2010 онд манай Таван толгойд хөрөнгө оруулья хэмээн санал хүргүүлж явсан уул уурхайн “гигант”-уудын нэг, Бразилийн Вале компани Мозамбикийн Моатизе коксжих нүүрсний ордод амжилттай ажиллаж байна. Тус компани Моатизе уурхайг өргөтгөх томоохон төсөлд хөрөнгө оруулж, хүчин чадлыг нь хоёр жилийн дотор 22 сая тонд хүргэх зорилт тавиад байгаа юм. Компанийн албан ёсны мэдээллээс харахад, оны эхний улирлын байдлаар уурхайн өргөтгөлийн төсөл 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Тодруулбал, тэд хоёр жилийн хугацаанд багтаан уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн 2-р хэсгийг ашиглалтад оруулж, дэд бүтцийн холбогдох бүхий л асуудлыг шийдэх юм. Үүнд Накала, Бэйра хүртэл төмөр зам тавих, Накала дахь боомтод өргөтгөл хийх гээд шаардлагатай бүхий л ажлууд анх төлөвлөсний дагуу явж байгаа аж. Ялангуяа коксжих нүүрсийг олон улсын зах зээлд хүргэхэд онцгой үүрэгтэй төмөр замын ажил нь 97%-ийн гүйцэтгэлтэй, энэ оны 3-р улирал гэхэд бүрэн дуусч, ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар Вале компани дэлхийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлтээ улам бүр нэмэгдүүлж, байр сууриа тэлэх ач холбогдолтой.