Би увайгүй тоглогч болохоос өөрийгөө хамгаалж чадна

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Би увайгүй тоглогч болохоос өөрийгөө хамгаалж чадна

-Би золбин улс төрийн увайгүй тоглогч болохоос өөрийгөө хамгаалж чадна-

“Монголын алт” компанийн дэд ерөнхийлөгч, Ардын намын Бага хурлын гишүүн, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Нямтайширын Номтойбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Сүүлийн үед өөрийн тань тухай хэвлэл, мэдээллээр яг л “мини дэлбэлж” байгаа мэт хурдтай бас хатуухан шүүмжлэлтэйгээр өрнөх болж. Тэр бүхэн үнэн бол өөрийг тань “Мөнгө, бас дахин мөнгө. Мөнгөөр бүх­нийг шийднэ” гэдэгт бат ит­гэсэн өв залгамжлагч хэ­мээн дүгнэхэд буруудахгүй болол­той?
-Уучлаарай, би мөнгө биш хүн шүү.

-Тийм ээ. Тийм болоод л би ярилцлага аваад сууж байгаа. Гэхдээ би дээрх ойлголтыг хэвлэлийн мэдээллээс авсан тухайгаа л хэлж байна шүү дээ?
-Үнэндээ зарим хүн на­майг ATM /бэлэн мөнгөний машин/ гэж хардаг байхыг би үгүйсгэхгүй. Кноп дарна. Мөн­гө гардагтай л адилхнаар. Яг үнэндээ бол амархан код нь тайлагдаад мөнгө урс­гадаг амархан машин ч биш л дээ. Хүмүүс тэр тусмаа хэвлэлийнхэн өнгөн талаас мөнгө гэж хардаг ч үнэндээ тэрний ард байгаа нөр их хүч хөдөлмөрийг олж хардаггүй нь харамсалтай санагддаг. Тэ­гээд ч хүмүүсийн төсөөлдөг шиг сул хэвтдэг хэдэн тэрбум төгрөг гэж байдаггүй. Дандаа эдийн засгийн эргэлтэнд буюу бүтээн байгуулалтанд ордог. Үүний цаана маш олон хүн, нөр их хүч хөдөлмөр гаргаж, өвчин зовлон туулж ажиллаж байгааг мэддэггүй. Ингэж их хөдөлмөрлөсөн ч үр шимийг хараахан хүртэж чадаагүй байна. Харин улсад 99.1 тэрбумын татвар өнгөрсөн жил төлсөн үүнийг ард түмэн хүртэж байгаа байх. Үүгээр 100 гаруй сургууль, цэцэрлэгийг, хэдэн зуун киллометр авто зам барьж байгуулах мөнгө шүү дээ. Эцсийн бүлэгт би хөдөлмөрч гэр бүлд өсөж хүмүүжсэн хүн. Хэзээ ч бусад шиг зүгээр сууж, яаж хоногийн хоолоо олж иднэ дээ гээд дэмий санааширч сууж байгаагүй. Би бага байхаасаа тэдний ямар ч зав чөлөөгүй, борив бохис хийхгүй хөдөлмөрлөж байгааг харж ирсэн. Тэгж хөдөлмөрлөснийхөө ч үр шимийг ч хүртэх завгүй хөдөлмөрлөсөөр л байна.  Энэ бүхнийг харахад надад бахархах сэтгэл төрдгөөс гадна тэр бахархалыг үргэлжлүүлэх хариуцлагыг ухамсарладаг.

-Өөрийг тань ATM-тэй зүйрлэгчидтэй тэгээд хэр урт удаан хугацаанд нөхөрлөдөг вэ?

-Харамсалтай нь тийм хүмүүс амжилтанд хүрдэггүй байхаа. Гэхдээ надад хүн чанар, ёс суртахуун, итгэл үнэмшил, чин сэтгэлийг ялгаж, салгаж таних чадвар багаггүй байгаа гэж боддог.

-Тэгэхээр хэвлэл, мэдээлэл  өөрийн чинь тухай бус  харин өөрийг чинь мөнгөний машин болгож хардаг хүмүүсийн бодлыг бичдэг гэсэн үг үү?
-Тэгж хэлж болох л юм. Ямартаа ч танай сэтгүүлчдийн ачаар сайнаасаа илүү саараар л олонд танигдаж байх шиг байна.

-Гэхдээ та онцгой харагдаж байгаа нь нууц биш. Учир нь, Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ирээдүйн улс төрийн зорилгыг тодорхойлж, түүнийхээ төлөө зүтгэж буй залуучуудын дунд нь бус манлайд нь өөрийн тань нэр бичигдэж байгаа. Цаашлаад миний ойлгож байгаагаар Монголын номер нэг үндэсний үйлдвэрлэгчийн өв залгамжлагч гэдгийг тань намын нөхөд чинь ч бас асуудлын гадна үлдээхгүй нь тодорхой шүү дээ?
-Би өөрийн чинь таамаглалыг үгүйсгэхгүй. Гэхдээ бас батлахгүй. Анх би 2004 онд МАХН нэртэй байхад нь залуучуудын холбоонд нь элсэх талаар бодсон. Хэсэг бодсны эцэст “Би ногооноороо байгаа юм байна аа” гэдгээ ойлгож. Улс төрд эрдэм мэдлэг гэхээсээ илүү эрүүл бодолтой эр хүн шиг байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Наад зах нь, хүн хариуцлагаа өндөржүүлэх шинэ сонголт хийх гэж байгаа бол түүнийгээ даахуйц хэмжээнд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэр үед би бэлэн биш байсан. Харин өнөөдөр бол би цаг нь болсон гэж бодож байгаа. Хоёр ч их сургууль төгсөхийн хажуугаар бага сага ажлын туршлага хуримтлуулж байна. Аж ахуйн ажилд суралцаж байна. Бүтээн байгуулалтын ажилд асуудлыг шийдэхэд хамтран оролцож байна. Сургууль соёл төгссөн, тусгай ажил хийсэн нь улс төрийн амьдралийн А үсгээс эхэлж сургаж байна. Бүх туршлага маань улс төрийн намын босгоор алхахад түшиц болж чадна гэдэгт итгэсэн. Нөгөө талаас өвөө нарынхаа залгамжлагч болж, Монгол ард хувьсгалт нам маань Ардын нам болж шинэчлэгдсэн энэ үед нь яагаад би энд байж болохгүй гэж. Өнөөдөр харьцангуй эдийн засгийн, аж ахуйн туршлагатай, нийгмийн МАНАН, ядуурал ажилгүйдэл залхаж, бухимдсан бүтээлч сэтгэлгээтэй залуус энэ намыг сонгож байна. Монгол  хөгжлөөс хоцорч  явааг хараад үнэхээр бухамдаж яваа хүмүүс. Тэгээд улс төрд орох болсон. Тэгж блдсныхоо төлөө сэтгүүлч нарын үзгэний үзүүрээр дээрэлхүүлдэгт гомдож байна. Энэ хэрээрээ эрүүл, цэвэр ажил хэрэгч, эх оронч, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй залуусын нэг нь болох хүсэл хэнд ч гэсэн төрнө биз дээ.

-Энэ дунд харилцан ашигтай байх гэсэн төлөвлөгөө бий юу. Ардын намд Н.Номтойбаяр хэрэгтэй байхад Ардын нам өөрт тань дэмжлэг болох ёстой гэдэг ч юм уу?

-Ашиг гэдгийг мөнгөн утгаар ойлговол энэ тийм биш ээ. Ардын нам бол ард түмэн. Олонхи хувь хүн тийшээгээ орсноор харилцан хамтран ажиллах гэдэг талаасаа хэрэгтэй. Би анх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлд сонгогдохдоо хамт олонтойгоо их сайн ярилцсан. Номтойбаяр гэдэг хүн тэдний нэг мөчир байснаараа холбооныхоо тулгуур байж чадах уу. Нөгөө талаасаа миний тулгуур болж чадах юм уу гэдгийг тодорхой ярьсан. Би өөрийнхөө сул талыг ний нуугүй хэлсэн. Номтойбаяр байсан, байгаагүй Ардын намд хэрэгтэй юу, эс хэрэгтэй юу гэдэг нь асуудал биш. Ардын нам байсаар ч ирсэн байх ч болно. Харин надад нам хэрэгтэй. Хүсэл тэмүүлэл байна. Намайг дэмжих зааварчлах хамтран ажиллах нөхөд хэрэгтэй байна. Улс төрийн намд хүн л хэрэгтэй болохоос бус мал хэрэг болно гэж байхгүй биз дээ. Нэг ч гэсэн хүн “Танай намд элсч, сэтгэл зүрхээрээ ажилламаар байна” гэхэд “Чи хэрэггүй. Бид Батааг элсүүлнэ” гэдэг намын дарга гэж байхгүй байлгүй дээ.

-Өөрийг тань Ардын намын залуусын “хэтэвч” гэж яриад байгаад тодорхой хариулт авмаар байна?
-НАМЗХ нь Монголын залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдэх гарцыг засаг төртэй холбогч гүүр юм. Ийм чиг үүрэгтэй залуучуудын нэгдсэн байгууллага. Бид төсвөөс мөнгө авдаггүй. Өөрсдөө аль болох бололцоогоороо залуусын сайн сайхны төлөө гэсэн ажилд бид тал талаасаа мөнгө босгоно. Бид мөнгө босгохдоо мөнгийг бас шалгаж тодорхойлдог журамтай болсон. Мэдээж сургалт, семинар зохион байгуулах үед нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болвол өгдөг. Гэхдээ ганц би биш шүү. Манайхан бүгдээрээ л тал, талаасаа боломж бололцоогоороо өгдөг.

-Хамгийн сүүлийн мэдээллээс харахад та л Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны аймгийн салбарын дарга нарын зардлыг дааж, Хятадад зугаалуулахын зэрэгцээ тус улсын Коммунист намын залуучуудтай хувийнхаа бизнес төлөвлөгөгөөг ярьсан бололтой юм билээ?

-Хэрвээ хятадууд биднийг уриад бүх зардлыг даая гэсэн бол өртэй хүн өлмий дор гэдэг шиг өрөнд ороё гэж бодоогүй учраас бид өөрсдөөсөө зардлаа гаргасан. Энд  боловсрол, шинжлэх ухаан, техник технологийн салбарт Монголынхоо залуусыг сургах гэсэн үндсэн бодлоготой байсан юм.

-Ирээдүй нь цэцэглэж, улам бүр өргөжих аж үйлдвэрийн салбарт бизнес эрхэлж байгаа хүнд улс төрд орох нь хайран цаг зав биш үү. Ядаж л цагийн менежмент гэж бий шүү дээ?
-Би өөрийгөө бизнесмэн гэхээс илүүтэй нийгмийн ажилтан гэдгээ мэдэрдэг, бусдад үнэлүүлж, дүгнүүлэхийг хүсдэг. Хувь хүн өөрийгөө юу хүсээд байна вэ гэдгээ бодож үздэг биз дээ. Тэгж үзэхэд энэ хариулт гарсан. Мэдээж “МАК”-даа ажиллаад явахад надад асуудал алга. Гэтэл би өөрөө арай өөр зүйл хүсээд байгаагаа мэддэг. Миний хувьд МАК-ийн философийг улс орны хөгжлийн төлөөх философи гэж тодорхойлдог. Намын философи ч мөн адил улс орны үндэсний хэмжээний гэдгээрээ адил, “МАК” бол аж үйлдвэрийн аргаар баялаг бүтээгч, үр тариагаар бол ургуулдаг нь. Нэг ёсны Ардын нам болон “МАК” нь үндэсний хэмжээний ард түмнээ гэсэн адилхан философитой. Хувь хүн миний хувьд МАК  бол улс орныхоо эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө татвар төлдөг, мөнгө олох менежментийг хийдэг. Нам бол төр засагтайгаа холбоотой. Тухайн татвараас бүрдсэн мөнгийг нийгэм эдийн засгийн төлөө зарцуулалтын менежментийг хийдэг нэгэн цикль. Магадгүй нийгмийн асуудлыг би бас улс төр судлаачийнхаа үүднээс хардаг байх.

-Тэгвэл хувь улстөрч судлаачийнхаа хувьд Монголын улстөрийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Хувь хүний эмоци талаасаа шууд бухимддаг, шулуухан хэлвэл өнөөдрийн Монголын улс төр бол нэг талаасаа цагаан захтны гэмт хэргийн уур амьсгалтай эрүүл бус согогтой улс төр. Мөн улс төрд онолын баахан изм байдаг. Тэр бүхэн Монголд нэг их чухал биш  санагддаг

-Яагаад. Өнөөдөр Монголын улс төрд изм-ын төлөөх “тулаан” л идэвхжиж байгаа юм биш үү?
-Тэр олон изм хэрэггүй ээ. Харин яг юу хэрэгтэй гэхээр Монгол Улсын гадаад болон дотоодод бид байгаа нөхцөл боломжоо зөв тодорхойлж, түүн дээрээ тулгуурласан хөгжлийн зөв бодлогыг л хэрэгжүүлэх нь чухал. Түүнээс бус изм дагаад ямар ч хэрэггүй. Баруунтан, зүүнтэн гэж хуваагдаад бүр ч хэрэггүй. Монголын хөрсөнд эвлэж буухгүй гадны изм гэхээсээ илүү бидэнд хөгжлийн давуу тал, сул тал, боломж, аюулыг тодорхойлсон үндэслэсэн хөгжлийн цогц бодлого хэрэгтэй байна. Хөгжлийн цогц бодлого богино хугацааны эрчимтэй, төлөвлөгөөтэй ажил чухал байна. Төсөв бүрдүүлж байгаа татварын, мөнгийг нийгэм эдийн засгийн хөгжилд зөв зарцуулах нь чухал болохоос бус изм чухал биш.

-Гэхдээ ардчиллыг комминузм болгож хувиргах санаачилгыг хоёр гараа өргөж дэмжихгүй биз дээ?
-Тэр бол мэдээж үгүй. Би ардчиллын буянаар олон тодорхой ололт амжилт байгаа. Гэхдээ Монголын ардчилал гацчихсан байдалтай байна. Яагаад гэвэл сонгодог ардчиллын суурь болох ард түмний оюуны болон эдийн засгийн хөгжил сул байна.  Амьдарч байгаа гэдэгтээ итгэдэг. Ардчиллаас ухрах ёсгүй гэдэг зарчмыг ч баримталдаг. Тэгэхээр дээр дурдсан богино хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд өндөр са­хилга бат, хариуцлагатай байж /хариуцлага тооцох систем/, оновчтой төлөвлөгөөний дагуу, бүсээ чангалж байж үзэх хэрэгтэй. Энэ утгаараа хуучны коммунизмын арга барил үгүйлэгдэж байдаг. Ингэж сонгодог ардчиллын мөн чанараа, жинхэнэ ардчиллын мөн чанараа үзэх хэрэгтэй. Гэсэн ч бид нар өнөөдөр улс орныхоо тусгаар тогтнолын тухай бодох хэрэгтэй болчихсон байна. Тусгаар тогтнолын үндэс суурь нь бүрэн бүтэн, халдашгүй дархан хил, хязгаар байхын зэрэгцээ ард түмний оюуны болон эдийн засгийн чадамж байдаг. Энэ хоёр үзүүлэлт сайн байвал бид сонгодог ардчиллыг бүтээж чадна. Гэтэл хүн амын дийлэнх нь ядуу байна. Манай улсын 2.7 сая иргэний 1.6 сая нь 15-аас дээш насныхан байгаа. Тэдний 40 хувь нь эдийн засгийн идэвхигүй /орологгүй/ амьдарч байна. Нийт хүн амын 70 гаруй хувь нь залуус. Тэгсэн хэрнээ тэдний дийлэнх нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжчихсэн.  Энэ бүх үзүүлэлт нь өөрөө үндэсний аюулгүй байдлыг хангагдахгүй байна, бидний хүсэн хүлээж буй сонгодог ардчиллын мөн байхгүй байна гэж үзэж байна.  Ул  суурьтайгаар бодож үзэхийг шаардаж байгаа. Үүнийг улстөрчид олж хараад, шийдвэрлэх арга замыг нь тодорхойлж, үр дүнд хүрэхийн төлөө зүтгэх ёстой болохоос бус изм ярьж, маргалдах хэрэггүй байхгүй юу. Изм ярьсан, өнгөрсөн 20 жилийн хугацаанд иргэдээ оюуны чадамжтай, эдийн засгийн чадавхитай болгосон нь хаа байгаа юм бэ. Хэрэв улстөрчид сонгодог улс төрийн зарчмыг баримталсан бол нөхцөл байдал ийм дор орохгүй байх байсан болов уу.

-Өөрийн тань ярианд сонгодог улс төр гэдэг шинэ томъёолол гараад ирлээ. Янз нь соёлтой, ёс суртахуунтай улс төрийг хэлж байгаа бололтой. Тийм үү?
-Би УИХ-ын 2004, 2008, Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаанд хөдөө орон нутагт ажиглагчаар явж үзсэн. Ний нуугүй хэлэхэд Ардчилсан намынхад ч явсан. Хуучнаар МАХН-д ч явсан. Тэгэхэд нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд өрсөлдөж байж баахан дуучдаар нүүр хийхийг чухалчилж байсан. Хэдийгээр макро эдийн засгийн түвшинд улс орноо өөд нь татах зүйл ярьдаг ч ард түмэн төдийлөн ойлгодоггүй. Ярьж байгаа хүн нь ч өөрөө ойлгодоггүй, жижиг макро түвшний зүйл ярьж явсаар бэлэн мөнгө амлах байдал үүссэн. Дээр нь, улс орноо өөд нь татах, хөгжүүлэх бодлого ярихгүй. Шууд л айлд ороод хурдны морь яриад явчихна. Морь ярьж өөрийгөө сурталчилсан УИХ-ын гишүүн чуулганы танхимд юу ярих юм бэ. Уучлаарай, сонгодог улс төр гэдэг чинь энэ биш байхгүй юу. Би үнэхээр гайхаж байсан. Муухайгаар хэлэхэд тэр бүхнийг гудамжны, гудамжны гудамжныдаа золбин нохойн улс төр гэж хэлж болно.

-Тэгэхээр “Цаг нь болсон” гээд шийдвэрээ гаргасан Н.Номтойбаярын хувьд золбин нохойн улс төр хийхгүй гэдэгт итгэж болох уу?
-Би золбин нохойн улс төр хийхгүй. Өөрт чинь болон уншигчдад батлаад хэлчихье.  Надад өвөг эцэг, эцэг эхээсээ өвлөж авсан амьдрах ухаан, сургууль соёлоос хүлээж авсан мэдлэг боловсрол потенциал байгаа. Дадлага туршлага, нэр төр бий. Өөрийгөө бусдын жишгээр золбин улс төрийн увайгүй тоглогч болохоос хамгаалах чадвар надад бий. Тэгээд ч би зөвхөн энэ талаар ярьж байгаа юм биш. Өөрчлөлтийг хүсч байгаа залуус миний эргэн тойронд олон байна. Энэ бол золбин нохойн улс төр хийхгүй байх шалтгаан. Манай НАМЗХ дотор ийм бодолтой цөөнгүй залуус бий. Бид нар бусдын гаргасан ичгэвтэртэй жимийг дагаж, өөрсдийгөө эцсийн дүнд шившигтэй байдалд хүргэхгүй гэдэгтэй санал нэгдэж байгаа.

-Энэ зарчимдаа өөрийг тань үнэнч байж чадвал хэзээ нэгэн цагт талархал илэрхийлэх боломж олдоно гэдэгт найдаж байна?
-Бусдаас авах талархал гэхээсээ илүү үхэхийнхээ өмнө хийсэн ажил, туулсан амьдралаараа бахархах нь чухал байна. Би өөрийнхөө төлөө төдийгүй бусдын төлөө энэ итгэл үнэмшлээ хамгаалж үлдэж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

-Та дээр өөрчлөлтийг хүсч байгаа залуу олон бий гэж хэлсэн. Үүнд олны “Олигархийн олигархи хүүхдүүд” гэж тодорхойлоод байгаа хэсэг залуус хамрагдах уу?
-Энэ асуултад хариулахаас өмнө олигархи гэдэг энэ ойлголтын талаар өөрийнхөө бодлыг хэлмээр байна.

-Та олигархи биш гэж үү?
-Миний ойлгож байгаагаар олигархи гэдэгт төрийн албан тушаалаа урвуулж, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг л хамруулах ёстой. Гэтэл манайхан бараг л цай уух зуураа Монголын хамгийн хөдөлмөрч хүмүүсийг олигархи болгож, тэдний хүүхдийг олигархийн хүүхэд болгон гоочилж байна.  Би дээр аав, ээжийнхээ хөдөлмөрч зан чанараар, хийсэн бүтээснээр бахархдаг гэдгээ хэлсэн. Ийм гэр бүлд өссөнөөрөө, ийм аав, ээжийн хүүхэд болж төрснөөрөө нийгэмд чичлүүлж, ад үзэгдээд байгаадаа би гайхдаг. Тэгвэл тэгж ад үзэж, чичлээд байгаа хүний аав ээж нь тийм хөдөлмөрч байхгүй яасан юм бэ. Тэдний аав, ээж нь хөдөлмөрч байгаагүйн төлөө бид буруутай биш шүү дээ. Эцсийн бүлэгтээ тэр дайралтынх нь цаана нийгмээс тусгаарлах, нийгмийн дайсан мэтээр ойлгуулах зорилго нуугдаад байдаг. Ний нуугүй хэлэхэд үүнд сэтгүүлчдийн үүрэг ч асар их бий. Хэвлэл дээр сүүлийн үед байнга л О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Н.Учрал, Н.Номтойбаяр гэсэг хэдэн нэр гардаг болсон байна лээ. Магадгүй бид хувийн жаргалаа хөөгөөд, амар амгалан амьдрая гээд гадагшаа гарч амьдарч болох байсан байх. Гэтэл бид тэгээгүй. Тийм доожоогүй амьдрахыг хүсээгүй л байхгүй юу.Харин ч эндээ Монголынхоо шороотой хутгалдаад, атаархагчдад чичлүүлээд, аав, ээжийнхээ эхлүүлсэн сайн сайхан бүхнийг үргэлжлүүлээд үр дүнг нь өргөжүүлээд, хамт хөдөлмөрлөөд, улс орныхоо сайн сайхны төлөө зүтгэхийг л хүсч байгаа залуус. Энэ хүсэлд ямар буруу зүйл байгааг, яагаад бусдад чичлүүлэх ёстой болчихоод байгаагаа би хувьдаа олж харахгүй байна. Би болон манай эцэг эх би томоохон албан тушаал хашиж байгаагүй учраас олигархи биш. Цаашид улс төрийн томоохон албан тушаалд очлоо гэж бодоход олигархи болохгүй. Надад сайн эцэг эхийн буянаар эдийн засгийн хувьд хэний ч хамааралд орохгүй багагүй санхүүгийн боломж байхгүй. Би яах гэж өндөр мэдлэг боловсол эзэмшсэн, миний эцэг эх сайн хүн, улс эх орондоо хэрэгтэй хүн болоосой гэсэн үүднээс мэдлэг боловсрол эзэмшсэн. Энэ бол яах аргагүй үнэн би танай уншигчдад таалагдах гэж эх оронч болоогүй.

-Өөрийн тань хариултаас үүдээд дээр нэр дурдагдсан залуус ч бас өөрчлөлтийг хүсч байгаа гэж ойлгож болох уу?
-Тиймээ бид энэ талаар ярьдаг, үнэхээр санал нэгддэг. Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгчөөр ахлуулсан манай холбоо болон Ардчилсан намын залуус ч адилхан бодол санаатай байгаа. Энэ нь залуучуудыг нэгтгэж байгаа. Үүний өөрчлөлт гэдэгтэй холбоод хэлэхэд залуусын хүрээ биднээр хязгаарлагдахгүй. Энэ хэдэн нэрний цаана олон мянган залуу бий. Бид бүгдээрээ өөрчлөлтийг хүсч байгаа. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны гишүүнчлэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бид бүгдээрээ гэнэт нэг өглөө босоод “Би чинь намд элсэх ёстой юм байна. Намд элсэнэ ээ” гэж шийдээгүй байхгүй юу. Тэгээд ч бид нар ард түмний нэг хэсэг биз дээ. Яах вэ, зүгээр бусад хүмүүстэй харьцуулахад бид нарт өнөөдөр “Орой очиход хөргөгч хоосон. Яана аа” гэж бодох шаналал байхгүй нь үнэн. Хувцасгүй болж байна, машиндаа яаж бензин хийнэ ээ, шоудах гэхэд мөнгөгүй гэх мэт толгойн өвчин алга. Ажиллахад сайхан ажлаа хийгээд л явах зам байгаагаараа л ялгаатай байх.

-Ард түмний нэг хэсэг нь үнэн. Гэхдээ ард түмэн доторхи цөөнх гэж олон нийт харж байгаа?

-Олон нийт гэдэг энэ хэн нь мэдэгдэхгүй тодорхой бус нэр томъёог бидний эсрэг ашиглахаа болих хэрэгтэй л дээ. Олон нийт тэгж байна. Ард түмэн ингэж байна гэдэг яриаг яг үнэндээ ард олон бус харин цөөнх л гаргаад байгаа нь ил тод болчихсон зүйл. Эрх мэдлийг өөртөө хадгалахыг хүссэн, эрх мэдэлд ямар ч аргаар хамаагүй хүрэх хүсэлтэй тэр цөөнх л ард түмний нэрийг бариад байгаа. Ийм тодорхой зүйлийг бидний  эсрэг ашиглах ямар хэрэг байна аа. Үндэсний үйлдвэрлэгчид улсын төсвийн 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа нь үнэн. Эзэд нь нийгмийн цөөнх гэдэг нь ч тодорхой. Манай “МАК” гэхэд улсын төсвийн дөрвөн хувийг өнгөрсөн онд бүрдүүлсэн. Энд тэгээд муу юм юу байгаа юм бэ. Магадгүй улстөрчид нь үндэсний үйлдвэрлэгчдийн улсад оруулсан татварыг зөв ашиглаж чадахгүй байгаа нь зарим нэгэн хүний бидэн рүү чичлэх шалтгаан болдог байж магадгүй л юм. Манай МАК улсын төсвийн хичнээн сургууль, цэцэрлэг байгуулах татвар төлснөөрөө  цөөн хэдэн атаархалдаа хөтлөгдсөн ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсийн бухимдах шалтгаан болдог байж магадгүй.

-Энэ бол бодит асуудал гэдэг нь үнэн. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгчид яагаад төрд “Бидний төлсөн татварыг зөв зохистой, улс орны сайн сайхны төлөө ашиглаач ээ” гэдэг шаардлагыг хүргүүлж чадахгүй байгаа юм бэ. Та нар асуудлыг бодитоор гаргаад, албан ёсны тулгалт хийвэл улстөрчид “Эд мөнгө өгөхгүй бол бид ажилгүй болно” гэж айгаад зөв зохицуулалтын тухай бодож эхлэх юм биш үү. Энэ асуулт арга мухардсан хүний эрэлхийлэл ч байж болох л юм?

-Ярилцдаг. Гэхдээ дэмий хоосон ярьж, хуралдаж холбоо эвсэл байгуулахаас илүүтэй гүйцэтгэгчид учраас зохион байгуулалттайгаар уулзаж, ярилцаад байж амждаггүй харин санал солилцдог. Бид чинь цаг наргүй ажилладаг хүмүүс.  Зүгээр ганц нэгээрээ таарахаараа бол хэлнэ, ярина. Бид ажлаад хөдөлмөрлөөд татвар төлөөд байдаг. Гэтэл улс төрийн уур амьсгалаар шоудаж гарч ирсэн улстөрчид үнэгүй тараах төсөв батладагт үнэхээр шүүмжлэлтэй ханддаг. Нөгөө талаараа бухимддаг  шалтгаан нь бидний олсон мөнгийг тэд үр дүнгүй захиран зарцуулдаг нь өөрөө өөрсдийгөө хорлоод байгаа хэрэг. Америкийн уугуул индианчууд байна. Тэднийг цагаан арьстанууд мөнгө өгсөөр байгаад устгасан. Тэд хүн сул мөнгө өгөөд байхаар нь архинд ороод л, казино тоглосоор байгаад л байхгүй болсон. Одоо үлдсэн хэд нь энд тэндхийн арга хэмжээ, шоунд амьд үзүүлбэр болж хувирсан байна. Монголчууд бид нар өөрөө өөрсдийгөө тэдэнд шиг болгож болохгүй байхгүй юу. Улстөрчид ингэж бүрдсэн мөнгийг дэмждэггүй, хөдөлмөрлөж олсон мөнгийг өөрийн юм шиг хувийн эрх ашгийн үүднээс захиран зарцуулдаг нь миний улс төрд орж байгаа шалтгаан. Би улс орнуудаар явж байхдаа нэг зүйлд их гайхдаг байсан. Тэнд өглөөний зургаан цагаас эхлээд л эрүүл мэндийн хөдөлгөөн өрнөж байдаг. Хятад, Солонгосчууд шоргоолж шиг ажилладаг. Харин зургаан цагт Монголд архидалтын хөдөлгөөн дөнгөж өндөрлөж байдаг. Бодит байдал ийм байхад төр засаг мөнгө өгөөд байдаг. Мөнгө тараангуут архины борлуулалт огцом хэд дахин өсч байдаг. Тийм болохоор би монголчуудыгаа шоргоолж шиг ажилладаг болоосой гэж тэр үед боддог байсан. Өнөөдөр ч гэсэн тэгж л хүсдэг.

-Тэгвэл “МАК” компанийн ажилтнууд завгүй ажиллаж, тоног төхөөрөмж нь зогсолтгүй ажиллаа гэхэд танай ашиглалтын лицензийг нь эзэмшдэг орд газрын нөөц нэг л өдөр дуусна. Гэтэл манай төр ч тэр, танай компани ч тэр хөгжлийнхөө тулгуур цэгийг уул уурхайгаар тодорхойлчихсон байгаа. Энэ тохиолдолд таньд хамаг байдгаа баялаггүй болгоод юу ч үгүй үлдэх Монгол Улсын тухай төсөөлдөг үү. Нэг ёсны нийгмийн бодит эмзэглэлийг хүлээн зөвшөөрдөг үү гэсэн үг л дээ?

-Аливаа эрдэс, металл, газрын элементүүд бол мөнхийн бизнес биш аливаа уул уурхайн бүтээгдэхүүн бол мөнхийн баялаг биш, нөөц дуусах, уул техникийн өртөг зардал нэмэгдэх, шинжлэх ухаан техник технологи хүчгүйдэх зэрэг сөрөг талуудтай мөнгөн хуримтлал үүсгэх алтан үе уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт ихсэхтэй зэрэгцээд гэнэт гарч ирдэг. Надад ч гэсэн тэр эмзэглэл бий. Яагаад гэхээр уул уурхайн салбар бол мөнхийн баялаг биш. Мөнхийн бизнес ч биш. Адаглаад бүтээгдэхүүн нь үнэгүйдэх, хомсдох, олборлолтын өртөг зардал нэмэгдэх, шинжлэх ухааны ололтын өмнө хүчгүйдэх гээд олон сөрөг талтай. Харин яг өнөөгийн нөхцөлд таатай нөхцөл бүрдэж байна. Хятадад нүүрс, зэсийн хэрэгцээ асар их нэмэгдэж байна. Тэр хэрээр монголчуудын өмнө алтан боломж бий болж байгаа. Бид энэ үед цаг алдалгүй уул уурхайгаас эх үүсвэртэй мөнгөн хуримтлалын боломжийг бид нар ашиглаж бусад салбаруудыг тэр тусмаа хүнс хөдөө аж ахуйн салбарыг  хөгжүүлж дотоод доо хангаад зогсохгүй гадаадад гаргах бүрэн боломж байгаа. Энэ тохиолдолд миний харж байгаагаар бол хөдөө аж ахуйн салбараа асар хурдан хөгжүүлэх хэрэгтэй. Тэр цагт юу яасан уул уурхай. Хөдөө аж ахуйн салбар маань манай улсыг дэлхийд таниулах, сурталчлах гол брэнд болох боломжтой.

-Уул уурхайн салбарын үндэсний үйлдвэрлэгч нь өөрөө ийм том эмзэглэлтэй байгаа юм бол асуудлыг яаж шийдэх талаар гарц олохыг хичээж байгаа нь тодорхой. Тэр шинэ брэндийг хөгжүүлэхэд төр гол үүргийг нь гүйцэтгэх үү. Эсвэл үйлдвэрлэгчид үү?
-Шинэ брэндийг хөгжүүлэхэд аль аль нь чухал үүрэгтэй. МАК-ийн хувьд уул уурхайгаас гадна барилгын материал үйлдвэрлэнэ, аялал жуулчлалын салбар руу орж байгаа. Мөн хөдөө аж ахуйн салбар байна. МАК саяхан цементийн үйлдвэр барьж байгуулах 135 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Саяхны нэг сонинд УИХ-ын залуу гишүүн уул уурхайн команиуд өөр салбар руу хүч түрж ороод байгааг шүүмжилсэн байсан. Энэ бол гарц биш. Монголчууд бид өөрөө өөрийгөө боймлож байгаа хэрэг. Төр биднээс авсан татвараа нийгэм эдийн засгийн бүхий л салбарыг хөгжүүлэх, төсвийн зарцуулалтыг хийх ёстой. Эцсийн бүлэгт үйлдвэрлэгчид үйлдвэрлэл явуулж, улсад татвараа төлж, улсын төсвийг бүрдүүлж байгаагийнхаа төлөө буруутан болчихоод байгаад төр буруутай. Төр биднээс авсан татвараа зөв зохистой төлж, иргэдийнхээ сайн сайхны төлөө, улс орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө бодит хөрөнгө оруулалт хийсэн бол бид буруутан болохгүй байсан. Гэтэл бид үйлдвэрлэлийнхээ зардлыг гаргаж, үйлдвэр барьж, татвараа төлж, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэж байна. Дэлхийн дэвшилтэд технологийг Монголд нутагшуулж байна. Энэ бүхнийг төр бодитоор үнэлэхгүй байгаа учраас иргэд яаж үнэнийг мэдэж чадах юм бэ. Магадгүй энэ асуултад би бус харин төр засгийнхан илүү оновчтой хариултыг өгнө байх. Өнгөрсөн онд зөвхөн манай компани гэхэд улсад 99.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Тэр мөнгийг зөв зохистой зарцуулсан бол иргэд “МАК”-руу дайрахгүй л байсан. Гэтэл зүгээр л иргэдэд, сонгогчдод таалагдахын тулд золбин улс төрийн төлбөр болгоод л үр дүнгүй үрж байгаа байхгүй юу.

-Танай компани татварын хөнгөлөлт эдэлдэг үү?
-Ямар ч хөнгөлөлт байхгүй. Харин элдэв татвараас гадна хураамж, шимтгэл гэх мэт дарамтан дор ажиллаж явдаг шүү дээ. Гадаадын компаниуд хөнгөлөлт эдэлж, гадны компаниуд баялаг бүтээдэггүй гадагшаа аваад явдаг. Манайхан буюу үндэсний компаниуд баялгийг авч явдаггүй ч муулуулан, чичлүүлэн байж ажилладаг. Харин эсрэгээрээ Монголын үндэсний компаниуд төр засгаасаа дэмжлэг авбал гадны оронд Австрали, Перуд хөрөнгө оруулалт хийж баялаг, ашиг хуримтлуулаад ирэх боломж байгаа. Ер нь манайхан гадных гэхээр л “Лаг” гээд өвдөг нь сулраад гүйчихдэг. Манай компани гэхэд л уул уурхайгаас ашиг олдог нь үнэн. Гэхдээ тэр ашгаараа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газар тариалангийн чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна.

-Дээр та үндэсний аюулгүй байдлын талаар “Төр бодлогоо зөв тодорхойлох ёстой” гэдэг санааг хэлж байсан. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид яалт ч үгүй үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад үүрэг гүйцэтгэх ёстой. Харин яаж гэдгийг “МАК”-ын дэд ерөнхийлөгчийн хувьд тодорхойлж үзсэн үү?
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь 13 чиглэл бүхий баримт бичиг байдаг. Түүний нэг нь эдийн засгийн аюулгүй байдал. МАК бол эдийн засгийн аюулгүй байдал нь төрийн төсөв тогтвортой бөгөөд өсөлттэй байдаг. Хоёрт аливаа улс хил байхгүй дотоодоосоо бүхий л хэрэгцээгээ тодорхой хугацаанд хангаж байх хэрэгтэй. МАК бол эдийн засгийн чиг үүрэгт түлхүү ажилладаг. Бидний үүрэг бол улсад татвараа өсөлттэй төлөх, бид нар бас нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс үндэснийхээ өмнө аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэж байна. 13-н чиглэлийн маш чухал нэг нь хүнсний аюулгүй байдал. Аливаа улс үндэстэн хүнсний бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг импортоор авч байгаа тохиолдолд хүнсний аюулгүй байдалд хангагдаагүй гэж үздэг.  Гэтэл манай хүнсний нийт бүтээгдэхүүний импорт 70 хувь гарчихсан явж байна. Монголдоо тарих боломжтой бүхнээ Хятадаас авдаг. Энд уул уурхайн бүтээгдэхүүн гэхээс илүүтэй хүнсний бүтээгдэхүүнээрээ дэлхийд брэнд бий болгох боломж манайд бий. Үүнийг ашигламаар байна. Дэлхийд ойрын хугацаанд органик хүнсний хангамж хамгийн том эмзэг асуудал нь болж хувирна. Бид үүнийг угтуулаад дотооддоо хэрэгцээгээ хангаж, гадаадад экспортод гаргах бүрэн боломж байна. Тэгвэл бидэнд улсынхаа төсөвт орлогог олох боломжтой.

-Уг нь үндэсний гэдэг тодотголтой холбогдуулаад асуухад танай компани олон улсын хөрөнгийн биржүүдийн өмнө хаалгаа хаадаг. Гэтэл бусад компаниудын хувьд хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулалт босгож байна. Зах зээлийн нийгэмд хаалгаа хаах бус харин нээж байж амжилтад хүрэх юм биш үү?
-Бид бодлогынхоо хүрээнд МАК-ийн эзэмшлийн төслүүд дээр хувьцаа гаргаад байх шаардлагагүй гэж үздэг. Яагаад гэвэл манайх эдийн засгийн үр ашигтай төслүүд юм. Түүнчлэн санхүүгийн эрсдэл багатай учраас санхүүгийн эрсдлээ бусадтай хуваалцах шаардлагагүй. Нөгөө талаасаа хувьцаа гаргаснаар хувьцааг гадныхан л авна тухайн хувьцаанд ноогдох ноогдол ашиг гадагшаа гарна. Гуравт үндэсний гэсэн хэв маягаа алдахаас гадна компанийн засаглалын хувьд тогтворгүй болж  ирнэ. Тэгээд ч эдийн засгийн үр ашигтай техник эдийн засгийн үндэслэлтэй томоохон төслүүдэд гадныхан таатай, хөнгөлттэй нөхцлөөр зээл олгоод ирсэн. Дэлхийд IPO гаргаж байгаа нь буурч байгаа. Гадаадад явж байхад “МАК” яагаад хувьцаа гаргадаггүй юм бэ. Хэзээ гаргах вэ” гэдэг асуултыг байнга тавьдаг. Бид “Хувьцаа гаргахгүй” л гэж хэлдэг. Энэ хариултад өөр ямар ч хувилбар байхгүй. Эцсийн бүлэгт хувьцаа гаргалаа гэхэд тэр нь хятадуудын гарт л очино. Тэгэхээр тухайн компанийн эдийн засгийн чадавх шууд нэг улсын хараат байдалд орно. Сүүлдээ зөвхөн “МАК”-ын асуудал бус улс орны эдийн засгийн тусгаар тогтнолд аюул учруулж мэднэ. Энэ утгаараа бид үндэсний компаниа үндэсний компаниар нь авч үлдэх ёстой гэсэн зарчим баримталдаг. Анх хөрөнгө, мөнгөний дутагдалтай үед бид Европын сэргээн босголтын банкнаас зээл хүсч байсан. Тэд бидний өмнөөс “Зээл өгье. Гагцхүү “МАК”-ийг хувьцаат компани болго. Тэр тохиолдолд бид 25-30 хувийг чинь худалдаж авая. Манай өгсөн зээлийн баталгаа болог. Та нар зээлээ төлж дууссаныхаа дараа тэр хувиа худалдаж авч болно” гэдэг зүйл ярьсан. Манайх болзлыг зуун хувь эсэргүүцсэн. Хоёр жил ярилцсаны эцэст тэд манай болзлыг зөвшөөрч, 45 сая ам.долларын зээл олгосон. Одоо тэр зээлийг төлөөд дуусч байна. Хувь эзэмшүүлээд зээл авах, цэвэр зээлээ аваад таван жилийн дотор төлөөд дуусах хоёрын хооронд асар их ялгаа байгаа биз дээ. Аавынхаа “МАК” компанийн суурийг тавихаасаа эхлээд баримталж ирсэн тэр зарчмаас би ч тэр, манай дүү ч тэр хэзээ ч ухрахгүй.

-Гол нь санхүүгийн асуудлаа яаж шийддэг юм бэ. Танайх маш олон аж үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа. Хэдийгээр “МАК” үндэсний хэмжээний хамгийн том групп ч гэсэн санхүүжилт нь зорьж байгаа зорилтоос тань хязгаарлагдах магадлал өндөр шүү дээ?

-Урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөх гэдгээр явж байгаа нь үнэн. Гэсэн ч энэ нь хувьцаагаа дэлхийгээр нэг тараах тухай асуудал биш. Хамгийн гол нь тухайн төсөл нь өөрийгөө тэжээх, санхүүжүүлэх чадвартай байх ёстой. Бид энэ зарчмыг баримталдаг. Мөн Нарийн сухайтаас олж байгаа орлогоосоо татвараа төлөөд үлдсэн сул мөнгөний урсгалаараа бизнесийн бусад төслөө санхүүжүүлээд явж байна.

-Өөрсдийнхөө ирээдүйн баталгаа гэдэг үүднээс хадгаламжаа бол хоосон үлдээхгүй биз дээ?

-Хүмүүс биднийг тоо томшгүй их мөнгө хадгалсан гэж ойлгодог юм шиг байна лээ. Яг үнэндээ манай гэрийнхний хадгаламжийн хэмжээг сонсвол хүмүүс гайхна байх. Бараг хадгаламжгүй гэж хэлж болно. Гол нь бидэнд “МАК”-ийн ирээдүй хамгийн чухал. Тэр бүхнийг баяжихийн төлөө хийдэггүй л байхгүй юу. Яагаад энэ бүх бүтээн байгуулалт, асар их хөрөнгө мөнгө зарцуулагддаг аж үйлдвэрийн салбар, бүтээн байгуулалтыг сонгож хийгээд байна гэхээр Монголд л хэрэгтэй байхгүй юу. Тэгээд ч гадны улс оронд явж байхад хор шар их хөдөлдөг. Ялангуяа хятадад явж байхад тэр бүтээн байгуулалтынх нь хурд үнэхээр мундаг. Тэдний энд хүрдэггүй юм гэхэд бид хоцрохгүйг хичээгээд ажиллах хэрэгтэй. Бид энэ ам бүлд нэр хүндтэйгээр оршин тогтнохыг хүсч байгаа нь муу зүйл биш биз дээ. Хадгаламжаа арвижуулахын төлөө хөдөлмөрлөдөггүй юм.

-“Хувьцаа гаргахгүй” гэсэн хариултаас тань үүдээд асуухад Хятадын хөрөнгө оруулалттай “Чинхуа МАК Нарийн сухайт” гэдэг компанийг байгуулахад үндсэн зарчмын тухай бодоогүй хэрэг үү. Аль эсвэл тодорхой шаардлага байсан юм уу?
-“Чинхуа МАК Нарийн сухайт” гэж энэ хамтарсан компани “МАК”-аас тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ “МАК” дийлэнх хувийг нь эзэмшдэг нь үнэн. Яагаад энэ компанийг хамтарч байгуулсан гэхээр тухайн үед байгалийн баялаг байгаа хэрнээ дэд бүтэц байсангүй. Газрын хөрсөнд баялаг байлаа гэхэд дэд бүтэцгүй бол ямар ч ашиггүй байдаг. Тэр үед “Чинхуа МАК Нарийн сухайт” компанийг байгуулснаар бид Хятадын талаар өөрийнх нь газар нутаг дээр 490 км төмөр зам бариулсан. Манай компанид битгий хэл улсад ч тийм хэмжээний төмөр зам угтуулан барих мөнгө байгаагүй. Бид өнөөдөр Монголын нүүрсийг Хятадын хэрэглэгчдэд таниулж, Монголын нүүрс үнэд хүрэх боломжийг нээсэн. Тэр үед “Энэ ордын тавин хувь нь танай өмч шүү” гэдгийг баталгаажуулаагүй бол өнөөдрийн Нарийн сухайтыг ашиглалтад оруулж, Монголын нүүрсийг дэлхийд таниулах боломжгүй байсан. Зах зээлд бүтээгдэхүүнээ таниулна гэдэг их хүнд зүйл. Нарийн сухайтын тогтоогдсон нүүрсний нөөц нь 220 орчим сая тонн. Үүний 10 хувьтай нийцхүйц нөөцтэй компани дээр хамтарсан компанийг байгуулсан. Дийлэнх нь “МАК”-д байгаа гэсэн үг. Тэр нүүрсний ордын нөөц дуусахад компани автоматаар татан буугдана. Харин манайх 56 км авто зам, 3.80-ын эрчим хүчтэй үлдэнэ.  Ашиг нь энэ л байхгүй юу.

-Танай компани хоёр ч стратегийн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. Энэ утгаараа яалт ч үгүй Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлага гарна. Оюутолгой, Тавантолгойн араас залгаад энэ чиглэлийн ажил эхлэнэ байх. Танайх Ашигт малтмалын тухай хуулийн ерөнхий гол заалтыг хүлээн зөвшөөрч байгаа юу? Ер нь яг өнөөдрийн мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна  гэдгийг оновчгүй гэж үзэж байна гэж ойлгож болох уу?

-Ашигт малтмалын стратегийн орд гэдэгтэй бол огт санал нийлэхгүй байгаа. Цагаан захт­нуудын оролцоог нэмэгдүүлэх гэсэн арга Эрдэнэтийн жишээ байна. Чадамжгүй хань хамаатан ажилд авдаг, эрэг боолт шахдаг. Нөгөө талаараа тоо хэмжээгээрээ мөн төр чухам яаж оролцох вэ гэдэг нь чухал. 34 хувийнхаа ноогдох хичнээн хувьд нь хөрөнгө оруулалт яаж хийх тодорхой нь бус. Татвараас чөлөөлөх үү, хөнгөлөлт үзүүлэх үү. Үүнийг ярих хэрэгтэй. Бид ямар ч болзол байсан үр ашигтай талаас нь судалж үзнэ. Яг өнөөдрийн тухайд үр ашиггүй гараад байгаа. Хэрэв эдийн засгийн үр ашиг гарахгүй юм бол бид тэр ордыг ашиглаж, хэрэгжүүлж яах юм бэ. Гол нь төр өөрсдийн оролцоогоо хэрхэн тодорхойлохоос л их зүйл шалтгаална.

-Танайх Хөрөнгө оруулалтын гэрээнээс урьтаад Цагаан суваргын зэс, молбидений орд дээр зэс боловсруулах үйлдвэр байгуулах төлөвлөгөө гаргасан байсан?

-МАК бол үндэсний инженер техникийн ажилчдын хүчээр Монголдоо анхны үндэсний үйлдвэрийг бий болгох хүсэл эрмэлзэлтэй. Үүнийхээ дагуу ажиллаж байна. “Эрдэнэт” үйлд­вэрийн гуравны хоёртой нь тэнцэх хэмжээний үйлдвэр байгуулна. Нөөц нь 18-19 жил ашиглах хэмжээтэй учраас ийм хэмжээний үйлдвэр байгуулахад хангалттай. Манай зүгээс өөрсдийн барих үйлдвэрээ барина. Мэдээж Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн явцад асуудал илүү тодорхой болно байх. Ямар ч байсан “МАК” компани ганц үйлдвэр барихаар ирээдүйнхээ төлөвлөгөөг хязгаарлаагүй гэдгийг энд хэлье. Бид эхний ээлжинд шохойн үйлдвэр барина. Жилдээ 75 мянган тоннын хүчин чадалтай хагас коксын үйлдвэрийг ашиглалтад авахад бэлэн болчихоод сууж байна.  Ирэх өвөл гэхэд манайх хагас коксжсон утаагүй түлшийг Улаанбаатар хотод нийлүүлнэ.  Үйлдвэрийн хүчин чадал цаашид 150 мянган тонн болж өснө. Өмнөд Солонгосын “LG” группын охин компаниар сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр бариулахаар өнгөрсөн долоо хоногт шавь тавьсан. Төлөвлөгөө ёсоор 2013 онд үйлдвэрийн эхний хэсэг нь ашиглалтад орно. Өнөөдрийн манай улсын цементийн хэрэгцээ 800-900 мянган тонн байгаа. Бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй уялдаад цаашид өсөх нь тодорхой. Иймд дотооддоо цемент нийлүүлэхийн зэрэгцээ Орост, тэр дундаа Сибирийн бүс нутаг руу экспортлоно. “Hyatt” зочид буудлын сүлжээг Монголд оруулж ирэх бүх болзлыг хангаад ажиллаж байна. Энэ жилээс барилгын ажлыг нь эхэлнэ. Нийтдээ 44 давхар барилга байх ёстой. Монгол Улс хөгжихийн хэрээр аялал жуулчлалын салбарт дэлхийн стандартыг нутагшуулах нь чухал. Хийж байгаа ажлаа энэ мэтээр тооцоод хэлбэл хангалттай урт жагсаалт гарна. Эцсийн бүлэгт энэ бүхнийг үндэсний үйлдвэрлэгч үндэснийхээ төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө хийж байгаа гэдгийг жаахан ч гэсэн ойлгох гээд хичээгээд үзэх хэрэгтэй санагддаг.

-Ярилцлагын асуултыг бэлтгэж байхдаа танай компанийн танилцуулгаас хүрэн нүүрснээс шатахуун гаргаж авах тухай зорилгын тань талаар уншсан. Шатахууны хувьд зуун хувь хараат байдаг Монгол Улсын хувьд энэ зорилт нь ойрын хугацаанд биелчихээсэй гэдэг хүсэл төрснөө нуух хэрэггүй байх?
-Би 2005 онд компанидаа төслийн ажилтнаар ажиллаж байхдаа энэ талаар судалж эхэлсэн. Нүүрс боловсруулахад ердийн болон гүн гэсэн хоёр хэсэг хуваадаг.  Ердийн гэдэг нь байгалийн нүүрсийг хуурай болон хөвүүлэх технологи, хатаах, брикетлэн баяжлуулах юм. Монголын үндэсний компанид энэ технологи бүрдэж эхлэж байна. Гүн боловсруулах технологийн тухайд энэ аргаар маш олон химийн бүтээгдэхүүн 500 гаруй бүтээгдэхүүн гаргаж авдаг. Үүний нэг нь хүрэн нүүрсэнд гүн боловсруулалт хийж метанол буюу монголчууд бидний хэлж заншсанаар актан өндөржүүлэх шатахуун гаргаж авах технологи. МАК Адуунчулууны нүүрсийг шингэрүүлээд, тэндээсээ метанол болгоод тэндээсээ Аи92 бензин, германы Фишер тропшены дизель түлш гаргаж авах бололцоо дэлхийд техникийн болон хүн хүч талаасаа бий болсон. Монголд түлшний хомсдол үүсэж гадны хараат байна, бид нүүрсийг боловсруулаад дотоодоосоо 100 хувь бүрэн хангах боломжууд байна. Гэхдээ хүндрэлтэй асуудлууд байна. Юуны түрүүнд нарийн мэргэжлийн боловсон хүчин, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, төрөөс дэмжих бодлогын асуудал тулгарч байна. Манайд хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар судалж үзэхэд ч яг өнөө маргаашдаа эхлүүлэх боломж хараахан байхгүй юм билээ. Эхний асуудал нь боловсон хүчин байна. Хоёрт нь дэд бүтцийн асуудал. Гуравт хөрөнгө оруулалтын асуудал. Наад зах нь 200 гаруй мянган тонн метаноль гаргаж авах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээ тэрбум гаруй ам.доллар байх жишээтэй. Дээр нь төрийн бодлого гэж бий. Бид энэ бүхнийг хийхийн төлөө зөвхөн өөрсдөө зүтгээд дийлэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирнэ. Тэднийг оруулж ирэхэд найдвартай төрийн бодлого хэрэгтэй. Төр тогтвортой байгаад бодлогоор дэмжихгүй бол бид ойрын арван жилдээ бол чадахгүй. Тийм болохоор энэ зорилгыг одоохондоо ирээдүй цагт үлдээхээр шийдсэн. Гэхдээ энэ нь хийхгүй гэсэн үг биш шүү. Хийнэ. Хийхийн тулд тохиромжтой цаг хугацааг нь хүлээнэ л гэсэн үг.

-Дээр дурьдсан бүх бүтэн байгуулалтад хэчнээн монгол ажилтан оролцож байгаа вэ?
-Одоогоор 700 гаруй ажилтан ажилладаг. Төлөвлөсөн үйлдвэр, төслүүд ашиглалтад ороод ирэхээр ойрын хугацаанд 3000 гаруй ажилтантай болох төлөвтэй байгаа. Манайх ажилчдын нийгмийн асуудлыг бусдаас  онцгой анхаардаг.  МАК-д ажиллая гэдэг хүн маш олон байдаг. Хүнээ хайрлахгүйгээр ашиг олно гэж байхгүй гэдэг зарчмыг мөрддөг.

-Мөн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнуудын дунд танайх сонгон шалгаруулалт явуулж, төлбөрийг нь даах тухай зарлал хэвлэлд гаргасан байсан. Энэ сонгон шалгаруулалт жинхэнэ утгаараа шударга явагдаж чаддаг уу?
-Хамгийн түрүүнд манайх энэ хардлагаас болгоомжилсон. Наад зах нь  шүүгчиддээ хөндлөнгийн эрх ашигт үйлчлэх бий гэдгийг анхаардаг. Би өнөөдөр боловсон хүчнээ захиалаад, санхүүжүүлэх гэж байгаа хүний хувьд миний зүгээс лобби орно гэж байхгүй. Надад чадалтай, чадвартай, сэтгэлтэй, зүтгэлтэй боловсон хүчин л хэрэгтэй. Манайх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хяналтын зөвлөл, эцэг эхийн хараа хяналтан дор шалгаруулдаг. Анхнаасаа ганц удаагийн ажил биш цаашид ямагт хэрэгжүүлэх учраас маш их анхаарал тавьдаг. Анх Дорноговь аймгаас найман хүүхэд шалгаруулж, Орос руу явуулсан. Өнөөдөр бүгд манайд ажиллаж байна. Хоёр нь сургуулиа улаан дипломтой төгссөн. Одоо тэр наймаас нэг нь Германд сурч байгаа. Нэг нь удахгүй Герман руу сурах гээд явах гэж байна. Энэ жил гэхэд  матемитик, орос хэлний олимпиад зохион байгуулж, шалгарсан дөрвөн хүүхдийг нь Оросын Санктпетербургийн Уул уурхайн их сургуульд дөрвөн жил зардлыг нь дааж сургахаар болсон. Зөвхөн Орос ч бус Хятад, Герман, Америк, Японд боловсон хүчнээ бэлтгэж байна.  Анх 1993 онд “Монголын алт” компани байгуулагдаж, тэр үеэс хойш одоо л хөл дээрээ босч, урагшаа алхах хүчтэй болж байна. Тэр алхаа маань дандаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэрийн том, том үйлдвэр байгуулах зорилго дээр тулгуурлаж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрийг авч явах мотор нь боловсон хүчин. Бид гаднаас асар өндөр өртөгтэй, асар өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж оруулж ирж байна. Гэтэлтэр  техник, технологи дээр ажиллах боловсон хүчин байхгүй бол бид зүгээр л сул зогсолт зарлах хэрэгтэй болно. Иймд боловсон хүчний зөв сонголт манай компанийн номер нэг асуудал гэж хэлж болно.

-Уучлаарай нууц биш бол гадны ажилтнуудаа хэдэн төгрөгөөр цалинжуулдаг вэ?
-Цагаан суваргын ордын гүйцэтгэх захирлаар 150 мянган ам.долларын цалинтай австрали хүн ажиллуулж байгаа.

-Энэ тухай уншсан олон хүн “Хөөх, нэг гадаад эрийг тийм өндөр цалинтай ажиллуулж байхаар 100 залууг 1500 ам.доллараар, бүр болдоггүй юм бол 300 хүнийг ажиллуулахад яана” гээд л шүүмжлээд эхэлж мэдэх юм
?
-Өнөөдөр Монголд чанаргүй боловсон хүчин маш өндөр байдаг. Цагаан суврагын төсөл дээр эрчим хүчний шугам дээр манайхан алдаа гаргасан тэрнийг манай хүн олж хараад хоёр сая ам.доллар хэмнэсэн Тэр хүн үүнийхээ төлөө сард 150 мянган ам.долларын цалин авах эрхтэй л байхгүй юу. Тэгэхэд манайхан түүний оронд ажиллаа гэхэд тэр алдааг олж харж чадахгүй. Мэдээж хүмүүс уншаад “Энэ 150 мянган ам.доллараар хэчнээн монгол хүн ажиллуулах байсан  бол” гэж харамсч магадгүй. Гэтэл тэр хүнийг ийм хэмжээний цалингаар ажиллуулсныхаа төлөө бид ирээдүйд учирч болох эрсдлээсээ хамгаалж чадаж байгаад л гол учир нь байгаа юм.

-Тэгэхээр нэг австрали захирлын ажлын чадвартай 300 монгол хүнийг үүнийг дүйцүүлж болохгүй гэсэн үг үү?

-Манайхан үнэхээр болоогүй байна. Үнэхээр болоогүй байна. Гэхдээ байнга гадаадаас ажилтан авна гэсэн үг биш. Бид хүнээ сургана, дадлагажуулна. Мэдээж тодорхой хугацааны дараа Монголын маань боловсон хүчнүүд бэлтгэгдээд ирэхээр гадаадын ажилтнуудаа цөөлнө. Гэхдээ дахиад хэлэхэд монгол ажилтнууддаа сэтгэл хангалуун болсон цагтаа тэднийг явуулж болно. Одоо бол арай болоогүй байна.

-Тэр үед чадварлаг монгол залууг 150 мянган ам.долларын цалинтайгаар ажиллуулна гэдэгт итгэж болох уу?

-Болно. Гэхдээ өнөөдөр биш. Ирээдүйд шүү. Наад зах нь, Монголд асар олон хуульч, эдийн засагч бэлтгэж байна. Гэтэл өнөөдөр манайх ганц сул хуульчийн орон тоон дээр хүн авах гээд олж чадахгүй байна. Бидэнд гэрээ, эрх зүйн талаасаа мэргэшсэн, туршлагатай, ажилдаа хариуцлагатай хүн хэрэгтэй байна. Гэтэл шаардлагад нийцэх хүн алга. Тэгсэн хэрнээ асар өндөр цалин нэхдэг. Түүнийг нь бид “Өгье” гэдэг. Гэтэл сар ажиллаад шантраад, шаардлагад тэнцэхгүй халагдах нь халагдаад, сайн дураараа явах нь явж байна. Зөвхөн Монголд ч бус гадаадад суралцаж, өчнөөн туршлага хуримтлуулсан хүн ирж ажилласан ч  хагас жил болоод “За гаръя даа” гээд гарч байсан тохиолдол бий. Манайхан ажил хийж сураагүй байх шиг байна. Бид үндэсний шилдэг үйлдвэрлэгчийнхээ хувьд дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл нийлж алхах үүрэгтэй гэж үздэг. Өмнөө хүлээсэн үүрэг хариуцлагыг маань бүрэн боловсроогүй ажилтнууд орж ирж нураагаад байвал ямар хүн таатай хандах юм бэ. Асуудал үүнд л байгаа юм. Бод л доо, Монголд сайн гагнуурчин алга, жишээлбэл Оюутолгой төсөлд Гаднаас өндөр чадвартай гагнуурчин авчирч ажиллуулж байна.

Тийм хүн тэгээд Монголд хаа байна. Байхгүй л байгаа байхгүй юу. Манай компани ойрын хугацаанд Германы хөдөлмөрийн биржтэй холбогдож, тэндээс тодорхой чиглэлээр ажилтан, ажилчин авахаар яриа хэлэлцээр хийгээд эхэлчихсэн. Би өөрөө ч гэсэн герман туслахтай болдог юмуу гэж бодоод байгаа?
/зөвхөн ажил мэргэжлээсээ гадна хувь хүний нийгмийн харилцаанд орж чаддагүйгээсээ асуудал гардаг/

-Монголд бас л туслах хийчих хүн олдохгүй байна гэж үү?
-Туслахын хувьд байхгүй дээ ч бас биш ээ. Тэднээс сурах зүйл их байна. Би өөрөө төгс боловсорсон хүн биш шүү дээ. Энэ утгаараа бусдаас суралцах хэрэгцээ шаардлага байна. Яагаад би “МАК”-ын дэд ерөнхийлөгч байлаа гээд туслахаасаа суралцаж болохгүй гэж. Энд ямар ч асуудал харагдахгүй байгаа биз дээ.

-Тэгээд герман туслахын цалин, хангамжийг судалж үзсэн үү?

-Судалсан. Тэндээ магистрын зэрэг хамгаалсан, тодорхой ажлын туршлагатай туслахын цалингийн дундаж жишиг 3000 евро байдаг юм байна лээ. Тэр хүнийг Монголд авчрахаар мэдээж нэмэгдэл зардал гарна. Гэсэн ч тэднээс сурснаа Монголд ашиглах үр дүнг гарах зардалтай нь харьцуулашгүй өндөр гэдэгт итгэлтэй байна.

-“МАК” үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин техникээ  Германаас авч байгаа. Энэ талаар Германы Элчин сайдын яамныхан “Монгол, Германы хооронд хийдэг нийт худалдааг 1-2 дахин нугалахуйц хэмжээний худалдааг “Монголын алт” компани хийдэг” гэж мэдээлж байсан?
-Германыг сонгох шалтгаан нь ерөөсөө л чанар. Нэг жишээ хэлэхэд 1896 онд Хятадын Өвөрмонголын нутагт шатдаг занарыг нэрж, тос гаргаж авах үйлдвэрийг германчууд байгуулсан байдаг. Тэр үйлдвэр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Энэ бол Германы шинжлэх ухаан, техник технологи, инженерийн бүтээлийг сонгох шалтгаан. Зөвхөн энэ ч биш дэлхий нийт Германы шинжлэх ухааны тэргүүлэх чадварыг хүлээн зөвшөөрч байна. Манайх Монголын анхны үндэсний үйлдвэрлэгчдийн нэг. Бид дэлхийд бүтээгдэхүүнээ гаргадаг. Ирээдүйгээ ч асар холоор харж байгаа гэдгээ хэлсэн. Иймд аль болох эдийн засгийн алдагдал багатай, найдвартай, он удаан жил ажиллах, хөдөлмөр хамгаалал, байгаль орчинд ээлтэй талаас нь барууны технологийг дагадаг. Тэр бүхнийг хэрэглэхийг чухалчилдаг. Хүмүүс худалдаж авахад үнэтэй. Хятадаас авах нь хямд гэж хэлдэг. Гэтэл яг адилхан хүчин чадалтай тоног төхөөрөмжийг хооронд нь жишээд, харьцуулаад үзэхэд ашиглалтын хугацаа, ашиглалтын зардал хэмнэлт, баталгаа талдаа Германых зардлаа нөхөж чаддаг, хамаагүй найдвартай байдаг. Яагаад заавал дотоодын компани гэхээр л хямд төсөр тоног төхөөрөмж хэрэглэх ёстой гэж. Бид урагшаа алхах ёстой болохоос хойшоо ухрах ёсгүй. Энэ нь эргээд өөрөө өөрсдийгөө л хуурсан хэрэг болно. Герман техник технологийг ингэж л тайлбарлах юм байна.

-Германд магистр  хам­гаа­лахаар өөрийн тань суралцаж бай­гаа магистрын сэдэв их сонирхолтой санагдсан. Ком­панийн тань бизнестэй холбоотой гэдэг утгаараа ч илүү сонирхол татсан байж болох юм?

-Хаа хүрээд зогсох вэ гэдгээ мэддэг байх нь зөвхөн бизнесмэн бус бүх хүний хувьд яалт ч үгүй өөрөөсөө асуух ёстой асуулт юм болов уу гэж би боддог. Тийм ч учраас би энэ “Дэлхийн 2020 он хүртэлх зэсийн чиг хандлага, үнийн өсөлт ” гэсэн ерөнхий сэдвийн дор эрэлт, нийлүүлэлт, хэрэглээг хөрөнгө оруулагчийн байр сууринаас судалж байна. Мөн дотор нь “Монгол ирээдүйд 2020 онд дэлхийн зэсийн зах зээлд үзүүлэх нөлөө” гэсэн дэд сэдвээр тодорхой судалгаа оруулж өгсөн. Ингэж судлахаар зөвхөн зэсийн тухай судлахад хангалтгүй юм билээ. Хууль эрх зүй, төр засгийн найдвартай байдал, геополиток гээд олон талаас нь харах хэрэгтэй болсон. Удахгүй миний ажилд үнэлэлт өгөх ёстой 11 профессор магистрын  ажилтай маань танилцаад, цагаа тохироод намайг дуудна. Тэр үед тэдний үнэлэлт, дүгнэлтээс үүдээд энэ талаар дэлгэрэнгүй хариулт өгөх боломжтой болно байх.

-Сурлагын амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Ямар ч байсан ангийнхаа 15 орны 21 оюутны дунд чансаагаараа тавд явж байна лээ. Батлагдаад ирэхээр бас нэг байр ч гэсэн урагшлах болов уу гэж бодоод их баяртай байгаа.

-Боловсон хүчний талаар асууж байхдаа нэг асуулт тавихаа мартсан байна. Дорнод аймагт Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн бичсэн “Титэм үг” номыг уншуулах уралдаан зарласан тухай сонссон?

-Ном уншуулахын төлөө уралдаан зарлана гэж юу байх вэ дээ. Би Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайг Монголын улстөрчдөөс хамгийн буурьтай, ноён нуруутай, мэдлэг боловсрол өндөртэй хүн гэж боддог. “Титэм үг” ном ч олон мянган залууст ухаарал, зөв бодол, тууштай тэмцэх урам зоригийг өгч чадна гэж бодсон. Иймд энэ номыг уншаад төрсөн сэтгэгдлээрээ илтгэл тавих уралдааныг Дорнод аймгийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан. Уралдаан маань дөрвөн үе шаттай. Дорнод аймгаас эхлээд цаашдаа нар зөв тойруулаад болж өгвөл  олон аймгийн залуусыг хамруулах зорилго бий.

-Санхүүжилтийн хувьд нууц­лахгүй биз дээ?
-Дорнод аймгийн 14 ЕБС-ийн арваннэгдүгээр ангийн 1968 сурагч зуун хувь хамрагдаж байгаа. Ойролцоогоор 90 гаруй сая төгрөгийн өртөгтэй, 33 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарласан. Сүүлчийн шалгаруулалтад 33 хүүхдийг үлдээгээд 300 мянгаас 1.5 сая төгрөгийн тэтгэлэгт шагнал олгоно. Эхний гурван байр болон хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдийг тусгайлан шалгаруулна. Мөн шилдэг багш шалгаруулж, нийтдээ таван хүнийг Хонконгийн Диснейлэнд явуулна. Гэхдээ боловсролын салбарт хийж байгаа ажил ганцхан энэ биш шүү. “Эрдмийн түлхүүр, хөгжлийн тулгуур” гэсэн хөтөлбөр боловсруулж, ахлах ангийн сурагчдыг хамруулахад бэлэн болсон. “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” гэдэг сэдвийн хүрээнд Германаас туршлага судалж, тэндэхийн боловсролын салбарынхныг оролцуулж, шинжлэх ухааны үндэстэй хөтөлбөр боловсруулж байгаа.

-Илтгэлийн уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийнхний машины дугуйг хагалаад, цонхыг нь чулуугаар цохисон гэх мэдээлэл гарсан байсан. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын захын хашаанд шүү гэж ирээд л аймгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхэн нэлээн шуугиж буй бололтой юм билээ?

-Ц.Шинэбаяр гишүүний эзэмшдэг захын хашаанд тийм юм болсон нь үнэн. Гэхдээ  Шинэбаяр гишүүний нэр хүндэд сөргөөр хандах шаардлаггүй болов уу. Хууль, цагдаагийнхан  учрыг нь олох байх. Энэ бол улс төр болон Ардын намтай ямар ч хамаагүй, цэвэр Дорнод аймгийн боловсролын салбарт ирээдүй болсон хүүхдүүдийг дэмжсэн л арга хэмжээ. Тийм болохоор машинд учруулсан гэмтлийг ч улстөржүүлэх хэрэггүй болов уу гэж бодож байна.

-Нэгэнт Дорнодтой холбоотой сэдэв хөндсөн учраас яагаад тийшээ онцгой анхаарал хандуулаад байгаа юм бэ гэдэгт хариулт өгөхгүй юу. Нэг бол аймгийн намын дарга нарын ажлыг булааж хийгээд дургүйг нь хүргээд байдаг. Эс бол учир зүггүй өвлийн өвгөн шиг загнаад байгаа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахгүй болсон байна билээ?
-НАМЗХ-ны Удирдах зөвлөлөөс Дорнод аймгийн залуучуудын холбоог хариуцаж ажилладаг хувьд залуучуудын хөгжлийн төлөө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Түүнээс аймгийн даргын ажлыг булааж авч хийгээд байгаа юм биш. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг зарчмаар ажилладаг болохоос өвлийн өвгөн шиг мөнгө төгрөг тараагаад байгаа зүйл байхгүй.  Дорнодод манай компани том бүтээн байгуулалт хийх гэж байгаа. Орчин үеийн техник, технологи бүхий цахилгаан станц барих гээд ажиллаж байна. Түрүүний асуусан хүрэн нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрийг Дорнодод босгоно. Тэнд ийм том бүтээн байгуулалт төлөвлөчихөөд өөрөө очихгүй байж болохгүй биз дээ.

-Танай компани Ц.Шинэбаяр гишүүний Адуунчулууны нүүрсний уурхайг “булаачихсан” юм биш үү. Тэр нь Ц.Шинэбаяр гишүүний бухимдах шалтгаан болоод байгаа гэж дуулсан юм байна?

-Тийм юм байхгүй. Ийм яриа сүүлийн үед гарах болсон нь үнэн. Энэ талаар ёстой хариуцлагатай бөгөөд баттай хариулахад Ц.Шинэбаяр гишүүнээс булаасан зүйл нэг ч байхгүй гэдгийг хэлье. Тэнд бид  цахилгаан станц барьж, хүрэн нүүрсийг гүн боловсруулах бензин түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулж, үндэсний хэмжээний аж үйлдвэрийн парк босгох зорилгоор ажиллаж байгаа. Германы инженерингийн компаниудаар судалгаа хийлгэж байгаа.

-Уурхайн хувьд тийм байлаа гэхэд аймгийн Ардын намтай хэтэрхий их зузаан харилцаа үүсгээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Тэнд би компанийнхаа нийгмийн хариуцлага ба хөгжлийн хүрээнд ажиллаж байгаа. Улс төрийн өнгө аястай чулуу хөдөлгөөгүй байгаа.

-Магадгүй хийх ажил тань МАН-д хийж буй ажлын тань дэмжлэг болоод байж болох юм шүү дээ. Нам дагаж бизнесээ баталгаажуулах гэсэн хардлагаас асуултаа ангид үлдээх хэрэггүй болов уу. Наад зах нь УИХ-ын гишүүн болох мөрөөдлөө Дорнодоос биелүүлнэ ч гэдэг юм уу?
-Тийм юм байхгүй ээ. Сэтгүүлчид хийж буй ажлыг минь дэвэргэж бичсээр байгаад л “Дорнодоос УИХ-д энэ нөхөр нэр дэвшинэ” гэж ойлгуулчихаад байх шиг байна. Түүнээс бус тэгж тогтсон зүйл байхгүй. Надад улс төрийн зорилго бий, өөрөөс чинь нуугаагүй. Улс төрийн хүрээний идэвхтэй амьдралаа би хамгийн багаар бодоход 25 жилээр харж байна.

-Зорилгынхоо гараанаас хөдөл­чихсөн гэдэг бол тодорхой. Тийм үү?
-Тийм. Гэхдээ зөвхөн УИХ-ын 2012 оны сонгуулиар асуудлыг харсан, ойрын зайн бодол надад байхгүй. Улс төрд илүү удаан хугацаанд тогтвортой, идэвхитэй явж, хүний нүдэнд үзэгдэж, гарт баригдах ажлыг хийж хийсэн бүтээснээрээ ард түмний итгэлийг авч, хариуцлага хүлээхийг хүсч байна.  Гагцхүү асуудал юунд байна гэхээр хувь хүнд маань ийм хүсэл байлаа гэхэд шууд ногоон гэрлээр урагшаа явахгүй байхгүй юу. Намын хамт олон, ард түмэн үүнийг шийднэ. Ямар ч байсан урт удаан хугацаанд, тогтвортой, сонгодог улс төрийг ард түмэн хийхийг хүсвэл миний хувьд “яагаад үгүй гэж” биз дээ. Ний нуугүй хэлэхэд манай өвөө улс төрийн томоохон зүтгэлтэн байсан. Ямар ч байсан би энэ дунд зүгээр нэг хүний тоо бөгөлж суухыг хүсэхгүй байна.

-Тийм бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарласан “Б.Нямтайшир Ардын на­мын байранд тэрбум төгрөг хандивласан” хүү Номтойбаяр нь миний эсрэг цуглаан зохион байгуулсан, санхүүжүүлсэн гэх мэдээлэл үнэн эсэхэд та бодит хариултыг нь нуухгүй өгнө биз дээ?

-Энд нуугаад байх зүйл огтхон ч байхгүй. Намайг Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны жагсаалыг тухайн үед санхүүжүүлж, оролцсон хүн бүрт нь 10 мянган төгрөг өгсөн гэж бичиж байсан.Тэр нь нийлээд 80 сая төгрөг болох юм гэсэн. Уучлаарай, би тэр жагсаалд нэг ч төгрөг өгөөгүй. Соёлын төв өргөөний хурлын заалыг түрээслэх шаардлага байснаас өөр зүйл байхгүй. Харин манай компани Ардын намын Тусгаар тогтнолын ордонд тэрбум төгрөг хандивласан нь үнэн.

-Уншигчид ч энэ хариултыг уншаад шуугих нь гарцаагүй. “Ардын намыг худалдаад авчихсан байна шүү дээ” гээд л?
-Тэрбум төгрөгөөр худалдагддаг нам гэж юу байх вэ дээ. Нам бол ард түмний үзэл бодол, эв нэгдэл, оюун санааны өмч болохоос биш мөнгөн үнэ цэнээр үнэлэгдэхгүй. Манай компани улсад өнгөрсөн онд гэхэд 99.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн гэдгийг би дээр хэлсэн. Бид татвараа зуун хувь төлөөд, үйлдвэрийн төслүүдээ санхүүжүүлээд, Тусгаар тогтнолын ордонд хандивласан тэрбум төгрөг бол татварын дараах чөлөөт мөнгөн урсгалаас гарсан мөнгө. Тэгээд сая хэллээ манай өвөг дээдэс монгол ардын намтай салшгүй холбоотой. Хэдийгээр улс төрийн хилс хэргээр удаа дараа хэлмэгдэж байсан ч хэзээ ч намдаа гомдож байгаагүй. Монголын тусгаар тогтнол монгол ардын намтай шууд холбоотой. Тйимээс эх орныхоо тусгаар тогтнолыг өнгөрсөн цагт олж байсан одоо цагт ч бэхжүүлж ирээдүйд цаашдаа бататгах энэ ариун үйлсийг гүйцэтгэх зорилго бүхий  намын маань гал голомтын асуудал чухал.

-Миний хувьд бол Ардын намд тэрбум төгрөг өгч байхаар хүүхдийн эмнэлэг барьчихгүй дээ л гэж халагламаар юм?
-Сая хэллээ шүү дээ. Улсад манайх бүхэл бүтэн 99.1 тэрбум төгрөгийн татвар төлчихөөд байна. Эннээсээ л төр тэр мөнгийг үр ашигтай зарцуулж, хүүхдийн эмнэлгээ барих ёстой шүү дээ. Гэхдээ бид татвараасаа тэр асуудлаа зохицуул гээд орхичдог юм биш. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хүүхдийн цэцэрлэг, өмнөговь аймгийн гурвантэс суманд 320 хүүхдийн сургуулийг төрийн өмнөөс хөрөнгө оруулалтыг дангаараа шийдэн барьж байна. Харин манай компанийн хувьд сул мөнгөний урсгалаасаа энэ хандивыг өгсөн гэдгийг дахиад хэлчихье. Ингэж хэлснээрээ бид нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй гэсэн үг биш. “Монголын алт” компанийн санхүүжүүлсэн нийгмийн тустай олон хөтөлбөр өнөөдөр үр дүнгээ өгөөд явж байгаа.

-Тэрбум төгрөгийн хандив атгаад орж ирсэн залууг Ардын намынхан тусгайлан “бөөцийлэх” юм уу. Тэгээд?
-Тийм юм байхгүй ээ. Мөнгө гэхээсээ илүү мэдлэг боловсролоороо үнэлүүлэхийг хүсдэг, тэр үүднээсээ ч гэсэн би сонгодог улс төрийг эрхэмлэдэг. Энэ зорилгынхоо төлөө бүгдтэй нь нэг гараанаас л алхаж яваа. Манай намын удирдлагуудаас залуучуудаа эрхлүүлээд бөөцийлөөд байдаг юм байхгүй. Энд манай өгсөн тэрбум төгрөг ямар ч хамаагүй зүйл.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бол өөр л зүйл яриад байсан даа. Ардын намд нэг тэрбумыг өгөөд л цаанаа өчнөөн тэрбумын татвараас чөлөөлүүлж, төрийн хайр ивээлийг харамгүй хүртэх зорилготой компани гэх утгатай байсан санагдаж байна?
-Мэднэ. Тэр хүний хувьд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхдаа Монголын үндэсний баялаг бүтээгчдийг дэмждэггүй, харин ч орон нутгаар айлчилж явахдаа манай уурхайгаар орсон хувийн хэвшлийн цай унд уухгүй гээд гараад явж байсан. Бид чинь монгол үндэсний инженер, техникийн ажилчид Ерөнхийлөгчийн ийм авир гаргахад гомдож байсан. Тэгээд ч манай компанид гэхэд удаа дараа шалгалт оруулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар гээд төрийн шалгадаг, хянадаг, торгодог бүх байгууллагыг манай руу оруулсан. Бид хууль дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан тул яадагч үгүй байдаг.  Тэр хүнийг эрүүл бодолтой, эр хүн шиг Энхбаяр гэдэг хүн байгаасай гэж хүсч байна. Хэрэв эс тэгвээс Монголын залуучууд, хойш үе өөрийх нь үр хүүхэд эргээд дурсах гэрэлт хөшөө босгохгүй, хойч үе овог нэрээ солих болж магад.

-Танай аавыг ямар зорилгоор дарамталж байсан юм бэ?
-Тэрийг Н.Энхбаяр гэдэг хүнээс өөрөөс нь асуу.

-Ярилцлага чамгүй удаан үргэлжиллээ. Энэ ярилцлагыг уншсан олон хүн өөрийн тань талаар тодорхой нэгэн ойлголттой үлдэх нь мэдээж. Нэг хэсэг нь шүүмжлэхэд нөгөө хэсэг нь эерэг үнэлэмжтэй болж үлдэхийг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч өөрийн тань нийгэмд, олон нийтийн дунд тарсан ерөнхий имиж бол “Танхай, балмад, шоучин” гэсэн нэг дүгнэлтэн дунд эргэлдээд байх шиг санагддаг. Магадгүй ингэж асуух хэрэггүй байсан байж болно. Гэхдээ миний хувьд ярилцлагыг уран сайхны халил, худлаа гоёчлол, бялдуучлалд хөтлүүлэх хэрэггүй гэсэн зарчим баримталдаг учраас сүүлчийн сэдвээ үүгээр сонгоход буруудахгүй гэж бодож байна?
-Зодоон цохионы хэрэг төвөгт орооцолдоод л асуудал үүсгэж байсан уу гэвэл үүсгэж байсан. Нэг биш удаа үүсгэсэн. Үүнийг би нуухгүй. Хувь хүнийхээ хувьд өөрийгөө ямартай ч хүнд дээрэлхүүлж доромжлуулаад хүлцэнгүй суугаад байхгүй.

-Өөрөө одоо залуусын ангиллаас буугаагүй байгаа биз дээ?

-Тийм л дээ. Ямар ч байсан надад тийм үе байсныг би үгүйсгэхгүй. Өнөөдрийн тухайд би хувь хүнийхээ хувьд ёс суртахууны зарчимтай байхыг бусад хүмүүсээс шаарддаг. Бизнесийн хувьд, хамтрагчдын хувьд шударга, зарчимтай, түс тас, хэлсэндээ байхыг би өөрөө чухалчилдаг. Тэгж чадахгүй бол би шууд хэлчихдэг. Түүнийгээ нуугаад, хаагаад байх юм бол байхгүй. Зарим үед гар, хөлөө ч хөдөлгөсөн үе байгаа л байх. Амьдралд алдаа, оноо аль аль нь л байдаг биз дээ. Би бусдын адил тэр замыг л туулж байгаа. Энд бусдаас ялгараад, онцгойроод байх юм алга. Харин өөрийгөө танхай гэдэгтэй бол санал нийлэхгүй шүү.

Г.ОТГОНЖАРГАЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж