Газар хөдлөлтийн гамшигт өртсөн Балбад нурангид даруулсан хүмүүсийг эрэн хайх ажил үргэлжилсээр байна. Балбын цагдаагийн ажилтнууд өнөөдөр /V.3/ уулархаг бүсийн Расува тосгонд цасан нурангин дороос 50 орчим хүнийг татаж гаргажээ. Хохирогчдын дунд гадны аялагчид байгаа аж. Одоогийн байдлаар тэдний есийнх нь цогцосыг таньж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Газар хөдлөлтийн дараа тус тосгоны 200 хүн ор сураггүй болсон аж.
Үүний зэрэгцээ АНУ-ын армийн зургаан онгоц, хоёр тэргээр 100 цэрэг Балбын аврах ажиллагаанд туслахаар Катмандуд өнөөдөр /V.3/ ирсэн байна. Балбад өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 7040 хүрчээ.
НҮБ-аас мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас Балбад 600 мянга гаруй байшин барилга эвдэрч, сүйдсэн гэнэ. Мөн хоёр сая хүнд хүнс, ундны ус, эм тарианы тусламж хэрэгцээтэй байгаа аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters