У.Хүрэлсүх: Төрийн хуулиар далайлгаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Төрийн хуулиар далайлгаж болохгүй

ШӨХТГ өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Ялалтын талбайд зохион  байгуулж байна. Нээлттэй өдөрлөгт Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрбээр  “Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд зургаан агентлаг байдгийн нэг нь ШӨХТГ.

Энэ байгууллага  иргэдийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг бий болгох замаар эдийн засгийг тогтвортой байлгах үүрэг хүлээдэг.  Засгийн газар  байгуулагдаад  долоон сар болох гэж байна. Монгол Улсын эдийн засаг хямралд орсон нь үнэн.  Засгийн газар хямралд орчихсон эдийн засгийг зогсоох, өөд  нь татах үүрэг  хүлээсэн. Үүнд та бүхний оролцоо  чухал.Хамгийн чухал нь хуулийг хэрэгжүүлж, хуулийн дагуу ажиллах ёстой. Хууль бол амьд организм учраас өөрчлөгдөх ёстой. Хуулийг амьдралд нийцүүлэхийн тулд  эргэж харж, өөрчлөх  шаардлагатай. Та бүхэн иргэдийн хувьд сайн найз нь болж, арга зүйн зөвлөгөө туслалцаа   үзүүлж ажиллаарай. Харин  төрийн хуулиар далайлгах, хяналт  шалгалтаар дарамтлах байдлаар ажиллаж болохгүй. Хяналт шалгалт 30 хувь, арга зүйн зөвлөгөө, туслалцаа 70 хувь байвал  зохимжтой” гэсэн юм.

ШӨХТГ-т он гарсаар 4800 гаруй өргөдөл гомдол ирсний 60 хувийг орон сууцны метр квадраттай холбоотой, 20 хувийг СӨХ-той гомдол эзэлсэн байна. Энэ нь барилгын салбарт  хэрэглэгчийн эрх ашиг хамгийн их зөрчигдөж байгааг харуулж байна гэж  салбарынхан үзэж байна. Түүнчлэн сүүлийн үед машин ачих, дугуй түгжих арга хэмжээ, IPTV үйлчилгээ эрхлэгчид  хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байна гэх шинэ төрлийн гомдол олноор ирэх болсон байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж