээс эхлээд дүүжин гулсуураар үргэлжилж, ахмад настнуудын сүүдрэвч гээд цогцоор байдаг байв.
Гэвч тал талаасаа тануулсан тоглоомын талбай зайндаа хавчигдан эдгээрийн заримыг нь орхигдуулахаас аргагүйд хүрчээ. Насны онцлогт тохирсон өөр тоглоом байхгүйгээс өсвөр насныхан багачуудынхаа тоглоомыг эвдэх нь ч түгээмэл болж.
Хамгийн харамсалтай нь, үүнийг тэр дор нь засч сэлбэх төсөв мөнгө, сэтгэл дутдагаас олон хүүхэд бэртэл гэмтэл авсаар байна. Гэвч үүнд гэм буруутан байхгүй гэх эцэг, эхчүүдийн сэтгэхүй, хүүхдээ өөрсдийн буруугаасаа л гэмтэж бэртсэн гэж үзэх хандлагаас болж энэ асуудалтай холбоотой хохирогчдын тоон судалгаа, мэдээлэл гэх зүйл огтхон ч байхгүй байна. Угтаа бол тоглоомын талбай нь нийтийн эзэмшлийнх л болохоос биш эвдрэлээс болж хохирогч гарвал хариуцлага хүлээх эзэн байх л ёстой.
Чингэлтэй дүүрэг, Тавдугаар сургуулиас урагш, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуулийн хойд хэсэгт байрлах тоглоомын талбайд байх хэд хэдэн хуванцар гулгуур цөмөрчээ. Дээрээс гулгах үед анзаарагдахааргүй нь хамгийн аюултай гэмээр. Мөн адил асуудлаар Засгийн газрын 11-11 төвд нэгэн иргэн Баянзүрх дүүрэг, Сансрын тунел дээр байрлах тоглоомын талбайн эвдрэлийг мэдээлжээ. Модоор хийсэн гулгуур бололтой тоглоомын бүх шат нь хугарч, том том хадааснууд сэрдийжээ. Гулгуурынх нь гол хэсгүүд ч цөмөрч.
Америкт архи уусан үедээ машин жолоодсон хүнийг хүний амь насанд халдахыг завдсан гэж буруутгадаг шиг тоглоомдоо тордолт засвар хийгээгүйгээрээ сууц өмчлөгчдийн холбоо, аюул дагуулсан тоглоомын орчныг урт хугацаагаар байлгасаар байгаа төрийн хяналтыг хэрэгжүүлэгч эрх мэдэлтнийг оршин суугчдын зүгээс гомдол гарган, хариуцагчаар татах жишиг тогтоож болмоор.
Урагдсан хувцас, шалбарсан шархыг тоохгүй, хариуцлагын талаар ойшоохгүй байсаар эцэстээ заавал ямар нэг том асуудал үүсч, үүнийх нь дараа ухаан орсон мэт бүгдээр шуугиж байж шийдэх ёстой юм уу, бүү мэд.
Хүүхэд бол хүүхэд. Тэдэнд бидэнд байгаа шиг болгоомжлол, “муу санаа” байхгүй. Тэд гулсах гэж буй гулсуурынх нь ёроол цөмөрснийг анзаарахгүй. Авирах шатанд нь ёрдойсон хадаас байна гэж ч төсөөлөхгүй.
“Битгий компьютер тогло, ухаалаг утсанд донтлоо. Одооны хүүхдүүд бидэн шиг тоглоомын талбай дээр тоглохоо больж дээ” гэх шүүмжлэл, үгсийг бид олон хэлдэг. Гэтэл хүүхдүүд маань гараад тоглох тоглоомын талбайд нь эрсдэл, аюул байна гэдгийг эхлээд шүүмжилж, засч тордох ёстой байлтай. Үүнийг ухаарахын тулд заавал нэгэн золгүй тохиолдол гэрэх хэрэггүй биз дээ.
Б.МАНДАХ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин