Засгийн газар солигдох бүрийд төрийн албанд халаа сэлгээ хийгдэж, нэг хэсэг нь ажилгүй болж, гудамжинд гардаг бол намын шахаас түлхээсээр нэг хэсэг нь төрийн албанд ажилд орж байна. Эцсийн дүндээ энэ нь төрийн албыг хүчгүйдүүлж, чадвартай, мэргэшсэн албатай байх төрийн албаны ажил унаж буй юм. Тоон мэдээллээр 2012 онд төрийн алба 148 мянган хүнтэй байсан бол өнөөдөр 180 мянгад хүрчээ. Мөн төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэдэд ажилгүйдлийн тэтгэмж болгож 2.5 тэрбум төгрөгийг шүүхийн шийдвэр үндэслэж олгосон бол нэмж 5.3 тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ онд гэнэт ажлаасаа чөлөөлөгдсөн төрийн албан хаагчдад зориулж нэмж 5.3 тэрбум төгрөг зарцуулах болж байна. Төрийн албанд хийсэн халаа сэлгээтэй холбоотой асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонсгол зохион байгуулж хэлэлцэх үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нэг ч халаа сэлгээ хийгээгүй гэдээ мэдэгдсэн бол түүнийг нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа үгүйсгэсэн юм. Энэ асуудлыг “VS” буланд онцоллоо.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин