Бээжингийн олимпийн тэнгэрт Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Олимпийн наадмын рингэнд бахдам амжилт гаргаж, өрсөлдөгч бүрээ илүүрхэн буулгаж авснаар аваргын тавцанд гарч, нутаг нэгтнүүдээ баярлуулсан тэрбээр 1985 оны энэ өдөр мэндэлжээ. 13 наснаасаа боксын спорттой амьдралаа холбосон тэрбээр “Бээжин-2008” зуны олимпийн наадамд 54 кг-ын жинд аваргалж, улмаар тухайн жилдээ AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан билээ. Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Германд болдог Химийн цомын тэмцээний аварга, 2006 оны Азийн наадмын хүрэл медальт, оюутны дэлхийн аварга, 2007 оны Азийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт гээд амжилт арвинтай түүнд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
С.Цэлмэг