Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг энэ зургадугаар сарын 1-нд хэн ч дурссангүй. Түүнийг Ерөнхийлөгч байх үед хүүхдийн баярыг ёстой л Н.Энхбаярын баяр юм шиг тэмдэглэдэг байж билээ. Их тэнгэрийн аманд байрлах Ерөнхийлөгчийн харшид хүүхдүүд гүйлдээд л, телевизээр тэр бичлэг нь гардаг байж билээ. Гэтэл энэ жил түүнийг хэн ч дурссангүй. Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэснийг нь хэн ч сонирхсонгүй. Харин TV9 телевиз л мэдээнийхээ дун­дуур түүний зургийг тавьж байгаад нэг минутын мэдээ унших нь сонсогдлоо. Уг нь тэр цагтаа Монгол Улсын эв нэгдлийн илэрхийлэл байсан. Хүн бүр түүний юу хэлэхийг чих тавин сонсдог байлаа. Тэр ОХУ-д төлөх их өрийг тэглэсэн, Мянганы замыг анх санаачилсан, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг анх санаачилсан. Одоо түүний хэн байгаад хэн болсон нь хамаагүй. Түүнийг жилд ганцхан өдөр л дурсч болох байлаа. Гэтэл түүнийг хэн ч тоосонгүй. Бодвол тэр хүмүүсийг сүрхий гомдоосон байх л даа. Тэр хэтэрхий жудаггүй, хударгагүй байсан байж ч магадгүй. Гэхдээ л бид түүнийг Ерөнхийлөгч байсных нь хувьд нэг өдөр хүндэлж болох л байлаа.  Гэвч тэгсэнгүй дээ. Тэр хоёр хоногийн өмнө нэг нас нэмсэн. Нэг ухаан ч нэмсэн гэдэгт итгэнэм. Хэдий болтол “аймар” хэвээрээ байв гэж дээ. Түүнийг нэг ч гэсэн өдөр дурсдаг байя.

Б.Энхмөнх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж