Монголд сэтгүүлчдээс муу хүн алга. Мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаж, хэтэрхий нэг талыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд барьдаг болсон нь хэн ч маргахгүй үнэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг мөнгө олох хэрэгсэл, бусдыг бульхайгаар нь далимдуулан шанатаажлах хэрэгсэл гэж харагсад ч олширсон.
Тэгвэл улстөрчид өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл болгон хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болгож байна. Гэхдээ сэтгүүлчид зориуд тухайн асуудлыг буруугаар мушгин гуйвуулж, төөрөгдүүлэхийг оролддог гэвэл уучлаарай. Хараат бус байх ёстой энэ салбар улстөрчдийн халаасанд орсон. Эрүүл саруул өрсөлдөөнөөр гэхээсээ илүүтэйгээр эздийнхээ илүүчилсэн халтар мөнгөөр амь зогоож буй. Өнөөдөр бие даасан редакцийн бодлого аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд маань байхгүй.
Сэтгүүлчдийг сүрдүүлэх, заналхийлэх, доромжилсон, гэр бүлийн хүнийг нь дарамталсан тохиолдол бусад зөрчлөөс хавьгүй их буюу өнгөрсөн арван жилийн хугацаанд 97 удаа бүртгэгдсэн байдал ямар байгааг бэлхнээ харуулаад өгнө.
Хараат бусаар өөрсдийгөө өргөмжлөөд буй “HD Mongol” телевиз гэхэд л тариалалтын асуудлаар зөвхөн ганцхан байр суурийг барьдаг. Улстөрчдийн өөрсдийгөө хамгаалах бамбай, өрөөлийг намнах бөмбөг болгоод буй энэ салбар тэр утгыг нь алдагдуултал, улам бүр барьцаа ахиулахыг хичээн ялзаруулж ирсэн. Өөрсдөө тийм болгосон хэрнээ өнөөдөр бүхнийг сэтгүүлчид рүү, сонин, телевиз, радио, сайт руу чихэж, гэгээнтэн царайлах нь ариун явдал уу?
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаан боох, хавчин гадуурхах, хууль, журмаар далайлган хяналтаа тогтоохыг байнга оролдож, тэрийгээ ч хэрэгжүүлсээр буй ахуйд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шударга, бодитой мэдээлэл авна гэж горьдсоны гарз. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бие даасан, хараат бус байдлыг хангаж, эрх чөлөөг нь олгох хууль өнөөг хүртэл батлагдахгүй байгаа шалтгаан ч үүнтэй л холбоотой.
Монголд хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдаж байна. Бүр хүний эрхийн төлөв байдлын тайлан илтгэлд ортлоо хүлүүлжээ. “Глоб интернэшнл” ТББ-ийн хийсэн судалгаагаар 2012 онд 22 сэтгүүлч, ХМХ-тэй холбоотой мэргэжлийн эрхийн 45 зөрчил гарсан бол 2013-2014 онд нийт 57 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлийн 110 тохиолдол бүртгэгджээ.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл авах эрх зөрчигчдийн 61,4% нь төрийн байгууллага, улс төрчид, өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид байна гэсэн үзүүлэлт дурайж байна. Гэхдээ энэ бол бүрэн, дүүрэн тоо биш.
Сэтгүүлчдийг сүрдүүлэх, заналхийлэх, доромжилсон, гэр бүлийн хүнийг нь дарамталсан тохиолдол бусад зөрчлөөс хавьгүй их буюу өнгөрсөн арван жилийн хугацаанд 97 удаа бүртгэгдсэн байдал ямар байгааг бэлхнээ харуулаад өгнө.
Хамгийн сүүлд гэхэд л “Буян”-гийн Жаргалсайхан сэтгүүлчийг шаардлага тавьсных нь төлөө биед нь халдаж, заналхийлсэн бичлэг ил болсон. Харин үүнийг харсан олон нийт “Муусайн сэтгүүлчид өөрсдөө л амнаасаа болоо биз” гэх юм уу эсвэл “Хааяа ингэх нь зүйтэй” гэхчилэн харин ч өөгшүүлэх янзтай. Иймэрхүү байдлаар сэтгүүлчдэд заналхийлэх, сүрдүүлэх, дарамтлах нь олширсон ч хожим ирэх дарамтнаас болгоомжилж, өөрөө болон гэр бүлээ айдас, хүйдэст автуулахаас сэргийлсэндээ ил болгодоггүй.
Уг нь сэтгүүлч ажлаа хийж явахдаа учирсан аливаа дарамт, шахалтыг илчлэх нь өөрийнхөө болон мэргэжил нэгтнүүдийнхээ эрхийг хамгаалахад чухал нөлөө үзүүлдэг ч харамсалтай нь тэгдэггүй.
Тэгвэл МҮОНТ-ийн хөтөлбөрт тусгагдаагүй Тавантолгойн асуудлаар захиалгат нэвтрүүлгийг эфирийн программыг шууд өөрчлөн гаргасан УИХ-ын даргын үйлдлийг хэвлэлийн эрх чөлөөгөөр амьсгалсан өдрүүдэд МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь твиттерээр жиргэсэн нь олныг алмайруулах нь тэр.
Монголд байдал иймэрхүү л байна. Мэдээж сэтгүүлч буруу, зөрүү харилцаатай бол тэрийг засч залруулах нь зайлшгүй асуудал. Харин сэтгүүлчийг байтугай жирийн иргэний биед халдаж, зодож, цохино гэдэг бол гэмт үйлдэл. Үүнийг өмөөрөх нь хүчирхийллийг өөгшүүлэн тунхагласан явдал болно.
Сэтгүүлчдийн эрх чөлөө өнөөдөр улам бүр хумигдаж байна. Сэтгүүлчид бодит мэдээллийг хүргэхгүй байгаа нь дан ганц тухайн сэтгүүлчээс хамааралтай гэвэл эндүүрэл. Хөрөнгө оруулагчдын байр сууриас зөрсөн нийтлэл, нэвтрүүлгийг гаргах боломж сэтгүүлчдэд алга. Тиймээс сэтгүүлчдэд эрх чөлөө олгох нь үүнийг бичигчид давуу эрх ямба эдлүүлээд байгаа бус иргэдэд үнэн зөв бодит мэдээллээр хангахад чухал нөлөөтэй учраас энэ эрх чөлөө чухал. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хэдхэн мянгаар тоологдох хүмүүст хамаатай бус Монголын гурван сая иргэний эрх чөлөө гэдгийг бид хаа хаанаа ухаарах нь чухал.
Энэ эрх чөлөө хангалттай, хангалтгүйгээс шалтгаалан танд бодит мэдээлэл хүрэх эсэх нь шалгаална. Иймээс л улстөрчид иргэдэд худал мэдээлэл тарааж, өөрсдийн явцуу зорилгодоо хэвлэл мэдээллийг ашиглахын тулд аль болох мэдэлдээ байлгахыг оролдож, түүнийг биелүүлэхийн тулд элдэв янзаар олон нийтийг төөрөгдүүлдэг.
Хэрэвзээ хэвлэл мэдээллийг улстөрчдийн савраас мулталж чадвал тархи угаасан, хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл аяндаа шахагдаж, зах зээлийнхээ жам ёсоор хэн илүү бодит, үнэн мэдээлэл түгээсэн нь торойн тодорч, борооны дараах мөөг шиг олширсон бусад нь шахагдан танд үнэн мэдээлэл очно оо гэсэн үг. Тиймээс л муу нэртэй сэтгүүлчдийг зүхэхээ түр азнаад цаад учир шалтгааныг нь олж, эмчлэх нь чухал.
Хэрэвзээ үүнийг үгүйсгэвэл бид хэвлэлийн эрх чөлөөгүй Хойд Солонгос, Хятадын замаар л замнана. Эрх чөлөөгөө хасуулсан хүнээс эмнэлэгт эргэж ирэхийг шаардахтай адил эрх чөлөөг нь олгоогүй байж бодит мэдээллийг сэтгүүлчдээс нэхэх нь боломжгүйн дээр утгагүй. Байхгүй зүйлийг нэхээд байх ч бас там шүү.
Л.НАРАНТӨГС