Казахстаны Атырау хотод болсон ардын баатар Исатай Тайманов болон Махамбет Өтемисовын дурсгалд зориулсан боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээнд Монголын боксчид амжилттай оролцлоо. Долоо дахь жилдээ зохиогдсон уг тэмцээнд ОХУ, Монгол, БНХАУ, Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикстан, Унгар зэрэг 10-аад орны ширэн бээлийтнүүд өрсөлдсөн байна. Монголын боксчдоос 56 кг-д тоглосон ОУХМ Э.Идэрхүү алтан медаль хүртлээ. 52 кг-д өрсөлдсөн ОУХМ А.Нурлан шигшээд дэвжээний эзэн тамирчинд ялагдаж мөнгөн медаль, 49 кг-ын жинд ОУХМ Г.Ариунболд , спортын мастер Т.Жолдасбек, 69 кг-д олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэлтэй, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 85 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнбаяр нар хүрэл медаль хүртлээ.
Шагнал гардуулах үеэр Атырау мужийн боксын ахлах дасгалжуулагч Канат Оракбаев манай У.Мөнх-Эрдэнэ гавьяатад хүндэтгэл үзүүлж тоорцог малгай өмсүүлж, өргөмжлөл гардуулжээ.
Ч.БОЛ