-Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймэр бүрэн унтарсан бөгөөд нэг гэр бүлийн гурван хүн түлэгджээ-
Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 60 суманд 116 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Үүний 50 түймэр нь зүүн гурван аймаг болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт олон хоног үргэлжилсэн болон Сүхбаатар аймагт гарсан түймрийг бүрэн унтраагаад байна. Дорнод аймгийн Баян-Уул суманд хоёр долоо хоногийн турш асч, ихээхэн хохирол учруулсан түймэр цурманд орж унтарчээ. Мөн тус аймгийн Дашбалбар сумын Дэлгэр нуур гэдэг газар цурамнаас гал алдаж, Чулуунхороот сум руу орсныг өчигдөр цурамд оруулан унтраасан байна.
Дорнод аймгийн Булган сумаас гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн нутагт орж, нэг өдөр, хоёр шөнө үргэлжлэн асаж, өнөөдөр цурманд оруулсан байна. Түймрийн улмаас Сүхбаатар сумын 20 гаруй айлын гэр, мөн нилээд тооны мал шатжээ. Мөн гэр бүлийн гурван хүн түлэгдэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн яаралтай тусламжийг авсан ч иргэдийг Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт шилжүүлээд байна.
Мөн пүрэв гаригийн(IV.30) 14.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас зүүн тийш 40 км-т байрлах Нүхтийн уурхайд түймэр гарсныг оройн 22.00 цагт унтраажээ.
Хээрийн түймрийг унтраахад нутгийн иргэд болон Онцгой байдлын аврагчид бүрэлдэхүүнээр ажилласан байна. Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар салхины хүч их байгаа учраас түймрийг унтаарахад хүндрэлтэй байсан гэж тус аймгийн ОБГ-аас мэдээлэв.
Ч.БОЛОР