Ц.Элбэгдорж: Бидэнд хэнтэй уулзах, хаашаа явах эрх нээлттэй байдаг

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Бидэнд хэнтэй уулзах, хаашаа явах эрх нээлттэй байдаг

ОХУ-ын РТР сувгийн “Вести в субботу” нэвтрүүлгийн дөрөвдүгээр сарын 25-ны дугаарт сурвалжлагч С.Б.Брилёвын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлагыг дамжуулжээ. С.Б.Брилёв өөрийн орны болон гадаадын орнуудын төрийн тэргүүнүүдтэй хийсэн ярилцлагуудаараа алдаршсан  сэтгүүлч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч асан Д.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, Ерөнхийлөгч Б.Обама, Их Британийн Ерөнхий сайд Ж.Мейжор, Т.Блейр  нартай ярилцлага хийж байжээ. Мөн “Дэлхийн II дайны мартагдсан холбоотнууд” ном бичиж хэвлүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлагын үеэр тэрбээр Аугаа их эх орны дайны үед Монголоос ЗХУ-д үзүүлж байсан тусламж, Монгол, Оросын харилцааны түүх, цаашдын төлөвийн тухай асуудлуудыг хөндөн ярилцжээ. Оросын зарим сайтад нийтлэгдсэн энэхүү ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Та Москваг зорьж, Ялалтын баярт оролцох болжээ. Энэ шийдвэрээ бусадтай зөвлөж гаргасан уу?

-Тийм ээ, би Москвад очино. Учир нь дэлхийн хоёрдугаар дайны ялалт бол ОХУ-ын түүхэнд төдийгүй хүн төрөлхтний түүхэнд чухал ач холбогдолтой, түүхэн үйл явдал  билээ. Энэ аугаа их ялалт цус асгаруулсан дайнд цэг тавьж, хүн төрөлхтнийг фашистын дарангуйлал, аймшигт тахлаас аварч чадсан юм. Түүнээс гадна Орос, Монгол хоёр улсыг аугаа их түүх, уламжлалт найрсаг, ахан дүүсийн сайхан харилцаа үргэлж холбож байдаг. Та мэдэж байгаа байх, Монголын зэвсэгт хүчний төлөөлөл Улаан талбайд болох Аугаа их эх орны ялалтын парадад оролцоно. Энэ бүхнээс үүдэн би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путины урилгыг хүлээн авч, Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд оролцох нь өөрийн үүрэг гэж үзсэн. Бидэнд хэнтэй уулзах, хаашаа явах эрх нээлттэй байдаг.

-Аугаа эх орны дайны ялалт Монгол Улс, Монголын ард түмний хувьд ямар утга, ач холбогдолтой вэ?

-Дээр хэлсэнчлэн, бидний улс орнуудын түүх салшгүй холбоотой. Өнгөрөгч зууны эхэнд Зөвлөлт Холбоот Улс Монгол Улсыг тусгаар тогтнолоо олж авахад үнэлж баршгүй их тусламж үзүүлсэн. 1936 оны гуравдугаар сард Улаанбаатар хотноо манай хоёр улсын хооронд Харилцан туслалцааны протоколд гарын үсэг зурсан байдаг. Протоколд дурдсанчлан гарын үсэг зурсан талуудын аль нэг рүү нь дайсан давшсан тохиолдолд  эсрэг тал бүхий л төрлийн туслалцаа, тэр дундаа цэрэг зэвсгийн туслалцаа үзүүлнэ гэж заасан байдаг. Тийм учраас энэхүү протоколын дагуу Оросын цэргүүд манай дайчидтай хамт Дэлхийн II дайны оршил буюу 1939 оны Халх голын дайнд оролцсон. Харин 1945 оны чөлөөлөх дайнд  манай дайчид Зөвлөлтийн  армитай хамт Хятад улсыг Японы милитаристуудаас чөлөөлж байсан юм. Энэ дашрамд, өнгөрсөн жил болсон Халхын голын 75 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оролцсоныг дурдах нь зүйтэй байх.  

Монгол Улс фашист Герман ЗХУ руу дайрсан явдлыг өөрийн холбоотон улс руу дайрсан дайралт гэж хүлээн авч дэлхийн II дайны туршид бүхий л талын туслалцаа үзүүлж ирсэн байдаг. Дайны үед Монгол Улс 500 мянга гаруй тонн мах, 64  мянган тонн ноосыг ЗХУ-д илгээж байсан. /Харьцуулалт хийх үүднээс энд  тэмдэглэхэд, хэдийгээр АНУ дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс хэдий ч 665 мянган тонн лаазалсан мах, ноосны хувьд 54 мянган тонныг илгээж байсан байна. Сурв/. ЗХУ-ын цэргүүдийн хамт Берлин хүрсэн 500 мянган агт морьдыг мөн Монгол Улс илгээж байсан бахархам түүх бидэнд бий. Монголын ард түмний цуглуулсан хөрөнгөөр танкийн цуваа, сөнөөгч онгоцны эскадриль байгуулж хүлээлгэн өгч байсан. Дайны үед ажиллаж байсан ажилчид, албан хаагчид ажлын 10 цагаар ажиллаж, нэг ёсондоо улс орон тэр чигээрээ дайны цагийн ажлын горимоор ажиллаж байсан гээд олон жишээг бид дурдаж болно.

-ОХУ, Монгол Улсын өнөөгийн болон цаашдын харилцааг та яаж дүгнэдэг вэ?

-Манай хоёр улсын хувьд улс төрийн болон хүмүүнлэгийн тогтвортой сайн харилцаатай. Энэ харилцаа жилээс жилд өргөжин тэлж байгаа. Харин эдийн засгийн хувьд мэдээж илүү сайн харилцаатай байгаасай гэж хүсч байна.

Монгол, Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулснаас хойш хамтарсан томоохон төсөл дахиж хэрэгжүүлээгүй. Хоёр улсын худалдааны хувьд тэнцвэргүй байдал ажиглагдаж байна. Эдгээр бэрхшээлтэй асуудлуудын талаар бид их ярьсан. Засгийн газар хоорондын хэлэлцээр гэх мэт бүхий л түвшинд энэ тухай яригдаж байгаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2014 оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан  явдал нь эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд мэдэгдэхүйц дэвшил өгсөн. Тэр дундаа, энэхүү айлчлалын үеэр Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр замыг шинэчлэх хөгжүүлэх хэлэлцээрт (тохиролцоонд) гарын үсэг зурж шинэчлэлийн ажил энэ жилээс эхэлж байна. Айлчлалын үеэр мөн иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурж, улмаар хил хоорондын харилцаанд сайнаар нөлөөлж, тэр дундаа хоёр улсын хил орчмын эдийн засгийн харилцаа илүү сайжирч байна. Тийм учраас манай хоёр улсын харилцааг би итгэлтэйгээр өөдрөгөөр хардаг. Бид уламжлалт, найрсаг сайхан харилцаа холбоотой, мартаж болохгүй түүхтэй улсууд.

Эх сурвалж: vesti.ru

Орчуулсан Б.БИЛГҮҮНДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж