Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаатай холбогдон манай улсын Засгийн газар уг эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг өөрийн эх орны нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр Төрийн ордонд хийнэ. Бага хурал маргааш үргэлжлэх юм.
Хүний үндсэн эрх, эрх чөлөөг ялангуяа, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, нэр төр, хувийн нууцаа сахин хамгаалах, нийгмийн амьдралд оролцох эрхийг цахим орчинд хамгаалах, баталгаажуулах, интернэтийн найдвартай, хүртээмжтэй байдлыг сайжруулах зорилгын үүднээс “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн хүрээнд “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал, Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг өргөн хүрээний асуудлыг энэхүү бага хурлаар хэлэлцэх юм.
Бага хуралд 60 гаруй орны төр, засгийн газар, хувийн хэвшилийн байгууллагууд оролцож байна. Гадаадын төлөөлөгчдийн дотор “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниуд оролцож байгаа юм. Тэгвэл хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Амнести интернэйшл зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Л.ХАЛИУ