Ажлын хэсгүүдийн аль нь мэргэжлийнх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгүүдийн аль нь мэргэжлийнх вэ?

Тавантолгой дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын гол анхаарлын төвд байна. Монгол Улсын  парламентаас гарах шийдвэр Тавантолгой төдийгүй стратегийн томоохон ордуудын хувь заяанд нөлөөлөх нь тодорхой болсон.

Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн тайлбар

Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн Тавантолгой төслийг өгөөжийг тооцон гаргажээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2014 оны 135 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд М.Энхсайхан ажилласан. Харин гишүүдэд нь Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Байгаль орчины яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар,  дэд ажлын хэсгийн ахлагчаар  Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ХОТЭЗ-ын газрын захирал О.Лхагвасүрэн, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Уул уурхайн яамны  Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батмөнх, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, Монгол Улсын сайдын зөвлөх  Б.Цогтгэрэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Батсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал С.Цэлмэг, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Хуулийн хэлтэсийн дарга М.Энх-Амгалан, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алагаа, “Монгол Нүүрс” ассоцийцийн гүйцэтгэх захирал Т.Наран нар багтжээ.

Дээрх ажлын хэсгийн гаргасан тооцоогоор өнөөдрийнх шигээ, өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” компани дангаараа Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулсан хэвээр байвал экспортоосоо таван жилийн хугацаанд 990 сая ам.доллар олох бөгөөд улсын төсөвт 167 сая ам.доллар орж ирж байгаа юм байна. Гэхдээ санхүүгийн алдагдал нь 492 сая ам.доллар байх гэнэ.

Харин “Энержи ресурс”, “Сумитомо”, “ Шэнхуа” зэрэг гурвалсан консерциумтай хамтран ажилласан тохиолдолд экспортын орлого нь 5.4 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо байна.  Нүүрсний үнийг тонн тутамд 80 ам.доллар байхаар тооцвол шүү дээ.  Мөн хамтын ажиллагааны төлбөрт 108 сая доллар. Улсын төсөвт 1.2 тэрбум доллар орж ирэх боломжтой аж.

Тавантолгойн гэрээ зурагдмагц Монгол Улсад 620 сая ам.долларын мөнгөн урсгал шууд орж ирнэ. Тодруулбал,  урьдчилгаа төлбөр 200 сая доллар, төмөр замд цацсан 280 сая долларыг хөрөнгө оруулагчдаас гаргуулах бөгөөд дээр нь Чалкогийн 140 сая долларыг нэмэхээр ойрын хугацаанд 620 сая доллар Монголд орж ирэх боломжтой аж.

Жил тутмын өгөөжийг нь дотор нь задалбал,  экспортын орлого 1.2 тэрбум доллар.  Эхний таван жилд гурван тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэхээс гадна 8-12 мянган иргэн ажлын байраар хангагдана. Татвар хураамжаар жилдээ 200-300 сая доллар улсын төсөв төвлөрнө. 2000 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлэгч, ханган гүйцэтгэгчээр ажиллах юм байна.

УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн тайлбар

УИХ-ын дарга З.Энхболдын өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт гаргасан захирамжаар  Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Л.Эрдэнэчимэг гишүүнийг томилсон. Гишүүдээр нь А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн нар ажиллаж байгаа бол дээрх дэд ажлын хэсгийг УИХ-ын дарга З.Энхболдын Хуулийн зөвлөх А.Гансүх ахалж, гишүүдэд нь П.Амаржаргал /УИХ-ын Тамгын газрын ахлөх зөвлөх/,  Б.Батбилэг /Эрдэнэс Тавантолгойн компанийн санхүү эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч/, И.Индранила /Эрдэнэс Оюутолгой компанийн хуулийн зөвлөх/, М.Мягмар-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэр эрхэлсэн дэд захирал/ нар багтжээ.

Дээрх ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба, ням гаригт хуралдсан байна. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгийн хэвлэлд өгсөн мэдээллээр “Тавантолгойн төслийн танилцуулга дотор байгаа Өмнөговь аймагт “Энержи Ресурс” компаниас хийсэн нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл байгаа. Энэ дотор байгаа нүүрс угаах үйлдвэр, уурхайн байгууламж, усан хангамж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтууд нь гадаадын хэд хэдэн компанийн барьцаанд байгаа юм билээ.  Дээрээс нь 600 сая ам.долларын бонд босгож хөрөнгө оруулалт хийсэн. Тэр 600 сая ам.долларын барьцаанд “MMC” корпорацийн Люксенбург болон Хонгконг дахь компани, Монгол Улс дахь “Энержи Ресурс” гээд бүх оролцогч компаниудын хувьцаа бүгд бий. Бид Тавантолгойн төсөл дээр 2017 он гэхэд төлбөрөө дуусгах ёстой. Ийм нөхцөлд их хэмжээний  өртэй компанийг оруулж болох эсэхийг тодруулах шаардлагатай. Энэ тодруулгыг авахаар тодорхой экспертүүдийг ажиллуулж, “Энержи Ресурс” болон бусад компаниудаас энэ мэдээллийг ирүүлээч гэсэн хүсэлт илгээсэн”  бололтой. 

УИХ, Засгийн газраас гаргасан хоёр ажлын хэсгээс өгч байгаа мэдээллийг дурдахад нэг иймэрхүү.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж