&#34Дархан хотын хөгжлийн зорилт&#34 эрдмийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2015.05.04-нд нийтлэгдсэн

&#34Дархан хотын хөгжлийн зорилт&#34 эрдмийн хурал боллоо

Дархан хотын эрдэмтэд, багш нарын үүсгэн байгуулсан “Судалгаа хөгжлийн эрдмийн академи”, “Дархан нутаг” төрийн бус байгууллагатай  хамтран “Дархан хотын хөгжлийн зорилт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг эрдэмтэд, судлаачид, их дээд сургуулийн багш нар, мэргэжилтнүүд, олон нийтийн дунд нээлттэй зохион байгууллаа.

Дархан хотыг хөгжүүлэх бодлого шийдвэрт тодорхой шинэлэг саналуудыг тусгах зорилгоор төр, нийгмийн бодлого, хууль эрх зүй, үйлдвэрлэл, технологи, дэд бүтэц, ХАА, байгаль орчин,  эдийн засаг, төсөв санхүү, төсөл хөтөлбөр гэсэн 5 салбар хуралдаан хийв. Үндсэн сэдвүүдээр илтгэл тавих хүмүүсийг урьдчилан  урьж  бэлтгүүлэн чөлөөтэй оролцуулжээ.

Бага хурлын нэг онцлог нь илтгэлүүдийг салбар хуралдаан тус бүрээр шалгаруулан, тэргүүн байранд орсон илтгэлийг батламж, нэг сая төгрөгөөр, дэд байрны илтгэлийг батламж, 700 мянган төгрөгөөр, гуравдугаарт орсныг нь батламж, 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулав. Мөн тусгай байранд шалгарсан 3 илтгэлд батламж, ивээн тэтгэгч байгууллагын шагнал гардуулжээ.

Эрдмийн академийн тэргүүн, доктор Д. Зоригтбаатар хэлэхдээ “-Манай хуралдаанд эрдэмтэд, их дээд сургуулийн багш нар Дархан хотоос төдийгүй Улаанбаатар хотоос ирж оролцон илтгэл тавилаа. Судалгаа хөгжлийн эрдмийн академи нь 2013 онд эдийн засаг, анагаах ухаан, хэл шинжлэл, боловсрол судлал, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, техникийн салбарын  9 эрдэмтдийн бүрэлдхүүнтэй байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний гол зорилго нь эрдэм шинжилгээ судалгааны ажлыг мэргэжлийн түвшинд хийж, орчин үеийн техник технологийн ололт амжилтыг дэлгэрүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ онолын хурлуудыг улс орны болон олон улсын хэмжээнд зохион байгуулж, эх орон болон бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм. Энэ ажлынхаа хүрээнд “Дархан хотын хөгжлийн зорилт” эрдэм шинжилгээний энэ удаагийн бага хурал дээр тавигдсан илтгэлүүдэд дэвшүүлсэн судалгаа тооцоотой олон зоримог цоо шинэ санааг хотын удирдлагын  хэрэгжүүлэх үндсэн чиглэл мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүлээлгэж  өгөхөөр боллоо”  гэлээ.   

Ө.РАГЧААСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж