Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг баярыг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх талаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Дайнд оролцогчдын Монголын хорооны дарга, хошууч генерал Ч.Самбуу, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хурандаа С.Ганболд, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар оролцсон юм. Мэдээллийн эхэнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар "Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр ажлаа төлөвлөчихөөд байна. Энэ ойн баярыг хоёр үе шаттайгаар тэмдэглэнэ. Нэгдүгээрт, Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ. Эхний ажил болгож ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж манай ахмад дайчдад ойн медаль өгснийг нь бид бүхэн гардуулаад дуусч байна. Мэдээж та бүхэн мэдэж байгаа. Монголын цэргүүд Москва хотын Улаан талбайд цэргийн ёслолын жагсаал алхана. Үүнээс гадна энэ сарын 8-нд Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж Соёлын төв өргөөнд баярын хурал, концерт болно" гэв.
Харин хоёрдугаар үе шат нь ирэх 6-8 саруудад болох юм байна. Энэ хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн ялалтын 70 жилийн баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх, Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахаас гадна Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймгуудад ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах гэнэ.
Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар тавдугаар сарын 9 буюу энэ бямба гаригт нийслэлчүүдийг Чингисийн талбайд цуглахыг хүслээ. Энэ үеэр цэргийн ёслолын жагсаалыг том дэлгэцээр шууд дамжуулан үзэгч олонд хүргэх юм байна.
Монгол Улсын хувьд Дэлхийн II дайны төгсгөл болох Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий нийтэд дахин баталгаажуулахад түлхэц болсон энэ дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх нь түүхэн ач холбогдолтой үйл явдал болох аж.
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой 2015 онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 01 тоот зарлиг гаргасан. Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 09-нд Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоол гарч Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан Ой зохион байгуулах Засгийн газрын ажлын хэсгийг байгуулаад байгаа юм.
С.ОТГОН