Долоон буудлын замд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчийн “СЭҮ 00-23” улсын дугаартай машин урсгал сөрж, хурд хэтрүүлэн явж байгаад 12 настай охиныг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан.
Энэхүү хэргийг үйлдсэн гэх Сэлэнгэ аймгийн цагдаагийн ажилтан Ц.Ууганбаатарыг өнөөдөр Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүж, түүнд ял оноолоо. Шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчин хүний амь насыг хохироосон гэж үзэн дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Дашрамд, Сэлэнгэ аймгийн цагдаагийн алба хаагч Ц.Ууганбаатар нь өөрийн дарга Б.Саранбаатарын тушаалаар албандаа яарч эсрэг урсгалаар давхиж ийнхүү осол гаргасан гэж мэдүүлсэн байдаг. Харин талийгаач охины гэр бүлийн зүгээс шүүгдэгч жолооч Ц.Ууганбаатарт хууль бус шаардлага тавьсан хэрэг гарах шалтаг болсон Б.Саранбаатарт ямар нэгэн хариуцлага тооцолгүй өнгөрч байгаад харамсч байгаагаа илэрхийлжээ.
Д.ЖАРГАЛ