Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр авто зам барихтай холбоотой шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх 15.6 км зам, 22-ын товчооноос Авто худалдааны төв хүртэлх 1.7 км авто замыг шууд гэрээгээр гүйцэтгүүлэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дээрх ажлыг гүйцэтгүүлэх юм байна. Шууд гэрээгээр авто замыг барих шийдвэр гаргасан нь тендэр зарлахаар цаг алддаг аж. Дор хаяж хоёр сар болж байж ялагч тодордог. Гэтэл авто зам барих ажил нь таваас есөн сарын хооронд үргэлжлэх шаардлагатай болдог, тиймээс шууд гэрээгээр ажил гүйцэтгүүлэх нь цаг хожино хэмээн үзжээ.
Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын гүүр хүртэлх авто замыг 1982-1985 оны хооронд барьж ашиглалтад оруулсан байдаг аж. Түүнээс хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам дээрх газрууд руу тэлж, 100 мянган хүн тус замаар, гүүрээр зорчдог болсон тул энэ онд баригдах замын жагсаалтад багтаасан юм байна.
Тэгвэл концессоор барих авто замын жагсаалтад Гацууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх авто зам, Баянзүрхийн товчооноос Налайх, Чойрын уулзвар хүртэлх 17 км авто замыг багтаажээ.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь чухал асуудал нь бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой юм байна. Өнгөрсөн жил түүхий нефтийн олборлолтыг 940 мянган тоннд хүргэсэн бол өнөө жил 1 сая 50 мянгад хүргэх зорилт тавьжээ. Мөн Төв азийн газрын тос компани нь Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг гурван аймгийн 10 гаруй сумыг хамруулан газрын тосны хайгуул олборлолт хийхээр зөвшөөрөл аваад байсан ч санхүүгийн бэрхшээлээс болж ажлаа эхлүүлж чадаагүй аж. Харин тус компанийн 78 хувийг Английн BG групп шилжүүлж авах хүсэлт гаргаж, хайгуул олборлолт хийхэд 28 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн тул зөвшөөрлийг нь олгосон байна.
Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд сая мэдээллээ.
Г.ДАРЬ