Шатахуун хурдан дуусаасай

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Шатахуун хурдан дуусаасай

Нэг ийм  яриа байдаг даа. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү “Бензиний үнэ 3000    төгрөг болоосой. Хотын гудамжаар ганцаараа дав­хих юмсан” гэж ярьсан тухай. Сонссон болгон  “Яасан баяр­­хуу юм бэ” гээд л муу­лаад байсан. Харин одоо энэ үгийг жаахан зас­варлаад л “Шатахуун хур­дан дуусаасай. Зам түг­жрэхгүй амар байхгүй юу” гэх  хүн  мэдээж байгаа даа.  Уур хүрмээр түгжирдэг хотын зам сэлүүхэн болж ганц нэг жийп давхисан шиг харагдвал зүгээр ч юм уу. Бухимдахгүй, цагаа гарз­дахгүй. Дээрээс нь эрүүл мэндэд тустай. Урин дулаан цаг ирсэн болохоор аажуухан алхаж яваад хүрэх  газраа хүрчихнэ. Бас  Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байсан “морьтон баатрууд” ч халтуур хийж болох юм. Унадаг дугуй худалдаж ава­хад ч боломжийн са­нагдана. Гэхдээ бас сайн юмны хажуугаар саар юм гараад ирэх нь ээ. Манай хот чинь машин замтай болохоос яв­ган хүний болон  дугуйны зам гэж байхгүй. Явган хүний зам руугаа ТҮЦ,  дэлгүүр,  баар шахаад барьчихсан бо­лохоор хүн алхаад байх зам  олдохгүй. Дугуй унаж доошоо орохгүй гэж манай замын  инженерүүд тооцсон байх. Тийм зам ерөөсөө бариагүй,  барих ч шинжгүй. Сураг сонсох нь ээ, оросууд манайд шатахуун өгөх грантаа хаачихсан юм байх. Тэгээд л хөдөлдөг болгон нь зогсох шахаж  л дээ. Ерөнхийлөгч маань бензин гуйхаар Орос явсан. Орос ах нь өгнө гэсэн гэнэ. Харин бензинээ өгч байгаа юм чинь оронд нь юу өгөхөө л мэдэхгүй байгаа гэсэн. Мэдээж нэг юм бодож байгаа биз. Ухаантай хүмүүс биднээс дандаа илүүг бодож олдог болохоор айх юу байна. Харин ч шатахуун хурдан дуусаасай билээ. Тэгвэл хэн нь машинтайгаа давхиж байна харахгүй юу. Тэр хүн хамгийн баян бөгөөд овсгоотой байж таарна.  Харин түүнийг юу гэж нэрлэх ёстойгоо л бодох хэрэгтэй. Хэрэв бензиний үнэ 3000 хүрвэл замаар давхих жолоочийг “Эрэл”-ийн Эр­дэнэ­батын хүү гэж мэднэ. Харин шатахуун дуусахаар машинтайгаа явах хүнийг юу гэх бол. Энэ л сонин санагдаад байна даа.  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж