УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 84.6 хувийн саналаар төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Сангийн яамны холбогдох албан тушаалтны тайлбараар ирэх онд цалин, тэтгэвэр нэмэхгүй юм байна. Энэ нь эдийн засаг хүнд байгаатай холбоотой аж.
Засгийн газар Үндсэн чиглэлийг боловсруулахдаа ирэх онд эдийн засгийн өсөлт 5 хувь, инфляци 6-7 хувьтай байхаар төсөөлсөн бол нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ 4400 ам.доллартай тэнцэнэ хэмээн заажээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт ирэх онд цалин, тэтгэвэр нэмэх эсэх, ажлын байр шинээр бий болгоход хэрхэн анхаарах талаар хариулт хүсэв. Сангийн яамны холбогдох албан тушаалтны тайлбараар ирэх онд цалин, тэтгэвэр нэмэхгүй юм байна. Энэ нь эдийн засаг хүнд байгаатай холбоотой аж.
Харин ажлын байрны тухайд ажлын байр шинээр бий болгоход хүндрэл учирч байгаа тул ажлын байрыг хадгалах, түр ажлын байр бий болгоход анхаарч ажиллахаар Үндсэн чиглэлд тусгасан тухай онцлов.
Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин МАН-ыг Засгийн газарт хамтарчихвал гадаад ертөнцөд зөв сигналь очиж, Арабаас 1 тэрбум ам.доллар орж ирэх, Хятад улсаас мөн 1 тэрбум ам.долларын зээл босгох боломжтой төдийгүй Монголбанк ОХУ-тай рублийн своп хэлцэл байгуулах боломж бүрдэх тухай Ерөнхий сайд хэлж байсан тул энэ ажил хэрэгжиж байгаа эсэхэд хариулт хүсэв.
Гэвч Сангийн сайд байхгүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хуралд оролцоогүй нь энэ асуудал юу болж байгаад тоймтой хариулт өгчих сайд олдсонгүй, эцэстээ асуултыг дахин өөрчилж, эдийн засгийн хүндрэлээс гарах боломжийг Засгийн газар хэрхэн үзэж байгаад хариулт хүсэв.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хариултаар бол Засгийн газар экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалж үлдэх нь чухал гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсон үед цалин, тэтгэвэр нэмэх амлалт өгөх нь бүтэшгүй амлалт болж хувирна. Бодит байдлаа зөвөөр дүгнээд Оюутолгой, Тавантолгойн төслүүдээ хэрэгжүүлэх, олон аж ахуйн нэгж борлуулалтгүй болж байгаа тул үйл ажиллагааг нь дэмжих. Хөрөнгө оруулалт татарсанаас валют багассан. Дээр нь экспортын үнийн уналт төсөвт хүндрэл учруулж байгаа тул Засгийн газар эрчим хүч, авто замын зарим ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасан. Гадаадаас зээл тусламж авахын тулд өрийн таазыг эргэж харах шаардлага үүсч байгааг онцлов.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2016 оны Үндсэн чиглэлийг боловсруулахдаа Засгийн газар нь Монголбанкнаас санал аваагүй нь голлох бодлогын баримт бичгүүд хоорондоо уялдаагүй болж мэдэх эрсдэл хүлээж байгааг сануулав. Ингэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалт саарсаар -74 ам.долларын алдагдалтай гарсныг онцолсон юм. Мөн АНУ-ын Элчин сайд “2016 он хүртэл Монголд хөрөнгө оруулж болохгүй” гэж мэдэгдсэнийг сануулсан нь маргаан дагуулав.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Яахаараа АНУ-ын Элчин мэдэгдэхээр хариуцлагатай болчихдог юм, чи аль улсынх юм бэ” гэж давшилсан бол Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Хариуцлагатай, хариуцлагагүйгээр дүгнэлт хийдэг хэн юм бэ. АНУ-даа аюулгүй амьдар” гэх үгийг дайж байлаа.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Валютын эх үүсвэрээ хаанаас бүрдүүлэх юм бэ. Энэ л асуудлыг хөндөж байна. Тэгээд ч энэхүү мэдэгдэл олон нийтэд цацагдчихсан, Ганхуяг аа, чамайг Уул уурхайн сайдаар томилогдсоноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалт явсан шүү” гэх хариуг барив.
Энэ үед Эдийн засгийн байнгын хорооны дарга гишүүдэд хандан дэгээ барихыг сануулснаар маргаан намжсан юм.
Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Үнэн үг хатуу ч үйлд тустай гэдэг. Алдаагаа засах шаардлага байна. Хамтарсан гээд алдааны хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Үндсэн чиглэлийг хэлэлцэхдээ төсөв, мөнгөний бодлоготой уях шаардлага байна. Асуудлаа цогцоор харж чаддаггүйгээс асуудал үүсгээд байна.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:
-Дэлхийн эдийн засаг, Монголын эдийн засаг амаргүй байна. Гэтэл бодит байдалдаа дүн шинжилгээ хийх чадвартай улс төрийн хүчин алга. Бодит байдалд дүгнэлт хийхэд мэргэжлийн байгууллага сэтгэл гаргаж ажиллахгүй байна, зөвхөн Засгийн газарт бүхнийг даатгадаг.
Уг нь эдийн засгийн төлөвлөлтөө хэдэн жилээр харах ёстой, өмнө нь энэ асуудлыг ярьж байгаад Үндэсний хөгжлийн шинэтгэлийн хороог байгуулсан ч татан буулгасан. Энийгээ тогтох шаардлага байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Гадныхан биднийг яаж харж байна вэ гэдгийг бид толинд харж байх ёстой. Хоёрдугаарт, Олон улсын валютын сангаас Монголын төсөв, мөнгөний бодлого сул байна гэсэн зөвлөмж гаргасан байсан, түүнийг хүлээж авах ёстой.
Монголын эдийн засгийн өсөлтийг АНУ, Хятадтай харьцуулж харж болохгүй, хөгжлийн төвшин, эдийн засгийн төвшин ойролцоо улсынхтай жиших. Ингэхгүй бол үндсэн чиглэл бодитой төлөвлөгдөхгүй.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Эдийн засгийн барометрийг барьж байдаг газар хэрэгтэй гэж Ц.Баярсайхан гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Уг нь Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулсан ч хэрэггүй гээд татан буулгачихсан. Сайд нь муу байлаа гээд бүтцийг алга болгочихож болохгүй. Цаашдаа бодох ёстой асуудал.
Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй бол ажил хийх боломжгүй тухай ярьж байх шиг. Саяхан бид өрийн тааз болохгүй байна гээд өрийн таазыг 58.3 хувьд барихаар УИХ хууль баталсан биш билүү. Ингэснээр 1 их наядын орон зай бий болгож өгсөн, одоо тэгтэл дахиад нэмээд өг гэх.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдлээс биелэдэг юм гэж байна уу. Жил бүр л УИХ-аар ярих, иймэрхүү байдлаар яваад байх юм бол яаж улс орон өөдтэй байх юм бэ.
Ардын намын шилдэгүүд Засгийн газарт сайдаар томилогдсон. Ажил аваад нэлээд хэдэн сар боллоо, эдийн засаг сайжирсан юм алга.
Г.ДАРЬ