ОУОХ “дайралт”-д өртлөө

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

ОУОХ “дайралт”-д өртлөө

-Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер Олон улсын олимпийн хороог хурцаар шүүмжилж эхэллээ-

Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ “Үйл ажиллагаа явуулж буй арга барил нь хуучирсан, хоцрогдмол, буруу, шударга бус бөгөөд ил тод бус” гэсэн шүүмжлэлд өртөв.

Улс орнуудын спорт холбоодыг нэгтгэсэн SportAccord байгууллагын тэргүүн, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Сочи хотноо болсон SportAccord-ын ээлжит их чуулганы үеэр ийнхүү мэдэгджээ. Дээрх хэдэн үг ердөө нэгээхэн хэсэг нь бөгөөд Мариус Визер эрхэм олон нийтийн өмнө, бүр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын нүдэн дээр түүний удирдаж буй байгууллагыг нь илтээр шүүмжилсэн юм. “Дайралт” хэмээн хэвлэлийнхний тодотгоод буй Визерийн илтгэл нь хурц үгтэй, үг бүрийн цаана ОУОХ, Томас Бахыг илэрхий шүүмжилсэн байсныг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Визерийн үзэж буйгаар ОУОХ нь улс орнуудын спорт холбоодод илүү давуу эрх олгохгүй бол мөхлийн зам руугаа явах гэнэ. Мөн олон төрлийн спортыг хамарсан арга хэмжээ зохион байгуулах гэсэн спорт холбоодын төлөвлөгөөг үгүйсгэдэг, спортын байгууллагуудын хараат бус байдалд хөндлөнгөөс оролцдог, олимп зохион байгуулах эрхийн төлөөх санал хураалтаас гол хүмүүсийн эрхийг хязгаарласан зэргийг дурдав. Түүнчлэн 450 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Олимпийн суваг байгуулах ОУОХ-ны төлөвлөөг “Мөнгөний гарз” хэмээн тодотгож, 2022 оны өвлийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөж буй хотууд SportAccord-ын чуулганд танилцуулга хийхийг хориглосон зэрэг ОУОХ-ноос гаргасан шийдвэрүүдийг шүүмжилсэн байна. Мөн тэрбээр өнгөрсөн хугацаанд Томас Бахтай хамтын ажиллагаа, харилцан хүндлэлийн үндсэн дээр найрсаг харилцаатай байхыг эрхэмлэж ирсэн боловч “Харамсалтай нь хэзээ ч биеллээ олоогүй” хэмээжээ.

Хурц тод, хүчтэй үгсээр баялаг Визерийн хэлсэн үг нь Бах болон Визер нарын харилцааны ан цавыг хангалттай харуулсан үйлдэл байсныг хэвлэлүүд мэдээлж байна.

SportAccord-ын тэргүүн Мариус Визерийн дээрх үгийн төгсгөлд Томас Бах ч мөн хариу хэлжээ. Тэрбээр Визерийн энэ үзэл бодол зөвхөн түүний өөрийнх нь, спорт холбоодыг төлөөлж хэлсэн хэрэг биш гээд, ОУОХ нь SportAccord болоод түүний гишүүн байгууллагуудтай үргэлж нээлттэй харилцаатай байсан гэсэн байна. “Шулуун шударгаар үгээ илэрхийлсэнд тань баярлалаа” хэмээн үгээ эхлүүлсэн Бах олимпийн наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар SportAccord-той зөвлөлдөх нь тийм ч чухал биш, тэртэй тэргүй ОУОХ нь олимпийн төрлүүдийн спорт холбоодтой нягт харилцаатай байдгийг онцолжээ. Мөн тэрбээр “Олимпийн наадмыг шинэ хэв маягт оруулахын төлөө, энэ хоёр байгууллагын төлөө, хойч ирээдүйн төлөө, мөнгө хуваарилалтын асуудлаар ОУОХ болон SportAccord хамтран ажиллах ёстой гэсэн таны үгийн хариуг би маш тодорхой хэлье. Үгүй. Маш олон шалтгааны улмаас үгүй” гэсэн байна.

Сочи хотноо хуралдсан SportAccord-ын ээлжит чуулганы үеэр ОУОХ нь Удирдах зөвлөлөө хуралдуулахгүй байх тухай шийдвэр гаргаснаас болж Визер ийнхүү дайралтаа эхлүүлсэн гэгдэж байгаа юм. 1993 оноос эхэлсэн уламжлал ийнхүү тасалдсанд Визер дургүйцсэн бололтой.

Мариус Визерийн үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй, ОУОХ болоод Томас Бахыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн 14 спорт холбоо энэхүү мэдэгдлийг гаргажээ.

SportAccord-ын тэргүүн, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визерийн дээрх гэнэтийн мэдэгдлийн дараа олимпийн төрөлд багтдаг зарим спорт холбоод, тухайлбал Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/-ны тэргүүн Ламин Диак SportAccord-оос өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгчээ. Нийт 14 холбоо, тэдгээрийн дотор Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны ерөнхийлөгч Сепп Блаттер нар Визерийн мэдэгдлийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, цаашид Бах болон ОУОХ-г дэмжиж ажиллахаа мэдэгдсэн байна.

Өргөдлөө өгсөн 14 холбооны гарын үсэг

С.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж