Ямар ч байсан “Атрын III” аяныг зохион байгуулж, улаанбуудай, хүнсний ногоогоор дотоодоо хангаад байсан бодлого нь зөв байсны нэгэн адил Нефть боловсруулах үйлдвэр барихад яаравчлах зоригтой алхам хийх хэрэгтэй болж байна. В.Путин ч Ц.Элбэгдоржтой энэ сэдвээр ярихдаа нефть хангамж, тээвэрлэлтийн хувьд алсыг харсан арга хэмжээ авах талаар хоёр талаас бодолцож үзэхийг санал болгожээ. Өөрөөр хэлбэл “Загас барих аргыг нь бодож ол. Түүнд чинь тусалъя” гэсэн утгатай орос маягийн зөвлөгөө түүний хэлсэн ганц өгүүлбэрээс цухалзаж байна. Засгийн газрын тэргүүний хувьд В.Путинд ч гэсэн “Роснефть”-д хандан Монголд шатахуунаа зар гэсэн тулгалт хэлэхэд халуухан л байгаа. Ямар В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын уулзалт биш дээ. Тэс өөр нийгэмд амьдарч байна шүү дээ. Харин үүний оронд “Хамтраад Монголд нефтийн үйлдвэр барья” гэсэн бол илүү гоё санагдах байлаа. Монголоос Орост нийлүүлдэг ганц зүйл нь мах. Гэтэл В.Путин бид малыг чинь эрүүлжүүлэх вакцин өгье. Сайн мах өгөөрэй гэж байгаа биз дээ. Вот. Энэ бол түншийн харилцаа. Харин манайх юу ч амлахгүйгээр шатахуун өгөөч гэж байна. Энэ бол хамгийн зөөлнөөр хэлэхэд арчаагүй гуйлга.
Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайханы хэлснээр бол ОХУ Японы Фүкүшимад болсон гамшгийн улмаас тус улс руу нефтийн бүтээгдэхүүнээ их хэмжээгээр экспортолсон нь дотоодын нийлүүлэлтэд нь сөрөг нөлөө үзүүлжээ. Үүний дараахан В.Путин нефтийн бүтээгдэхүүний экспортыг тодорхой хугацаагаар хязгаарласан. Японд атомын цахилгаан станцад осол гарсны улмаас шатахууны дэмжлэг авсан бол манайх Оросууд өгөхгүй байгаа учраас оросуудаас дэмжлэг хүсч байна. Энэ ялгаа ч гэсэн ичгэвтэр байгаа биз дээ. Хятадууд шатахуунаар тусална гэсэн боловч дэндүү “үнэтэй” олдох нь тавьсан шаардлагуудаас нь харагдсан. Тэдний тавьсан нөхцөл шахаанд оруулах гэхээсээ илүү татварын хөнгөлөлт, төрийн дэмжлэг, хууль эрх зүйн орчны таатай, тогтвортой байдалд чиглэжээ. Аль ч улсын хөрөнгө оруулагчдын тавьдаг л шаардлага. Гэхдээ хойшоо ч, урагшаа ч гуйлга гуйж, “дусал” шатахуун олоод алгаа ташиж, саатахаар нь урвайж сууцгаах л эмгэнэлтэй санагдаад байгаа юм.
Уг нь Засгийн газар энэ талаар юу ч хийхгүй байгаа хэрэг биш л дээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр Ерөнхий сайд говийн аймгуудад ажиллахдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт газрын тосын үйлдвэр барихад тухай ярьцгааж л байсан. Ийм үйлдвэр барих сонирхолтой арав гаруй компани мэргэжлийн байгууллагуудад хүсэлтээ хүргүүлээд байгаа гэсэн. Нефть боловсруулах үйлдвэртэй болоход цаад тал нь гурван жилийн хугацаа хэрэгтэй хэмээн тэр үеэр эх сурвалжууд ярьж байсан. Мөн гуравхан хоногийн өмнө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, шатахуун хомсдохоор л нефтийн үйлдвэрийн тухай яриад өнгөрдгөө ажил хэрэг болгох хэрэгтэйг Газрын тосны газрын даргад анхааруулсан. Энэ үеэр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан “Монголын анхны нефть боловсруулах үйлдвэрийг Дорнодод барихад найман сар, Зүүнбаянд барихад 14 сарын хугацаа л хэрэгтэй” гэсэн. Ерөнхий сайдын амласан гурван жилийн хугацаатай харьцуулбал нааштай л сонсогдож байна. Ямартай ч энэ асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх ажээ.
Манай улсын газрын тосны салбар 70 жилийн түүхтэй гэж хөөрцөглөдөг ч үндсэндээ 1998 оноос өнөөдрийг хүртэл 13 жилийн л түүхтэй гэж хэлж болно. Энэ 13 жилийнхээ хугацаанд нийт найман сая баррель түүхий тос олборлоод бүгдийг нь өмнөд хөрш рүү экспортолчихсон. Тэгээд өөрсдөө болохоор хойд хөршөөс гуйгаад байдаг. Дашрамд дурьдахад АНУ газрын тосны 150 жилийн түүхтэй. Ямар үед АНУ-д газрын тосны зах зээлийн хэвийн үйл ажиллагаа доголдож байв гэхээр 1970-аад онд, Засгийн газар нь шатахуун, түлш тараах, хуваарилах ажлыг мэдэлдээ авсан тэр үед л үнэ өсч, урт дараалал үүсч, бөөн асуудал болж байжээ. Төрийн хяналтыг цуцалчихаар үнэ нь буурч, үйл ажиллагаа нь хэвийн болоод байсан. Тэгэхээр төр ажлаа л хийх хэрэгтэй. Өөр ажилд хошуу дүрэх хэрэггүйг энэхүү нөхцөл байдал харууллаа. “Амьдарч чадахгүй бол үх” гэдэг хууль үйлчилж байгаа энэ нөхцөлд “Биднийг авраач” гэх нь утгагүй юм. Монголын төр шатахууны гачаалаас гуйлгын бус замаар гарч, тулгамдсан асуудлуудаа шийдэх ёстой. Энэ бол төрийн үүрэг.
Монголын төрийн хурд бизнесийнхний хурдыг гүйцэхгүй байна хэмээн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид муулдаг. Нэг жишээ дурьдахад Францын Гадаад худалдааны сайд өнгөрсөн намар Монголд ирэхдээ ураны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Монгол Улс 2017 он гэхэд шар нунтагийн худалдаачин байхаа больж, жилд 2000-2500 тонн уран олборлох үйлдвэрлэдэг болох байх хэмээн “Арева”-гийнхан ярьж байна. Гэтэл туршилт хийхийн тулд бөөн зөвшөөрөл хэрэгтэй байгаа юм билээ. Үүний нэгэн адил Монголд нефтийн үйлдвэр байгуулаад, импортын дарангуйллаас салгаад өгье гэвэл “чөтгөртэй нөхцсөн” ч яах вэ дээ. Энэ бол эдийн засгийн маш том мутаци болно.