Нэгдүгээр ангийн шинэ сурах бичгийг тараасан гэв

Хуучирсан мэдээ: 2011.06.03-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр ангийн шинэ сурах бичгийг тараасан гэв

Хичээлийн шинэ жил эхлэхэд сурах
бичиг хэвлэгдээгүй гэсэн гайхмаар тайлбартайгаар багачууд гартаа барих
номгүйгээр хичээлээ эхлүүлэх шахдаг. Харин энэ жил Боловсрол соёл
шинжлэх ухааны яам /БСШУЯ/-наас ийм алдаа гаргахгүй гэсэн ам өчиг өгсөн.
Ирэх хичээлийн жилд хэрэглэх шинээр болон дахин хэвлэх сурах бичгийн
зохиох эрх, тендерийг өнгөрсөн оны есдүгээр сараас зарлаж хоцрохгүй байх
талаар бүх арга хэмжээг авсан гэж албаныхан мэдээлж байгаа. Сурах
бичгийн тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд зарласан бөгөөд энэ
сард хэвлэж дуусгана гэж мэдэгдэж байсан.   Энэ жил нэгээс дөрөв, долоо,
есдүгээр ангийн сурах бичгийг шинээр хэвлэж байгаа. Энэ талаар БСШУЯ-ны
ерөнхий боловсролын сурах бичиг хариуцсан мэргэжилтэн Г.Батбаатараас
тодрууллаа.

-Одоогоор хэдэн сурах бичиг хэвлэгдэж, тараагдсан бэ?

-Арванхоёр жилийн нэгдүгээр ангийн сурах бичгүүд хэвлэгдээд
сургуулиудаар тараагдаж байна. Нэгдүгээр ангийн сурах бичгийг энэ сарын
20-нд тарааж дуусгана. Хоёр, гуравдугаар ангийн сурах бичгийг
нийлүүлсэн, дөрөв, есдүгээр ангийн сурах бичгийг удахгүй нийлүүлэх гэж
байна.

-Сурах бичиг хэвлэх төсвийг хаанаас санхүүжүүлдэг вэ?

-Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгүүдийн санхүүжилтийн 86 хувийг
Азийн хөгжлийн банкнаас гаргаж байгаа. Үлдсэн хувийг Монгол Улсын
засгийн газраас гаргасан. Энэ жил БСШУЯ хэвлэлийн чанарыг шалгах шинэ
төхөөрөмж оруулж ирсэн. Энэ төхөөрөмж нь хэвлэлийн цаас, цаасны шохойн
хэмжээ гэх мэт хэвлэлийн бүхий л чанарыг шалгах юм.

-Энэ жил шинээр хэвлэгдэж байгаа номнууд агуулгын хувьд хуучин номноос ялгаатай юу?

– 2005-2008 онд  ерөнхий боловсролын системд хувилбартай сурах
бичгүүдийг хэрэглэж байсан. Сурах бичгүүд доторх агуулга нь ижил хэрнээ,
өөр өөр зохиогчтой, өөр өөр хэвлэх үйлдвэрт хэвлэсэн байдал нь эцэг
эхчүүдийг тухайн үед бухимдуулж байсан. Харин 2008 оны хичээлийн жилээс
эхлэн энэ асуудал цэгцэрсэн. Тухайлбал 11 жилийн III ангийн монгол
хэлний сурах бичиг гэхэд гурван  хувилбартай , гурван  өөр хэвлэлийн
газар хэвлэж, өөрсдөө үнийг тогтоож,  нийлүүлдэг байсан. Одоо бол үгүй. 
Ерөнхий боловсролын сургуулиуд үндсэн нэг сурах бичигтэй байхаар болсон
.Жишээлбэл шинээр зохиож, нийлүүлэх 12 жилийн III  ангийн монгол хэлний
сурах бичиг нь улсын хэмжээнд нэг л байна гэсэн үг.БСШУЯ-наас шинээр
гаргах сурах бичгээс бусад сурах бичгийг дахин хэвлэхгүй. Худалдаанд
байгаа сурах бичгүүд энэ хичээлийн жилд хангалттай хүрэлцэнэ гэж үзэж
байгаа. Харин өчигдрөөс шинээр гаргах 25 нэрийн сурах бичгийг хэвлэх
тендерийг зарласны дагуу зарим хэвлэгдэж байна.

-12 жилийн тогтолцоонд шилжсэн учраас бүх ангийн сурах бичгийг шинэчлэх ёстой байх?

-Нэг жилд бүх ангийн сурах бичгийг шинэчлэх боломжгүй. Тиймээс хоёр
жилийн өмнөөс анги сонгон сурах бичгийг нь  шинэчилж эхэлсэн. Энэ ажил
12 жилийн сургалттай болсонтой уялдаж 2014 он гэхэд дуусна. Ер нь
сургуулиуд БСШУЯ-наас зөвшөөрсөн сурах бичгээс өөр ном шаардахыг 2008
оноос хориглосон байгаа. Шинэчлэл явагдаж дуустал 2005-2008 онд
хэвлүүлсэн сурах бичгийг сургуулиуд хэрэглэж байх ёстой. Харин тусгай
сургалттай сургуулиуд сонгоны хичээлдээ өөр ном ашиглаж болохыг
үгүйсгэхгүй.

-Сурах бичиг нэг бүр нь  хэдэн төгрөгөөр хэвлэгдэж байгаа вэ?

-Одоогоор нэг бүрийн  үнийг гаргах боломжгүй байна. Энэ сарын 15-наас
хойш нэг бүрийн үнэ, тооцоо гарна. Шинээр хэвлэгдэж байгаа сурах
бичгүүдийг энэ сарын 15-нд хэвлэж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Тендер, үнэ зэрэг асуудлыг дээр хэлсэн хугацаанаас хойш лавлахад болно.

Ш.ЧИМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж