Дизель түлшийг ийнхүү хязгаарлалттай олгосоор сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ШТС-ууд өчигдөр карттай хэрэглэгчиддээ нэг удаад 15-20 мянган төгрөгт түлш өгч байсан юм. Түүнчлэн “Шунхлай”, “Магнай трейд”-ийн зарим ШТС-ынхан “АИ-92 шатахуун байхгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Шатахууны хомсдолыг далимдуулсан уу, үнэхээр ингэхээс өөр аргагүй болсон уу зарим нефть импортлогч компани дизель түлшний жижиглэнгийн үнийг нэмсэн байв. Долоо хоногийн өмнөөс “Сод Монгол” компанийн ШТС-ууд дизель түлшийг 1590 төгрөгөөр борлуулж эхэлсэн бол “Шунхлай” компанийнхан энэ долоо хоногоос эхлэн 1560 төгрөгөөр борлуулж байна.
Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхнаас Монгол Улсад дизель түлш болон АИ-92 шатахууны нөөц хэр байгаа, одоо нөөцөд байгаа түлшийг яг хэд хоног хэрэглэхийг тодруулсан юм. Тус яамны Түлшний бодлогын газрын мэргэжилтэн Б.Раднаасүрэн одоогоос 20 орчим хоногийн өмнө холбогдох хүмүүсийн хэлж байсантай адил “Түлшний нөөц байгаа. АИ-92, А-80 шатахууны хувьд санаа зовох зүйл огт байхгүй” гэсэн хариултыг өглөө. Одоогийнх шиг хязгаарлалтын горимд шилжээгүй үед улсын хэмжээнд өдөрт 1000 орчим тонн дизель түлш хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Харин одоо бол 700 гаруй тонныг хэрэглэж байгаа ажээ. Эрдэс, баялаг эрчим хүчний яамны мэргэжилтнүүдэд Газрын тосны газрынхан өчигдөр “Одоогийн байдлаар Монголд дизель түлш 6320 тонн, АИ-92 шатахуун 7500 тонн, А-80 бензин 9000 тонн байна” хэмээн мэдээлсэн байна. Тэгэхээр Монгол Улс одоогийн байдлаар дизель түлшний найм хоногийн нөөцтэй гэсэн үг. Түүнчлэн “Роснефть” компаниас манай улс руу ачуулсан 2000 тонн түлш 3-4 хоногийн дараа ирнэ гэдгийг ч онцоллоо.
Дээрх нөхцөл байдал нь дорвитой арга хэмжээ авах цаг болсон гэдэг сануулгыг өгч байгаа юм. Ямартай ч дизель түлшний хомсдол үүссэнтэй холбоотойгоор сүүлийн 20 жилийн турш ярьсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй нефть боловсруулах үйлдвэрийн тухай асуудалд хаана, хаанаа анхаарлаа хандуулж эхэллээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бол уг үйлдвэрийг ердөө 1-2 жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулах боломжтой ажээ. Энэ асуудлыг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх байсан. Гэсэн ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна. Үүнээс гадна Газрын тосны газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан нефтийн бүтээгдэхүүн импортлох шинэ эх үүсвэрийг хайж эхэлсэн юм. Хэд хоногийн өмнө ЭБЭХ-ий сайд Хятад улсад очиж, тус улсаас 3000 тонн түлш авах гэрээ байгуулсан. Одоогоор тус улсаас ийм хэмжээний түлш Монголд нийлүүлээгүй байгаа аж. Манай улсын импортлогч компаниуд гэрээгээ байгуулаад, мөнгөө шилжүүлчихвэл түлшийг оруулж ирэх боломжтой юм байна. Хятад улсын хувьд манай улсаас түүхий нефть их хэмжээгээр импортолдог. Д.Зоригт сайд Хятадад очих үеэрээ холбогдох хүмүүстэй энэ асуудлаар яриа, хэлэлцээр өрнүүлсэн аж. Тодруулбал, түүхий нефть өгснийхөө хариуд манайх тус улсаас шатахуун авах боломж хэр байгааг ч хөндөж ярилцжээ. Гэхдээ яг ямар шийд гарсан талаарх мэдээлэл тус яамны мэргэжилтнүүдэд хараахан ирээгүй байгаа ажээ.