-Та Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй багаа удирдлаа. Ямар үүрэг даалгавартай оролцсон бэ?
-Холбооноос мэдээж хэрэг хариуцлагатай үүрэг өгсөн, багаараа гуравдугаар байрт орох даалгавартай явсан. Харин бид дөрөв, тавдугаар байр орчимд л орох байх гэж бодож байлаа. Ихэвчлэн залуучууд гэхэд эрэгтэй багийнхан маань бүгд сайн барилдсан. Өнгөрсөн жил Нью-Дели хотоос хоёр л медальтай ирж байсан. Харин энэ удаа бүр таван медаль хүртлээ шүү дээ. Тэр ч бүү хэл багаараа гуравдугаар байрт шалгарч, цом хүртлээ. Энэ бол том амжилт, чөлөөт бөхийн спортод гарч буй дэвшилт юм. Ойрын хэдэн жилд ингэж медаль бөөндсөнгүй. Алт, мөнгөн медаль аваагүй ч бүх жинд жигд барилдаж, олон медаль авч байх сайхан л байдаг юм байна.
-Багийн амжилтаа ахиулах боломж байсан уу?
-Байлгүй яах вэ. Хоёр битгий хэл нэгдүгээр байрт орох ч боломж байлаа. Нэгдүгээр байрт орсон Узбекийн баг биднээс гурван оноогоор л илүү байсан гээд бод доо. Харин хоёрдугаар байрт орсон багт бид нэг л оноо алдсан. 55 кг-ын жинд манай Д.Цогтбаатар БНСУ-ын бөхийг ялаад, 96 кг-д Д.Хүдэрбулга Киргизийн бөхийг ялсан бол гээд яривал олон л юм байна. 60 кг-ын жинд Б.Нэмэхбаяр нэгдүгээр тойрогт Казахстаны бөхийг дийлсэн бол тавцангийн хамгийн дээр нь гарах сайхан боломж байсан ч алдлаа. П.Өнөрбат жин өгсч барилдсан ч туршлагатай бөхийн хувьд гаргах амжилтаа дутуу гаргасан. Ж.Чулуунбат Ираны бөхтэй би юу, чи юу гэж байгаад л хожигдсон. Энэ мэт шалтаг тоочвол олон л доо.
-Бусад орнуудаас өндөр чансаатай тамирчид хэр ирсэн бэ?
-Олимпийн наадмын эрх олгох хугацаа дөхсөн, тивийн хамгийн том тэмцээн болохоор шилдэг бөхчүүд олон байлаа. Би тивийн аваргын тэмцээнд бөхчүүдтэйгээ хамт тав дахь удаагаа оролцож байна. Олимп, ДАШТ-ий медальтнууд, ойрын үед нэр нь тодорч байгаа залуу бөхчүүд ирж нэлээд ширүүн өрсөлдсөнийг дурьдах хэрэгтэй байх. Тэмцээний шүүлт өөр болж, дүрэм улам чангарч байна. Клинч барьц хүлээдгийг болиулах, клинч барьц өгөхөөс татгалзаж торгууль өгөх хандлагыг ФИЛА-гийн удирдлагаас барьж байгаа бололтой, сав л хийвэл торгочих гээд байх болчихож. Энэ байдлыг дасгалжуулагч багш нар, бөхчүүд гойд анхаарч бэлтгэл сургуулилтаа хийх хэрэгтэй байна. Мэх хийлтийг олшруулж барилдааныг үзэгчдэд улам сайхан харагдуулахад л дүрэм чиглэж байна.
-Манай эрэгтэй бөхчүүдийн бяр тэнхээ Иран гээд зарим орны бөхчүүдэд хүрэхгүй байх тал байна уу, үгүй юү?
-Бие бялдрын байдлын тухай яриа байна л даа. Гаднаас нь харахад, орос морь өндөр, монгол морь намхан. Гэхдээ давхихаараа манай намхан морьд холын зайг туулах чадвараараа илүү байдаг. Ийм байдал бөхчүүд дээр харагдаж байна. Манай зарим бөх америк, орос бөхчүүдээс бие бялдрын хөгжил арай дутуу юм шиг харагддаг, тэр бол гол үзүүлэлт биш.
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин