-Мэргэжлийн боксын спортын түүхэнд мөнгөтэй холбоотой байж болох бүхий л рекордыг эвдсэн “Зууны тулаан”-д боксчин Флойд Мейвейзер ялалт байгууллаа-
Сая саяар тоологдох толгой эргэм их мөнгө… 300 сая ам.доллар… Мэргэжлийн боксын түүхэнд лав ийм хэмжээний мөнгөн дүнгээр үнэлэгдсэн тулаан урьд хожид болж байгаагүй. Бүтэн таван жилийн хугацаанд яригдаж, хэд хэдэн удаагийн хэлэлцээ бүтэлгүйтсэний эцэст баталгаажсан тулаан. Хөнгөн жингийн өнөө цагийн шилдэг боксчидынхалз тулаан. Дэлхийн бөмбөрцгийн зугаа цэнгэлийн төв цэг Лас Вегасыг нэгэн үдэш доргиосон шоу.
Салбар салбарын баячууд, бизнесийн тэрбумтнуудын хувийн онгоц Лас Вегасын нисэх буудалд багшралдаж, 16 мянган хүний суудалтай “MGM GrandGarden Arena” битүү хөлд дарагдсан шалтгаан нь Флойд Мейвейзер болоод Мэнни Пэкьяо нарын тулаан. Роберт Де Ниро, Клинт Ийствуд, Мэтт Дэмон, Бен Аффлек, Жейми Фокс, Рианна, Дональд Трамп, 50 цент, Жастин Бибер гээд алдартнуудыг цуглуулсан тэр тулаан “Зууны” хэмээх тодотголтой. Удаан хугацаанд хүлээлт үүсгэсэн шилдэг тамирчдын халз тулаан болохоор ингэж тодорхойлохоос аргагүй. Гэтэл түүнээс ч илүүтэйгээр олны анхаарлыг татсан нь гэрээний мөнгөн дүн. 300 сая ам.доллараар баталгаажсан гэрээ ёсоор Флойд Мейвейзер ялсан ч, ялагдсан ч 180 саяыг, харин Мэнни 120 сая ам.доллар өвөртөлнө. Тоглолтын тасалбар хүртэл худалдаанд гармагцаа хэдхэн минутын дотор бүгд зарагдаж, шагийн үнэ 350 мянган ам.долларт хүрсэн нь ч бий. Зохион байгуулагчдын хувьд нэг үдшийн энэ тулаанаас 400 сая ам.долларын ашиг олох урьдчилсан тооцоо гаргажээ.
Тавдугаар сарын 2-ны үдэш Лас Вегас хотын “MGM Grand” аренад болсон “Зууны тулаан”-д Америкийн боксчин Флойд Мейвейзер өрсөлдөгч Мэнни Пэкьяог буулган авсан. 1996 оноос хойш рингэн дээр ялагдал амсаагүй тэрбээр ийнхүү мэргэжлийн карьер дахь 48 дахь ялалтаа авсан төдийгүй WBC, WBA болон WBO холбооны аваргын бүсний эзэн болсон юм. Гурван минутаар нийт 12 раунд үргэлжилсэн тулаан өгөө, аваатай байж, эцсийн дүнд шүүгчид 118-110, 116-112, 116-112 гэсэн харьцаагаар америк залууд ялалт өгөв. Тоглолтын туршид Флойд өрсөлдөгч рүүгээ435 удаа цохилт хийх гэж оролдсоны 148 нь “бай”-ндаа туссан бол Мэннигийнх 429-81.
Флойд Мейвейзер сонирхогчдын боксоор чамгүй амжилт гаргасан нэгэн. 1996 оны Атлантын олимпиор аваргын төлөө тоглож, ялагдсаныхаа дараа тэр “мэргэжил” рүү урважээ. Тэр цагаас хойш Флойд ганц ч ялагдал амсаагүй. Өнөөдрийг хүртэл 19 жилийн хугацаанд нийт 47 тулаан хийхдээ бүгдэд нь ялж, үүнээс 26 удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч байв. Харин одоо ялалтынх нь тоо 48 болж байна. Флойд 38 настай, 173 см өндөр, 66 кг жинтэй. “Хөөрхөн жаал”, басхүү “Мөнгө” гэх хочтой. Туйлын цэвэрхэн, зайгаа мэдэрч, хамгаалж тоглох тактиктай учраас тэр. Харин “Мөнгө” гэх хочны тухайд хожим олдсон “алдар”. Мөнгөнд дуртай, хөрөнгө мөнгөөрөө бахархдаг, бардамнадаг, түүнийгээ ч олон нийтийн өмнө нуудаггүй болохоор хэвлэлийнхэн түүнийг ингэж нэрлэжээ. Тэрбээр Лас Вегасын ойролцоо, 2,04 м.кв талбайтай, унтлагын тав, угаалгын долоон өрөөтэй тансаг харшид амьдардаг. 11-15 насны хоёр хүү, хоёр охинтой. Хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулахыг хичээдгийг нь “Юу юунаас ч илүү би гэр бүлийнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө тулалддаг. Амьдралд байж болох хамгийн сайн сайхан бүхнийг би тэдэндээ өгөхийг хүсдэг. Тиймээс миний тулаан бүр, ялалт болгон тэдний төлөө байдаг” гэсэн үгнээс нь харж болно. Харин түүний талаар тулааныг өөрийн биеэр үзсэн Майк Тайсон “Энэ бол Флойд. Тэр ийм л хүн. Одоо бол түүний цаг үе” хэмээжээ.
“Энэ ялалтыг өгсөн бурханд талархъя. Дэлхийн өнцөг булан бүрээс энэ тоглолтыг үзэх гэж ирсэн фенүүддээ баярлалаа. Мэнни бол тамын тулаанч. Түүнийг яагаад боксын спортын оргил хэмээн нэрлэдгийг сая л ойлголоо” хэмээн Флойд ялалтынхаа дараа өгүүлжээ. Мөн тэрбээр “Ирэх есдүгээр сард би эцсийн тулаанаа хийнэ. Тэгээд л ширэн бээлийгээ ханандаа өлгөх болно” гэсэн юм. Сануулахад, Флойд 2015 онд зодог тайлна гэдгээ өнгөрсөн есдүгээр сард албан ёсоор мэдэгдсэн юм.
Харин Мэнни Пэкьяо 36 настай, 169 см, 66 кг жинтэй. Түүний хувьд найман өөр жингийн ангилалд дэлхийн аварга цол хүртсэн анхны бөгөөд цорын ганц боксчин. Боксоос гадуур тэр улстөрд хүч сорьж, Филиппиний Төлөөлөгчдийн танхимд хоёронтоо сонгогдоод буй. Улстөрч, боксчины карьераа бусдаас дээгүүрт тавьдаг хэдий ч тэрбээр нутгийнхаа сагсан бөмбөгийн лигийн “Kia Sorento” гэх багийн ахлах дасгалжуулагч, хэд хэдэн кинонд тоглож амжсан жүжигчин, цөөнгүй хэдэн дуу бичүүлсэн дуучин, бас амжилттай яваа бизнесмэн. 2000 онд эхнэр Мария Жаморатай гэрлэсэн, өдгөө таван хүүхэдтэй.
Мэргэжлийн боксын рингэнд 65 тулаан хийхдээ 57 нь ялж, 5 тулаанд ялагдаж, 2 тэнцсэн амжилттай түүний хувьд энэ тулаан эцсийн байж магадгүй. Учир нь түүнд Флойд Мейвейзерээс өөр өрсөлдөгч үлдээгүй, ялсан ч, ялагдсан ч Флойдтой хийх тулааны дараа улстөрийн замналдаа илүү анхаарал хандуулах бодолтой байгаа талаар нь түүний ойрын эх сурвалж хэлж байсан удаатай.
Пэкьяо энэ удаагийн тулаанд дасгалжуулагч Фредди Роачтай хамтарч ажилласан. Хэлний бэрхшээл байсан учраас Мэннигийн цаасан хайрцганд хамтдаа өдөр хоног өнгөрүүлж өссөн багын найз нь хэлмэрчийн үүрэг гүйцэтгэжээ. Тиймдээ тулааны завсарлагын үеэр дасгалжуулагчийн үг, үзэл бодол, зөвлөгөө шууд Мэннид хүрч чадаагүй, цаг алдсан гэх дутагдалтай тал түүнд бий. Ямартай ч Фредди Роач түүнд “Рингэн дээр Флойд Мейвейзертэй тулалдаж байгаа үед чиний таван цохилтын дөрөв нь байгаа онохгүй. Мэдээж энэ чамайг зовоох болно” гэсэн үгийг хатуу мөрдлөг болгожээ.
Тулааны өндөрлөсний дараа Мэнни Пэкьяо өөрийгөө ялсан гэж боджээ. Тэрбээр “Сайхан тулаан боллоо. Би уг нь өөрийгөө ялсан гэж бодсон. Дараа нь би юу ч хийгээгүй. Зүгээр л гараад явчихсан” хэмээн Мэнни сэтгүүлчдэд ярьжээ.
Магадгүй Мэнни ингээд боксын спортыг орхиж болох. Харин Флойд дахин нэг тулаанд үзэлцэнэ гэдгээ мэдэгдлээ. Өрсөлдөгч нь харин Британийн тулаанч Амир Хан байж болох тухай боксын экспертүүд мэдээлж эхлээд байна. Эсвэл мөн л британи тулаанч Келл Брук. Флойдын жагсаалтад өөр хэн нэгэн үлдээгүй бололтой.
ФЛОЙД МЕЙВЕЙЗЕР
Гарал үүсэл: Лас Вегас, Невада, АНУ
Тулааны өмнөх рекорд: 47-0 (26 КО)
Өндөр: 173 см
Жин: 66 кг
Гар: Баруун
МЭННИ ПЭКЬЯО
Гарал үүсэл: Сантос, Филиппин
Тулааны өмнөх рекорд: 57-5-2(38 КО)
Өндөр: 169 см
Жин: 66 кг
Гар: Солгой
С.ЦЭЛМЭГ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин