Хамгийн муу парламент

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Хамгийн муу парламент

-Юу ч хамаагүй ярьж л байх үндсэн зорилготой парламентын гишүүд юу ч хамаагүй ярьсаар байгаад, улс орныхоо бодлогоор тоглож дууслаа-
 

Парламент бол Монголын хууль тогтоох төрийн дээд байгууллага.  Дөрвөн жилийн хугацаанд маш олон хууль хэлэлцэн баталдаг төрийн хамгийн том институцийн хувьд тэнд мэргэжлийнхэн голлох ёстой баймаар. Гэтэл сүүлийн хоёр парламентыг харьцуулахад сонгуу­лиас сонгуулийн хооронд УИХ-д  ёс зүйгүй, мэдлэг боловсролгүй, мэргэж­лийн бусчууд голлох болсон гээд хэлчихэд буруудахгүй.

 Өнөөгийн парламентын дийлэнх нь аль нэг компанийн төлөөлөгчид. “Монос”, “Монруд”, “Мон-Уран”,“MCS”, “МАК”,“АПУ”, “Петровис”, “Талх чихэр”,  “Бридж”, “Хурд”, “Их Өргөө” гээд жаг­саавал  саарал ордныхон маань бүгдээрээ ардаа том, бага компанитай.  Энэ хэрээр Монголын парламент хууль тогтоох байгууллага гэхээсээ  компаниудын эрх ашгийг хамгаалдаг, бүлэглэлүүдийн хоолоо булаацалдан дайтдаг гол субъект болж хувирсан нь нэгэнтээ хэнд ч ойлгомжтой болжээ.  

Бүрэн эрхийнхээ  дөрвөн жилийн хуга­цааны гурван жилийг ардаа үдсэн З.Энхболдын танхим өнгөрсөн хугацаанд хангалттай улстөржив. Танга­раг өргөсөн цагаасаа л дээл хувцас, сандал суудлын хэрүүлээр амьсгалсан өнөөгийн парламент улстөрчдийн жүжиг тавьдаг, зодоон хийдэг, бүлэглэлүүдийн наймаа явагддаг газар болсноо нууж хаахаа ч больж.  Өмнө нь ядахнаа ичингүйрч, улайдаг байсан бол өнөөдөр ил тодоор дайтдаг болсон байна. Олонд танигдах, "од" болохын өвчин туссан парламентын шинэковууд юу ч хамаагүй ярьсаар байгаад улс орныхоо бодлогоор тоглож дууслаа. Ийм парламенттай байгаадаа иргэн бид ичиж байна.

Үнэндээ Монголын парламентад Ц.Нямдорж, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал нар шиг үгийг нь өлгөөд сонсчих тулхтай улстөрч дэндүү цөөджээ.  Тийм хүмүүс эрхгүй үгүйлэгдэж байна. Гишүүд хуулиа яаж сайжруулах тухай ярихгүй, хэнийг яаж муу, муухай харагдуулах тухайд ухаанаа уралдуулах болсон нь худлаа биш.   Сэтгүүлчдийн тавьсан асуултад  ихэнх нь “Уншаагүй, судлаагүй” гэсэн үг чулуудчихаад, өрөөнийхөө хаалгыг түгждэг болсноос харахад парламентад орж ирсэн хуулиа судалдаг, мэддэг гишүүн байна уу гэж асууж, сурагламаар байна.   Хуулиа ойлгодогүй, ярьж мэддэггүй мөртлөө мөнгө ярьдаг улстөрчид Монголын парламентын өнгө төрхийг  дэндүү гутааж байна гээд хэлчихвэл  дэгсдүүлсэн болохгүй.

 Улс орны хувь заяатай холбоотой том ордуудын эзэмшил, эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралд чухал хуулиуд хэлэлцэж байхад тоо уншдаг, асуудалд нухацтай ханддаг улстөрч түүгээд, түүгээд олдохгүйд хүрсэн.  Тавантолгойн ажлыг хэсэгт багтсан гишүүдийн дийлэнхийг иргэд шогшрон шоолж байгааг хараад өмнөөс нь халагламаар болж буйг нуугаад яахав.

Парламентад олон өнгө, олон үзэл байх ёстой гэдэг. Гэхдээ тэр нь олон гацаа, олон талцал, олон толгой болж хувирвал эдийн засгаа яаж янаглан хорлодгийг энэ үеийн парламентчид яруу тодоор харуулж байгаа бус уу.  Ямар сайндаа зарим нэгэн гишүүн ярьж, хийрхэж эхлэхээр  өмнөөс нь нүүр улайх бол хэвийн үзэгдэл болчихоод байгаа.

Телевизийн дуран харахаараа ярьж буй сэдвээсээ халиад явчихдаг нөхдүүд, амаа халааж, халааж байгаад асуудлаа сүүлийн хоёр секундэд холбодог гишүүн, цаашлаад “Эрэгтэй хүн хүчирхийлүүлсээр байгаад эмэгтэй хүн лесби болдог, эмэгтэй хүнд  хүчирхийлүүлсээр байгаад эрэг­тэй хүн гомо” болдог гэж ярьж суугаа улстөрчийг Монголын улс төр, эдийн засаг, нийг­мийн амьдралыг шийдэх сайн хууль төрүүлж чадна гэсэн итгэлгүй болж байна. Цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл “хүн хүйснээс төрдөг” гэх  ээжийнхээ худал үгэнд итгэхээ  больчихоод байхад төрийн түшээ нь “хүчиндүүлсэн хүмүүс гомо, лесби” болдог гэж бэлгийн цөөнхийн талаар мэдлэг, мэдээлэлгүйгээ гайхуулж суугаадаа уг нь ичих ёстой юм. Тиймээс галзуу, согтуучуудаар дүүрэн энэ парламентаас ихийг хүлээх хэрэггүй гэдэгтэй иргэд хүртэл санал нэгдэх болсон байна.   Тэр тусмаа эдийн засаг, улс төрд томоохон реформ хийнэ гэдэг нь бүр ч эргэлзээтэй.  

Засгийн газрын бодлого болгонд оролцож, гүйцэтгэх засаглалынхаа  ажлыг өмнүүр нь дайрч орон, түйвээдэг жишиг Монголоос өөр дэлхийд хаана ч байхгүй.

Уг нь УИХ, Засгийн газарт Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон өөр, өөрийн дүрэм бий.  Гэтэл өнөөдөр УИХ нь гүйцэтгэх засгийнхаа бүх л ажилд хошуу хөдөлгөх болсныг хамгийн наад зах нь Оюутолгой,  Тавантолгойгоор жишээлээд ярьж болно.  Хууль тогтоох нь хуулиа баталдаг.  Гүйцэтгэх засаглал нь түү­нийг хэрэгжүүлдэг. Хяналтыг нь шүүх тавьдаг. Энэ бол ардчилал өндөр хөгжсөн орнуудад байдаг тогтолцоо гэдгийг хуульчид хүртэл сануулсаар байгаа. Харамсалтай нь, манайд УИХ нь хөлөөрөө толгой хийсэн ч, толгойгоороо хөл хийсэн ч хариуцлага тооцох механизм байхгүй. Тиймээс ч хэн дуртай гүйцэтгэх засаглалын ажилд оролцоод, хүссэнээр нь байхгүй бол “Хохь чинь шүү” гэж заналхийлээд суудаг болж. 

Парламентад олон өнгө, олон үзэл байх ёстой гэдэг. Гэхдээ тэр нь олон гацаа, олон талцал, олон толгой болж хувирвал эдийн засгаа яаж янаглан хорлодгийг энэ үеийн парламентчид яруу тодоор харуулж байгаа бус уу.  Ямар сайндаа зарим нэгэн гишүүн ярьж, хийрхэж эхлэхээр  өмнөөс нь нүүр улайх бол хэвийн үзэгдэл болжээ.

Ж.Батзандан чуулганы танхимд хууль ярих ёстой болохоос Чингисийн талбайд гарч, санал тоолоод сууж байх хүн уг нь биш юм.  Баталсан хуулийн хүрээнд аливаа асуудал явагдаж байна уу гэдгийг  Монголын парламент ярих ёстой. Түүнээс С.Жавхлангийн хэлж буй шиг Төрийн ордныхон цөмөөрөө дуу дуулдаг, Төрийн дууллаа бүгдээрээ бүтэн мэддэг байх ч албагүй. Л.Эрдэнчимэг бүжиг бүжиглэхгүй, Г.Уянга дуу дуулахгүй  байлаа гээд тэднийг сонгогчид нь зэмлэхгүй.  Учир нь саарал ордон бол драмын театр биш болохоор тэр.

“Хоёр сая хүний саналыг аваад ир гээд тогтоолын төслийг буцаалаа” гэсэн гайхашруулсан, дэлхийд онигоонд ормоор “гоё” шийдвэрээ твиттертээ жиргээд суух, үүнийгээ “УИХ бүхнийг шийдэх эрхтэй” гэж дэндүү ташаа бодох хэрэггүй байх.  Тэгээд ч парламентын засаглал гэж хууль тогтоогчдын засаг­лалыг хэлдэггүй гэдгийг зарим хуульчид хүртэл сануулах болсон байна лээ.

Тавантолгой дээр намын бүлгүүдийн санал өөр, бүлгүүд нь дотроо хуваагдсан, Оюутолгой дээр парламент нэгдсэн байр сууринд хүрээгүй, дээр нь Сонгуулийн тухай хуулиар АН, МАН-ын бодлого өөр байгаа зэргийг тооцвол  улс төр, эдийн засагт реформ хийх хугацаа энэ парламентад үндсэндээ алга. Эх орон ард түмнийхээ язгуур эрх ашгийг хувийн эрх ашигтайгаа андуураад байгаагаа З.Энхболдын ангийнхан олж харахгүй бол эдийн засгийг гацаасан, хямраасан гэж хамгийн муу парламент гэх хочтойгоор түүхэнд үлдэж магадгүй байна.

 Салаавч гаргадаг, шанаа өгдөг явдлыг нь дэлхийн парламентад хаа ч байдаг үзэгдэл гээд эс тооё гэхнээ эдийн засгаа битгий л хорлон сүйтгээрэй.

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж