-Эверестэд БНХАУ-ын талаас хамгаалалт гарсан бөгөөд маргааш бүх уулчдыг уулнаас албадан буулгах юм-
Эверестийн ноён оргил руу Түвдийн талаас аврихаар Гавьяат тамирчин, уулын ОУХМ 73 настай Т.Гүррагчаа, ОУХМ Б.Цэвээндаш нар дөрөвдүгээр сарын эхээр авиралтаа эхлүүлсэн ч зогсоогоод байна. Учир нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Балбад 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, өнөөдрийн байдлаар 7000 гаруй хүн амь үрэгдэж, 14 мянган хүн гэмтэл бэртэл аваад байна. Энэхүү газар хөдлөлтийн улмаас Эврестед цасан нуранга үүсэж, 17 уулчин амь үрэгдсэн юм. Тиймээс Хятадын Түвдийн уулын спортын холбооноос 25 багийн 300 орчим уулчинг Эверестийн авиралтаа зогсоохыг өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, тавдугаар сарын 5-ны дотор уулнаас буухгүй бол албадан буулгахаар болоод байгаа билээ. Одоогоор манай уулчдаас 73 настай Т.Гүррагчаа оргилоос буусан бол ОУХМ Б.Цэвээндаш кэмдээ байрлаж байна.
Уулчин Б.Цэвээндаш хэлэхдээ “Монголоос гарахдаа маш их зүйл төлөвлөж байсан ч энэ удаа биелүүлж чадсангүй. Одоогоор 5200 метрийн өндөрт байрладаг Эверестийн кэмдээ байрлаж байна. Т.Гүррагчаа ах түрүүлээд буусан. БНХАУ-ын талаас хамгаалалт гарсан. Маргааш ууланд байгаа бүх уулчдыг албадан буулгах юм. Замынхаа 80 хувийг туулсан болохоор харамсалтай байна.” гэлээ.
Дашрамд, Балбад өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр 3,2 магнитудын чичирхийлэл болсон бөгөөд Эверест рүү авирахыг нэг жилийн хугацаагаар хориглоод байна. Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверст(8848 метр) Европын “Манаа-1” хиймэл дагуулын мэдээллээр нэг дюймаар (2.54 сантиметр) доошилжээ. Харин Гималайн нурууны Аннапурна уулсын өндөр нь 20 см-аар нэмэгдсэн талаар олон улсын судалгаа харуулж байна. Эдгээр өөрчлөлтийг эрдэмтэд газар хөдлөлтийн дараа газрын гадаргын даралтын хүч суларсантай холбон тайлбарлаж байна.
Ч.БОЛОР