“Онлайн эрх чөлөө” бага хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

“Онлайн эрх чөлөө” бага хурал эхэллээ

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг энэ жил тэргүүлж байгаатай холбогдон  уг эвслийн Сайд нарын тавдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо  зохион байгуулж байна.  Хоёр өдөр үргэлжлэх бага хурал өнөөдөр Төрийн ордноо эхэллээ. Бага хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж  оролцож  үг хэлсэн юм.

Ази тивд анх удаа хуралдаж буй “Онлайн эрх чөлөө” эвслийн энэ удаагийн бага хурлыг Монгол Улсын Гадаад хэргийн яам, Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар, Мэдээллийн Технологийн үндэсний парк, “Торгоны зам сан”, “Цахим өртөө холбоо” зэрэг төр, засгийн газрын болон иргэний нийгмийн байгууллагууд, харилцаа холбооны салбарын компаниуд хамтран зохион байгуулж байгаа  аж.

Бага хуралд 60 гаруй орны төр, засгийн газар,  хувийн хэвшилийн төлөөлөгчид, түүний дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд, ЮНЕСКО, НҮБ болон Азийн сан, Амнести интернэйшнл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын 300 гаруй хүн оролцож байна.

Хүний  үндсэн эрх, эрх чөлөөг  ялангуяа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, нэр төр, хувийн нууцаа сахин хамгаалах, нийгмийн амьдралд оролцох эрхийг цахим орчинд хамгаалах, баталгаажуулах, интернэтийн найдвартай, хүртээмжтэй  байдлыг сайжруулах зорилгын үүднээс “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн хүрээнд “Чөлөөтэй, найдвартай интернэт, цахим технологийн хөгжил ба ил тод байдал, онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг өргөн хүрээний асуудлыг энэхүү бага хурлаар хэлэлцэнэ. Бага хурлын хүрээнд  10 гаруй салбар хуралдаан хуралдаж, 40 гаруй илтгэл хэлэлцэх юм байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж