Үсчин, гоо засалчид шилдгээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Үсчин, гоо засалчид шилдгээ тодрууллаа

Монголын үсчин, гоо сайханчдын холбоо ХХААХҮЯ-тай хамтран зохион байгуулсан нийслэлийн шилдэг үсчин, гоо сайханч шалгаруулах тэмцээн өнгөрсөн мягмар гаригт Буянт-Ухаа дахь Спортын шинэ цогцолборт “Улаанбаатар-2011” нэртэйгээр болж өнгөрлөө. Энэ удаагийн уралдаанд  таван дүүргийн 70 гаруй үсчин, гоо сайханч ганцаарчилсан, хос, моодны, гоёлын, техникийн төрлөөр өрсөлдсөн юм.

Үсчид үсийг угаас нь үзүүр хүртэл хоёроос гурван өнгө уусган будаж, босоо маягийн долгиолсон хэлбэрээр зассан нь энэ жилийн онцлог байв. Энэхүү засалт нь эрэгтэйчүүдийн үс засалтад давамгайлжээ. Харин эмэгтэйчүүдийн үс засалтын хувьд дээрхтэй төстэй ч долгион оруулсан, тод өнгө зонхилж байлаа. Энэ жил манай үсчдийн засалтад дэлхийн чиг хандлагатай хослуулсан тэгш бус хэмт тайралт моод болох нь. 1996 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг тэмцээнийг Ц.Цогзолмаа, Д.Одонгоо, Хүрлээ тэргүүтэй мастерууд шүүсэн юм.

Хурц өнгө, содон шийдлээр өрсөлдсөн тэмцээний шилдгээр техникийн эмэгтэй төрөлд “Evergood” салоны үсчин Ж.Эрдэнэтуяа, эрэгтэй төрөлд “Vidal”- ын Б.Урьдбаяр тэргүүлжээ. Моодны ангилалд “Wella” салоны Б.Батзаяа түрүүлсэн бол гоёлын засалтаар “Марал”-ын Г.Нармандах шилдгээр шалгарлаа.

Энэ жилийн тэмцээн Монголд ахуй үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулснаараа онцлог байлаа. Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд харьцангуй олон хүн ур чадвараараа өрсөлдсөн нь монголын үсчин, гоо сайханчдын чадвар өссөнийг илтгэсэн юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж