гэдэг нь аз гэсэн үг. Монголд зах зээл эхэлж байх үед анх байгуулсан
хувийн компанийнхаа нэрээр овоглож ирсэн Н.Батбаяр гишүүн сүүлийн үед
эрс өөрчлөгдөж, танигдахаа болих янзтай.
Саяхан Засгийн газраас
ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихээр 110 тэрбум төгрөгийн бонд гаргаж,
түүгээрээ үндэсний 12 том компанид жилийн зургаан хувийн хүүтэй зээл
өгөхөөр санаачилсан нь гишүүдийн аллергийг хөдөлгөж, бондын хэмжээг 300
тэрбум төгрөг хүртэл өсгөн, ноосны салбарыг давхар дэмжихээр ярилцаж
байна. Тэр ч байтугай ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр гишүүн нэг кг ноос
тушаасан хүнд 2000 төгрөгийн урамшуулал өгнө хэмээн “цоороод”, цойлоод
эхэлсэн /уг нь нэг кг ноосны зах зээлийн үнэ өнөөдөр 500 төгрөг байгаа/.
Тэгвэл сүүлийн 20 жил сул зогссон сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрлэл
сэрвийгээд сэгсийгээд босоод ирэх юм гэнэ. Цөөхөн гишүүд, өмнө нь
ноолууранд өгсөн 5000 төгрөгнөөс болж УИХ “76 ямаа” гэдэг нэртэй болсон
шүү, одоо ноосонд өгч байгаа наад мөнгөнөөс чинь болж бүгдээрээ “тэнэг
хонь” гэж дуудуулах боллоо доо гээд л учирлаж гуйсан ч Н.Батбаяр гишүүн
“таван хошуу малынхаа нэрээр нэрлүүлэх нь нэр төрийн хэрэг” гэж үзсэн
билээ. Хониноос “чи тэнэг үү?” гэж асуултай биш, хонь л бол хонь шүү
дээ.
Бас нэг танил түүх байдаг юм, Гэнэтийн ашгийн 68 хувийн
татварын тухай. Албан ёсоор бол “Зарим барааны үнийн өсөлтийн албан
татвар” нэртэй уг хуулийн автор нь “Фортуна” хэмээх Н.Батбаяр. 2004 оны
сонгуульд Ардчилсан нам Л.Гүндалай гишүүний санаачилсан “хүүхдийн 10
мянга”-аар сурталчилгааныхаа фоныг хийн гарч ирсэн ч сонгууль
өндөрлөсний дараа “хаанаас эх үүсвэрийг нь олох вэ” гэдэг хүнд
асуудалтай тулгарсан билээ. Харин асуултын хариуг эрхэм “Фортуна” олж
харсан нь тухайн үед дэлхийн зах зээл дээр үнэ өсч эхэлсэн алт, зэсэнд
гэнэтийн ашгийн татвар тавих явдал байлаа. Урьд өмнө манайд мөрдөгдөж
байгаагүй энэ татварыг хэдэн хувиар тогтоох дээр бас л асуудал тулгарч
/мэдээж ахиухан байх тусмаа сайн/, орох байх газраа олж ядахад мань эр
“68” гэдэг тоог олсон юм. Тавь биш, 75 ч биш, 68 шүү. Харин энэ нь тэр
үед Японы мэргэжлийн сумод ялалт байгуулж, 68 дахь Их аваргаар тодорсон
Д.Дагвадоржид зориулсан хүндлэл гэдгийг нь хожим мэдсэн уул
уурхайнханд уйлах ихдэж, инээх багадах гээч болсон доо. Оройтож төрсөн
Дагваадаа гомдсон уу, аваргын эрэмбийг ашигт малтмалын татвар болгосон
Н.Батбаярт уурласан уу, мэдэхгүй. Гудамжаар л нэг нус нулимс болсон
хүмүүс гурван жил цувцгаасан.
Уг нь бол “гэнэтийн ашгийн” гэж
нэрлэгдсэн энэ татвараар хоёр жилийн дотор 300 гаруй тэрбум төгрөгийг
төсөвт төвлөрүүлж, айл өрх бүр хүүхдээрээ дамжуулан хувь хүртсэн гэж
бодохоор мань хүнд зориулж хөшөө босгомоор. Уул уурхайн салбарын
хөгжлийг хэсэг хугацаанд хойш татаж, улс орны нэр нүүрийг хөрөнгө
оруулагчдын дунд “шарсан” гэх энэ хууль Оюутолгойн гэрээн дээр ирж
хүчингүй болсон билээ. Үүнээс болж Монголын Засгийн газар олон улсын
шүүхэд дуудагдаж, дөрвөн жилийн турш зургаан сая ам.доллар зарцуулсны
эцэст дөнгөж саяхан “Алтандорнод Монгол” компаниас 167 тэрбум төгрөгийн
татварын өрөө нөхөн төлүүлэхээр болоод байгаа.
Шинэ цагийн
бизнесмэн, тоонд дуртай эдийн засагч маань урт дээл хошролдуулан, гэзэг
юугаан намируулж, Төрийн ордны голд тахилгат гэр барьж, “төрийн хийморь
доройтов” энэ тэр гээд дуучин С.Жавхлантай ганзага нийлэх болсонд
харамсах хүн ч таарах.
Чуулганы танхимаас 99 дээд тэнгэртэй
харьцдаг гишүүн маань хамгийн сүүлд С.Эрдэнэ, Ш.Сайхансамбуу нарыг
дагуулан “Чингис хааны академи”-д зочилж, хааны ач хүү, хунтайж
П.Даваанямаас “Чингисийн морьтон баатар” цолоор хүртэл шагнагдсан нь
өрсөлдөгчдийг гүн ”шок”-онд оруулж, хүч тамирын тэнцвэргүй байдал
үүсгээд байна.
Атаархсандаа зарим нь “Морь унасан хонь” л гэх юм билээ…