-Зургаан настнуудаас бүртгэлийн хураамж, төлбөр, шалгалт авахгүйгээр шууд бүртгэх үүргийг сургуулийн захиргаа хүлээжээ-
Нийслэлийн хэмжээнд улсын болон хувийн бага, дунд сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс албан ёсоор эхэллээ. 2015 оны шинэ хичээлийн жилд 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрүүдэд төрсөн бүх хүүхдийг хамруулан, зургаан настнуудыг бүртгэх юм. Мөн ямар нэгэн шалтгаанаар өмнө нь сургуульд огт суралцаагүй хүүхдүүд Боловсролын хэлтсээс лавлагаа авсны үндсэн дээр харьяа сургуульдаа бүртгүүлэн суралцах боломжтой. Харин таван настангууд буюу 2010 оны нэгдүгээр сараас хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэдгийг албаныхан анхааруулж байна. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд хүүхдээ сургуульд бүртгүүлэхэд ямар материал бүрдүүлэн, хаана, хэрхэн хандах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд хүргэж байна.
БҮРТГҮҮЛЭХЭД ХУРААМЖ ТӨЛӨХГҮЙ
Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн нэгдүгээр ангид хүүхдээ бүртгүүлж буй эцэг, эхчүүд харьяа сургуульдаа холбогдох материалыг бүрдүүлэн хандах ёстой. Өөрөөр хэлбэл, бүртгэлийн хураамж, төлбөр, шалгалт авахгүйгээр шууд бүртгэх үүргийг сургуулийн захиргаанаас хүлээж байгаа гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байна.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нь заавал өөрийн биеэр хүүхдийн хамт очих бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
• Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
• Эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
• 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
• Шаардлагатай тохиолдолд байрны оршин суух гэрээ болон эцэг, эхчүүдийн хурууны хээ бүхий Иргэний бүртгэл мэдээллийн лавлагааг үзнэ.
ХҮҮХДЭЭ АЛЬ СУРГУУЛЬД БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Оршин суугаа байрлалаас хамаарч аль сургуульд хүүхдүүдийг бүртгэх тухай нийслэлийн Боловсролын газрын даргын тушаал гарч, “ЕБС-иудын хамран сургах тойрог”-ийг дөрөвдүгээр сарын 23-нд шинэчлэн баталжээ. Мөн энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.edub.edu.mn сайтад байршуулсан байна /Жагсаалтыг www.news.mn сайтад бүрэн эхээр мэдээлнэ/. Тухайлбал, Баянгол дүүргийн 10, 13, 22 дугаар хороонд оршин суудаг бол 13 дугаар сургуульд, 23,11,12 дугаар хороонд бол 28 дугаар сургуульд, 18, 19 дүгээр хорооныхон 47 дугаар сургуульд, 9, 10, 21, 22 дугаар хорооных бол 113 дугаар сургуульд бүртгүүлэх юм. Харин нэг, гуравдугаар хороо болон Өртөөний хүүхдүүд 73 дугаар сургуульд, 20 дугаар хороо 19 дүгээр дунд сургуульд, дөрөвдүгээр хороонд оршин суудаг бол 20 дугаар сургуульд тус тус бүртгүүлэх боломжтой юм.
Хүүхдүүдээ заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг нийслэлийн Боловсролын газраас анхааруулж байна. Учир нь 2015-2016 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлт, анги танхим, багшийн хүрэлцээ хангамж, ном сурах бичгийн захиалга зэрэг ажлыг төлөвлөхөд бүртгэл чухал учраас ийнхүү хавар хүүхдүүдийг бүртгэж байгаа гэдгийг албаныхан онцоллоо. Дашрамд онцлоход, 2015 оны хичээлийн жил ЕБС-ийн арванхоёрдугаар ангийг 5963, есдүгээр ангийг 20114 суралцагч төгсөх бол зургаан настай 27614 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах ажээ.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин