Шоронд хоригдоод хоёр сар болж байгаа Хятадын зураач Аи Вэйвэйг суллахыг шаардсан мессеж бүхий бүтээлүүдийг дэлгэсэн үзэсгэлэнг хааж, зохион байгуулагчдыг нь баривчиллаа. Бээжингийн Орчин үеийн урлаг, дизайны төвд гарсан уг үзэсгэлэнгийн гол санаачлагч хоёр зурагчныг байцаасан байна. Гэвч тэдний нэг нь одоо хэр нь гэртээ эргэж ирээгүй байгаа бөгөөд ямар нэг сураггүй гэнэ. Түүний гар утас салгаатай байгаа юм байна.
Үзэсгэлэнгийн танхим нээлттэй ч бүтээлүүдийг хэдийнэ буулгажээ. Дээрх үзэсгэлэн 1989 онд Тянь Ан Миний талбайд болсон гунигт явдлын 22 жилийн ойн өдөр нээгдсэн юм байж. Өнгөрсөн сард Аи Вэйвэйг дэмжигчдийн цуглаанд оролцогсдыг мөн баривчилж байсан юм. Ардчилсан үзэлт зураачийг хоёр сарын өмнө нисэх буудлаас Хонконг руу нисэх гэж байхад нь баривчилсан бөгөөд эдийн засгийн хэргээр гэх учир битүүлэг тайлбараас өөр мэдээлэл цагдаагийн зүгээс өгөхгүй байгаа билээ.