М.Ариунбаяр: Аж ахуйн нэгжүүд уул уурхайн мэргэжилтэнгүйгээр, геологичгүйгээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэхээр харамсалтай | News.MN

М.Ариунбаяр: Аж ахуйн нэгжүүд уул уурхайн мэргэжилтэнгүйгээр, геологичгүйгээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэхээр харамсалтай

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

М.Ариунбаяр: Аж ахуйн нэгжүүд уул уурхайн мэргэжилтэнгүйгээр, геологичгүйгээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэхээр харамсалтай

Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо улсын хэмжээнд  4704-т хүрээд байгаа ажээ. Эдгээрийн 1091 нь ашиглалтын, 3613 хайгуулын зөвшөөрөл юм. Энэ бүх зөвшөөрлийг 1910 аж ахуйн нэгж хуулийн этгээд эзэмшдэг бөгөөд тэдний 77,8 хувь нь дотоодын, 14,5 хувь нь зуун хувийн гадаадын хөрөнгө оруулагч нар, 7,7 хувь нь хамтарсан аж ахуйн нэгж ажээ.  Энэ бүх лиценз эзэмшигчдийг тойрсон асуудал болоод ашигт малтмалын салбарын хууль эрхзүйн орчны талаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяртай ярилцлаа.

-Засгийн газраас уул уурхай, ашигт малтмалын салбараас хөрөнгө босгох ажлыг эхлүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэ жилийн хувьд 1,2 тэрбум ам.долларын хувьцаа гаргах талаар ч яригдаж эхэллээ. Гадаадын хөрөнгийн биржүүдээс хөрөнгө босгох боломж хэр байдаг юм бол. Үндэсний мэргэжилтнүүдийн ур чадвар хэр юм бол?

-Гадаад
орны туршлагаас харахад хөрөнгийн биржээс хөрөнгө босгож, геологи, уул
уурхайн салбарынхаа томоохон төслүүдийг санхүүжүүлэх нь түгээмэл жишиг.
Тиймээс эхний ээлжинд нөөц нь тогтоогдчихсон, геологийн хайгуулын ажлын
гүйцэтгэл нь боломжийн орд газрынхаа нөөц дээр тулгуурлан мөнгө босгож
болох юм. Тэрхүү босгосон хөрөнгөөрөө зөвхөн уг төслөөс санхүүжүүлээд
зогсохгүй бусад дагалдах ажлуудыг санхүүжүүлэх боломж нээлттэй байгаа.
Манайд эрэл хайгуулын завсрын үйл ажиллагаа явуулдаг /жуниор/ гадаадын
компаниуд Торонто, Лондон, Хонконгийн бирж дээр 20 гаруй тэрбум
ам.доллар босгосон байдаг. Тэгэхээр бид ч бас хөрөнгө босгох чиглэлээр
зайлшгүй ажиллах шаардлагатай. Бидэнд боломж бололцоо ч бий. Гэхдээ
эхний ээлжинд бэлтгэл сайн байх ёстой. Одоогийн байдлаар Монгол улсад
уул уурхайн салбарт хөрөнгө босгох мэргэжилтнийг тусгайлан бэлтгэдэггүй.
“Хөрөнгө бирж дээр хэрхэн хөрөнгө босгох вэ” гэсэн сургалт саяхан
явагдсан. Сургалтын явцад хөрөнгө босгох чиглэлээр туршлага сууж яваа,
хөрөнгө босгох бэлтгэлийг хангадаг гадаадын компаниуд олон байдаг юм
билээ. Монголд уул уурхайн мэргэжилтнүүд бол хангалттай бэлтгэгдсэн.
Эдгээр хүмүүс мэргэжлийн дүгнэлтээ гаргаж өгөх бүрэн чадвартай. Үүн дээр
тулгуурлаад хөрөнгө босгох чадамж монгол компаниудад бий.

– Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий
газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх,
ашиглахыг хориглох тухай хууль гараад багагүй хугацаа өнгөрч байна.
Хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжүүлэх байсан ч
өнөөг хүртэл хэрэгжиж эхлээгүй байгаа. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх
хугацааг хойшлуулах саналыг Эрдэс баялаг, эрчим хүчний яанаас  УИХ-д
өргөн барьсан гэх юм. Энэ хууль өнгөц харахад байгаль орчныг хамгаалахад
дөхөмтэй мэт боловч хэрэг дээрээ ихээхэн “цоорхой”-той хууль болжээ гэх
боллоо?

– Гол мөрний урсац бүрэлдэх эх,
усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт
малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд гурван төрлийн
хязгаарласан буюу хориглосон бүс байгаа. Гол мөрний урсац бүрэлдэх эх
газар, ойн сан газар, усны сав бүхий хамгаалалтын бүсэд ашигт малтмал
хайх, ашиглахыг хориглосон. Одоогийн байдлаар  гол мөрний урсац бүрэлдэх
эх газар, ойн сан бүхий газрын хэлбэр хэмжээг тогтоох ажил хийгдсэн.
Харин усны сав бүхий хамгаалалтын бүсийг тогтоох нь Усны тухай хуульд ч
орон нутгийн хэрэгжүүлэх ажил юм. Энэ бол үндсэндээ байгаль орчны яамны
хийх ажил л даа. Тэгэхээр хууль хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах саналыг
манай яамнаас биш Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан байх
магадлалтай. Манай яамны зүгээс хууль хэрэгжүүлэх хугацааг сунгах санал
гаргаагүй. Уг хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Одоогоор яригдаж
байгаа 300 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр бол зөвхөн хайгуулын лицензэд
хамаатай. Асуудлын гол нь нөхөн төлбөртөө байгаа юм биш. Ашигт малтмалын
тухай хуульд зааснаар тухайн компанийн тусгай зөвшөөрөл нөхөн төлбөр
бүрэн барагдаж дууссан тохиолдолд цуцлагддаг. Тэгэхээр дээрх хуулиар эрх
нь хөндөгдсөн 900 компанийн нөхөн төлбөрийг бүрэн хийсний дараа тусгай
зөвшөөрлийг цуцлах эрх нь үүснэ. Гэтэл манайхан 2-3 жилийн хугацаанд
нөхөн төлбөрийг олгоно гэж яриад байгаагаас тэр хүмүүс 2-3 жилийн турш
үйл ажиллагаагаа явуулаад, зардлаа нэмээд байх боломжтой мэт харагдаж
байгаа юм. Нөгөө талаасаа аливаа үйл ажиллагааг заавал хориглох
хязгаарлах маягаар явах нь аль ч талаас нь харахад буруу ш ийдэл байдаг.
Энд онцолж хэлэхэд байгаль орчныг хамгаалах, экологийн асуудлыг бусад
хуульд огт дурдаагүй юу гэвэл бас тийм биш. Байгаль орчны хууль, усны
хууль, эрүүгийн хуульд хүртэл зүйл заалт нь бол хангалттай байгаа ч хэн ч
хэрэгжүүлээгүйд хэргийн учир оршиж байгаа юм. Манайх хэрэгжүүлэгч
агентлаг учир хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь дамжиггүй. Харин
энэ хуулиа бусад хуультай уялдуулах тал дээр анхаарч, шаардлагатай бол
нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна гэдгийг л хэлмээр байна.

-Албан ёсны зөвшөөрөлтэй компаниудыг хөөн
гаргаснаар улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй, ямар ч үүрэг
хариуцлага хүлээдэггүй “нинжа” нарт боломж олгох нь гэдэгтэй та санал
нийлэх үү?

-Гар аргаар алт олборлогч буюу
нинжа нартай тэмцэх ажлын тал хувийг албан ёсны лиценз эзэмшигч
компаниуд үүрч явсныг хэлэх хэрэгтэй байх. Тал хувийг нь компаниуд
хамгаалаад байхад дийлдэхгүй байсан нинжа нарын асуудал төрийн нуруун
дээр ирэх нь тодорхой болоод байна. Геологи, уул уурхайн салбарынхан
байгаль орчныг үл хайхарсандаа энэ үгийг хэлж байна гэж ойлгож болохгүй.

-Хуулийг боловсруулж байх үед нь
мэргэжлийн хүмүүс, тэр дундаа хуулийг хэрэгжүүлэгчид та бүхэн  санал
бодлоо илэрхийлэх боломж олдсон уу?

-Хууль
боловсруулж байх үед бид саналаа өгсөн. Гэвч яг үнэнийг хэлэхэд хэдэн
хүн Төрийн ордны зүүн талд өлсгөлөн зарлаж сууж байгаад л хүчээр
батлуулсан хууль шүү дээ. Одоо бол хууль нэгэнт батлагдчихсан. Тэгэхээр
зөв үзэл бодол дээр нь хэрэгжүүлэх шатны үйл ажиллагааг зөв уялдуулах л
үлдээд байна.

-Дээр дурдсан 900 аж ахуйн
нэгж байгууллага бүгд олборлолтоо эхэлчихсэн гэсэн үг үү?

-900 тусгай зөвшөөрөл нь зөвхөн хайгуулынх шүү дээ. Дээр
нь ашиглалтын 200 гаруй компани бий. Эдгээрийн дотор үйл ажиллагаагаа
явуулаад жигдэрч байгаа нь ч бий, ажиллаж эхлэх гээд хөрөнгө мөнгө
төвлөрүүлсэн нь ч бий, ажлаа огт эхлээгүй нь ч байгаа. Гэхдээ энэ бол
гол мөрний урсац бүрэлдэх эх газар, ойн сан бүхий газарт үйл ажиллагаа
явуулж буй аж ахуйн нэгжүүд шүү дээ. Гурав дахь нь усны сан бүхий газарт
хэчнээн компани тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь одоогоор
тодорхойгүй.

-Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөлийн хурлаар Оюутолгой ХХК-ийн Техник эдийн засгийн үндэслэл
/ТЭЗҮ/-г буцаасан. Буцаах
болсон үндэслэл нь юу байсан
бэ. ТЭЗҮ-г хэзээ батлах бол?

-Оюутолгой
ХХК-ийн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-г үндсэн дөрвөн шалтгааны
улмаас буцаасан гэдгийг хүмүүс сайн санаж байгаа байх. Нэгдүгээрт, хүчин
чадлын тодорхойлолт оновчгүй байна, хоёрдугаарт, усны асуудлаа
шийдээгүй байна, гуравт, нөөцийг бүрэн дүүрэн ашиглах асуудал дээр
хайгуулын үед Эрдэс баялгийн  мэргэжлийн зөвлөлийн өгсөн үүрэг
даалгаврыг биелүүлээгүй байна, дөрөвдүгээрт, хуульд заагаагүй
үндэслэлээр хоёр хувийн роялтийг оруулж ирсэн гэсэн үндэслэлээр
буцаасан. Эдгээрийг шийдвэрлээд ирчих бүрэн боломжтой. Одоогоос арав
гаруй хоногийн өмнө Оюутолгой ХХК-ийнхан ирж уулзаад, ажил байдлаа
танилцуулсан. Зарим  нэг асуудлыг боловсруулж хараахан дуусаагүй байгаа
юм байна. Боловсруулаад дуусмагц нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл
асуудлыг дахин хэлэлцээд мэргэжлийн түвшинд бэлэн болсон төсөл хүлээн
авах болно.

-Тэгэхээр 2010 оны дөрөвдүгээр
сарын 6-ны өдөр гэрээнд гарын үсэг зурснаас хойш зургаан сар болно. Энэ
хугацаанд Оюутолгойн ТЭЗҮ бэлэн болж амжих уу. Амжихгүй бол яах вэ.
Эсвэл Эрдэс баялгийн эрдмийн зөвлөлөөс батлахгүй бол яах вэ?

-Гэрээнд гарын үсэг зурснаас хойшхи зургаан сарын дотор
ТЭЗҮ-г хэлэлцүүлэх ёстой. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс тус
компанийн боловсруулсан ТЭЗҮ-г хэлэлцээд бүхэлд нь буруутгасан хэрэг биш
шүү дээ. Дээр өгүүлсэн дөрвөн асуудлыг эргэж боловсруул гэсэн даалгавар
өгсөн л гэсэн үг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 30 гаруй
гишүүдийн 51 хувийн саналаар асуудлыг шийддэг онцлогтой.

-Лицензийн намйаа ил далд аргаар байнга явагдах
болжээ. Бүр хил дамнуулан лиценз худалдах явдал ч гарсаар байгаа. Энэ
асуудал дээр танай байгууллага ямар байр суурь баримталж байна вэ?

-Хуулинд бол “лицензийн наймаа” гэсэн ойлголт байдаггүй.
Харин тусгай зөвшөөрөл буюу лицензийг шилжүүлэх эрх нь нээлттэй байдаг.
Шилжүүлэхдээ хийсэн ажлынхаа үр дүн, тодорхой эд хөрөнгөтэй нь худалдаж
борлуулсан бол татвар төлөх үүрэгтэй. Гадаадын иргэд, компанид лицензээ
шилжүүлсэн тохиолдолд татварыг нь авахгүй байна гэсэн яриа гарч байгаа.
Энэ асуудлыг бол Сангийн яам, татварын алба нь л зохицуулах учиртай.

-Та мэргэжлийн хүний хувьд жишээ татан тайлбарлаж
болох уу?

-“Арева Монгол” анх “Кожа
говь”-ийг 78 сая ам.доллараар худалдаж авлаа гэсэн мэдээлэл интернетээр
цацагдсан байсан. Энэ бол нуугаад байх тоо биш. Ялангуяа хөрөнгийн
биржээр дамжуулан арилжаалсан тохиолдолд олон нийтэд нээлттэй байдаг
асуудал шүү дээ.

-Ашигт малтмалын тухай
хуульд тайлбар гаргуулах нь гэж сонсогдсон. Яг ямар асуудлаар, юуны учир
тайлбар гаргахад хүрсэн бэ?

-Сүүлийн үед
“Ашигт малтмалын тухай хууль”-тай уялдаатай хууль шинээр гарах болсны
дээр энэ хуулинд ч нэмэлт өөрчлөлт хийхэд хүрээд байна. Уул уурхайн
тухай хууль гаргах, газрын хэвлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
тухай яриа сүүлийн үед гарах болсон. Энэ мэтээс үүдэн Ашигт малтмалын
тухай хуульд өөрчлөлт орохгүй гэх баталгаагүй. Тиймээс Ашигт малтмалын
хуулиараа Дээд шүүхээс албан ёсны тайлбар авахыг хүссэн. Манай салбар
гадаад дотоодын хөрөнгө  оруулагч нарын анхаарлын төвд байнга байдаг
гэдэг утгаараа хууль эрхзүйн орчин нь аль болох тогтвортой байх ёстой .
Үнэхээр болохгүйдээ хүрвэл энэ хуулийг зөвхөн кадастрын бүртгэл гэдэг
талаас нь биш, уул уурхай, геологи,  эрхзүйн зохицуулалт, кадастрыг нь
бүхэлд нь хамруулаад концепцийн хувьд шинэчилмээр санагддаг юм.

-Ашигт малтмалын нөөцийг зүй бусаар ашиглах нь
элбэгшсэн гэх юм?

-Бид бүхний санааг зовоож
буй бас нэгэн асуудал бол яах аргагүй нөөцийн асуудал. Зарим нэг аж
ахуйн нэгжийн  хувьд олборлох талбайн нөөцийн хэмжээг бүртгүүлэхдээ нэг
янз, олборлолтынхоо тайланг  нэг янзаар өгдөг болчихоод байна.  Анх 200
кг алтны нөөц бүртгүүлчихээд тайлангаа өгөхдөө 10-15 кг алт авсан гэсэн
тайлан өгдөг жишиг тогтчихоод байна. Эндээс бид хайгуул буруу явагдаад
байна уу, хайгуул хийж буй геологичид маанть ийм чадваргүй юм уу,  аж
ахуйн нэгжүүдийн техник, технологи хоцрогдоод үр дүнгүй байна уу, эсвэл
хүмүүсээс шалтгаалаад нөөцөө худал мэдүүлээд байна уу гэсэн асуулт урган
гарнаа даа. Тиймээс бид 2010 оныг ашигт малтмалын гөөцийг зүй зохистой
ашиглах жил болгон ажиллахаар хөтөлбөр боловсруулсан. Ашиглалтын улирал
эхэлмэгц энэ талаар ажил зохионо.

-Боловсон
хүчний ур чадварын асуудал таны ярианд цухас дурдагдлаа. Салбарын
хэмжээнд энэ асуудал ямар байна вэ?

-Өнөөдөр
манай салбарт боловсон хүчний бодлого алдагдсан байна. Үйлдвэрлэл дээр
ажиллахаасаа илүү ширээний ард сууж цаас боловсруулдаг хүмүүс олширч.
Хамгийн аюултай зүйл нь геологи уул уурхайн салбарыг мэддэггүй хүн гэж
байхгүй болсон байна. Хатуухан бөгөөд хошигнож хэлэхэд “Геологи уул
уурхайн мэргэжлийн хүмүүсээс бусад нь энэ салбарыг мэддэг болж”. Тусгай
зөвшөөрөл эзэмшигчдийн тухайд гэхэд л эмч, багш, эдийн засагч,
барилгачин, бүр огт мэргэжилгүй хүмүүс ч тусгай зөвшөөрөл эзэмшиж, уул
уурхайн мэргэжилтэнгүйгээр,уулын инженергүйгээр, геологичгүйгээр үйл
ажиллагаа явуулж байгаа нь үнэхээр харамсалтай.

Ярилцсан
Д.Цээпилмаа

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж