Тавдугаар сарын 31-ний өглөө Махмудовыг эцэг эхийнх нь гэрээс баривчилсан тухай “Эхо Москвы” радио станцад Махмудовын ах Жабраилын сонирхлыг төлөөлдөг өмгөөлөгч Мурад Мусаев мэдэгдсэн байна. Махмудовыг Холбооны аюулгүйн албаны төв аппаратынхан болон Ачхой-Мартановын районы Дотоод хэргийн яамны салбарынхан тусгай ажиллагаа явуулан баривчилжээ.
Оросын Мөрдөн байцаах хороо одоогоор Махмудовыг баривчилсан талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ Хойд Кавказын холбооны тойргийн хууль хяналтын байгууллага дахь эх сурвалж Ачхой-Мартановын районд Политковскаяг хөнөөсөн гэх алуурчинг баривчилсан гэдгийг “Интерфакс” агентлагт дамжуулан баталсан байна. Тусгай ажиллагаа Чеченийн хууль хяналтын байгууллагуудын хүчний хүчтэй дэмжлэгтэй хийгдсэн гэдгийг тэрээр онцолжээ.
“Тусгай албаныхан хэсэг хугацаанд сэжигтний утсыг сонсч байсан бөгөөд түүний амьдаар нь барина гэдэгт итгэлттэй болсон үед уг баривчилгааг хийсэн” гэж эх сурвалж агентлагт ярьсан байна. Ойрын үед түүнийг Москвад авчран байцаах гэнэ.
“Рустам Махмудовыг барьсан нь энэ хэргийг илрүүлэх мөрдөн байцаалтыг урагшлуулахгүй. Аллагын захиалагчдыг олоогүй нөхцөлд энэ гэмт хэрэг илрэхгүй гэж бид нэг биш удаа мэдэгдэж байсан” гэж Политковскаягийн хүүхдүүдийн өмгөөлөгч Анна Ставицкая мэдэгдлээ.
Энэ хэргийн анхны шүүх ажиллагаанд сэжигтнээр ах дүү Жабраил ба Ибрагим оролцож байхад Рустам Махмудовын нэр нэг биш удаа яригдаж байсныг тэрээр онцлов. “Түүнийг энэ хэрэгт холбоотой эсвэл хамаагүй гэх дүгнэлтийг шүүх гаргана. Хэрэгтнүүдийн суудалд сэтгүүлч эмэгтэйн аллагыг захиалагчид суугаасай” хэмээн хохирогчдын өмгөөлөгч хэлжээ.
Чеченийн сурвалжлагуудаараа олон улсад алдартай болсон «Новоя газета» сонины тоймч Анна Политковскаяг 2006 оны аравдугаар сарын 7-нд Москвагийн Лесная гудамжин дахь байрных нь орцонд буудан амийг нь хөнөөсөн. Аллагын хэргээр ах дүү Ибрагим ба Жабраил Махмудов, Дотоод хэргийн яамны ажилтан асан Сергей Хажикурбанов нарыг шүүсэн юм. Москвагийн тойргийн цэргийн шүүх 2009 оны хоёрдугаар сард тэднийг хэрэгт хамааралгүй гэсэн шийдвэр гаргажээ. Мөн энэ хэрэгт өөр зүйл ангиар татагдсан байсан Холбооны аюулгүйн албаны ажилтан Павел Рягузовыг ч хамааралгүй хэмээн цагаатгасан юм.
Гэхдээ Дээд шүүх тэднийг зөвтгөсөн шийдвэрийг цуцлан Ерөнхий прокурорт дахин нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар хэргийг буцаасан. Махмудовынхан, Хажикурбанов ба Рягузовын хэргүүдийг Рустам Махмудовын болон мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй захиалагчдынх нь хэргүүдтэй нэгтгэн шалгах ёстой гэж байгаа юм. Дотоод хэргийн яамны эрүүгийн хэргийн газрын тэргүүн Искандар Галимов 2010 оны нэгдүгээр сард шүүхээр зөвтгөгдсөн хүмүүсийн гэм буруутайг нь нотолсон баримт хууль хяналтынханд байгаа гэсэн юм. Энэ жилийн гуравдугаар сард Оросын Мөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкин Политковскаягийн хэргийн мөрдөн байцаалт шүүхэд шууд баримт болохоор баталгааг авч чадахгүй байх гээд “дагавар баримт нотолгооны хэмжээг нэмэгдүүлэх болно” гэж байсан юм. Өнгөрч буй тавдугаар сарын эхээр уг хэргийн мөрдөн байцаалтыг есдүгээр сарын 7 хүртэл сунгаад байсан юм.