Сэтгүүлчийн ажилд хөндлөнгөөс оролцох нь нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.03-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийн ажилд хөндлөнгөөс оролцох нь нэмэгджээ

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Жил бүрийн энэ өдрийг хэвлэл мэдээллийн салбарынхан чуулж, алдаа оноогоо дэнслэхээс гадна, хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцдэг.

Тухайлбал, Глоб интернэшнл төв, Нээлттэй нийгэм форум, МСНЭ-тэй хамтран өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал хэлсэн үгэндээ “Өнгөрсөн жил УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн төсвийн дэмжлэгийг тавин хувиар бууруулж, 100 гаруй ажилтан цомхотголд өртлөө. Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх оролдлого хийх, дарамт шахалт үзүүлэх, сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, мэдээлэл олж авах, түгээхэд нь саад хийх, нууц эх сурвалжаа илчлэхийг албадах зэрэг оролдлого нэмэгдсэн дүн байна” хэмээн онцолсон юм.

Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр манай орны хувьд хоёр онцгой үйл явдалтай давхцаж байгаагаар ач холбогдолтой. Маргааш, нөгөөдөр Улаанбаатар хотноо “Онлайн эрх чөлөө” эвслийн тавдугаар бага хурал, мөн Женев хотноо НҮБ-ын хүний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэхтэй зэрэгцэж байгаа юм.

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн 2014-2015 оны судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 400 гаруй ХМХ тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 130 гаруй телевиз, 71 радио, 122 сонин, 92 сэтгүүлд нийт 4400 орчим хүн ажиллаж байгаа гэх дүн гарсан байна. Тэгвэл 2012-2014 оны хооронд сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцох, оролдлого хийх, эх сурвалжаа илчлэхийг албадах, Тагнуулын ерөнхий газраас сэтгүүлчдийг олноор байцаах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилох, цензур болгон ашиглах зөрчил өмнөх жилүүдээс нэмэгдсэн нь түгшүүр төрүүлж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэсэн юм.


Б.ЗАЯА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж