“Алтандорнод Монгол”-ын талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

“Алтандорнод Монгол”-ын талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд “Алтандорнод Монгол” компанийн нэхэмжлэлтэй холбоотойгоор гарсан маргааны эргэн тойрон дахь асуудлаар мэдээлэл хийх болжээ. Тодруулж хэлбэл, тус компани Монгол Улсын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгснөөр хэдий хэмжээний зардал гаргасан, одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх болсон аж. Энэ мэдээллийн хүрээнд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын ямар үндэслэлээр "Алтандорнод монгол" компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушокт холбогдох залилан хийсэн,  татвараас зайлсхийсэн гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон талаарх асуудал ч хөндөгдөх бололтой.

Харин одоо 10.00 цагт эхлэх чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна.  Мөн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус бүр хийх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж