Дизелийн хомсдол далд бизнесийг “цэцэглүүлэв”

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Дизелийн хомсдол далд бизнесийг “цэцэглүүлэв”

Газрын тосны газрын удирд­лагууд дизель түлшний хомсдол үүсэ­хэд нөөцлөх болон дамлан зарах үзэгдэл нөлөөлсөн хэмээн үзэж байна. Тэд “Хуваарилалтаас болж хомсдол үүсэх учир­гүй. Анх дөрөвдүгээр сарын 30-нд ОХУ хориг тавьж, татвараа нэм­сэн тухай хэвлэлүүдээр түлшний хомсдол бий болохыг мэдээлсэн даруйд хүмүүс дизель түлш нөөцөлж эхэлсэн. Үүнээс болж зохиомол хомсдол үүссэн” хэмээн ярьж байна. Тэдний үзэж буй­гаар өнгөрсөн сард 30 мянган тонн дизель түлш борлуулжээ. Хэвийн хэм­жээгээр сард 28-30 мянган тонн түлш манай зах зээлд хангалттай хүрэлцдэг  аж. Гэтэл 30 мянган тонн түлш хүрэлгүй дуус­сан нь түлш нөөцлөх, дамлан зарах үзэгдэл байгааг нотолж бай­гаа бололтой.  Үүний дагуу Гурвалжингийн гүүрний дэргэд тээв­рийн үйлчилгээ эрхлэдэг жолооч Х.Ганбаатартай уулз­лаа. Эндхийн жолооч нар талоноор түлшээ авдаг ч өдөрт 15 литрээс илүүг өгдөггүй хэмээж байна. Хувиараа тээвэр эрхэлдэг гэх нэг хүн­тэй уулзвал, “Надад талон, картны аль нь ч байхгүй. Одоохондоо хамт зогсдог жолооч нарынхаа талоноор түлш авч байгаа. 20-30 литрээр нь савла­сан түлш ачсан иргэд үүгээр хаяа үзэгддэг. Үнэ нь 2200 гэсэн байх шүү. Гэхдээ аль болох шатахуун түгээх станцаас авахыг хичээдэг. Тэгэхгүй бол ус, хогтой зарим нь бүр өвлийн түлш ч зарж байна билээ” хэмээсэн. Жолооч нараас сурагла­саар дизель түлш зардаг гэх нэгний утасны дугаарыг олж авлаа. Тэдний хэлснээр тэр хүнийг н.Бямбадорж гэдэг гэнэ. 952763** дугаар руу залгаж дараах  зүйлийг тодруулсан юм.

-Манайх газар шорооны ажил хийдэг компани байгаа юм. Тонн түлш хэдэд өгөх вэ?

-2000 төгрөгөөр зарна. Ганц, хоёр тонн түлш бол энэ үнээр л өгнө дөө.

-Авахаар болбол хаана очиж уулзах вэ. Танайх аль шатахуун түгээх станц вэ?

-Би өөрөө хөдөө орон нутаг руу ачаа ачдаг юм. Шатахуун түгээх станц биш. Авахаар бол “Драгон” дээр хүрээд ир.

-Драгоноос орон нутаг руу явдаг жолооч нар түлш олдохгүй байна гэсэн тэд нар авч байна уу?

-Энэ хавийнхан нэг хэсэг л түлшгүй байсан. Одоо Сонсголон­гийн эндээс литрийг нь 1800 төгрө­гөөр авч байгаа. Гэхдээ түлш авах гэж өдөржин дугаарладаг юм шиг бай­на билээ.

-Танд тийм их дизель түлш байгаа юм уу?

-Ганц, хоёр тонныг гаргачихаж болно. Танайх газар шорооны ажил хийдэг гэл үү. Ийм бага хэмжээгээр авах гэж байгаа юм уу. Нарийн боов­ны үйлдвэр л гэхэд долоо хоногийн хэрэгцээндээ гурван тонн түлш авч байсан.  

Үүнээс цааш нэг их үр дүнтэй яриа болж чадсангүй. Ямар ч байсан на­майг залгахад хэн нэгэнтэй андуурч байхыг бодвол өмнө нь хэд хэдэн хүн түүнтэй холбоо барьсан бололтой. Гурвалжингийн гүүрнээс уруудах замд бүх л шатахуун түгээх станцууд литр дизель түлшийг 1440 төгрөгөөр гэхдээ картаар, эсвэл талоноор олгоно хэмээх тайлбартай тул­гарч байв. Ямар ч байсан мэргэжилт­нүүдийнхээр зохиомол хомс­дол хэмээн оношлогдсон дизель түлш­ний зах зээл далд бизнесийг бий болгожээ. Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн 25 настай П гэдэг эмэгтэй “Монос” компанийн ойрол­цоо зогсон дизель түлш зарж байжээ. Тэрбээр хувийнхаа “Маяти” маркийн автомашинд нэг тонн гаруй дизель түлш ачиж, литрийг нь 2000 орчим төгрөгөөр худалдаж бай­сан аж. Тэрбээр цагдаагийнханд “Түлш ховордох тухай мэдээлэл сон­соод Шатахуун түгээх станцуудаас 20-40 литрээр нь худалдаж авсаар нэг тонн гаруйг цуг­луулсан. Түүнийгээ зарж байна” хэ­мээн мэдэгджээ. Одоогоор энэ хэргийг Баянгол дүүргийн  Цагдаа­гийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж