“УЕП М.Энх-Амгалан хууль зөрчиж байна”

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

“УЕП М.Энх-Амгалан хууль зөрчиж байна”

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн шийдвэрээр Улсын ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Үнэнбат нь өөрийгөө хууль бусаар ажлаас халсан гэж шүүхэд Б.Энх-Амгалангийн эсрэг гомдол гаргаад байгаа юм. Энэ асуудлыг Улсын ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга асан Б.Үнэнбатаас  тодрууллаа.  

-Та Улсын ерөнхий прокурор Б.Энх-Амгаланг шүүхэд өгч, шүүхээс таны талд шийдвэр гаргасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж би шүүхэд гомдол гаргаад байгаа. Харин энэ хэргийг хянаж байгаа шүүгчээс миний гомдлыг нягтлан үзээд эхний ээлжид миний талд шийдвэр гаргасан. Тодруулбал, намайг хууль бусаар халсан гэх Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тогтоолыг түдгэлзүүлж, Ц.Арвинбуудайг томилсон шийдвэрийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл миний гомдлыг шүүх хэзээ шийднэ тэр цаг хүртэл намайг чөлөөлсөн тушаал, Ц.Арвинбуудайн чөлөөлсөн тушаалыг түдгэлзүүлсэн гэсэн үг. Угтаа бол шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл намайг халсан тушаал хүчингүй, шинээр томилсон УЕПГ-ын Тамгын газрын дарга ажиллах эрхгүй гэсэн үг юм л даа.  М.ЭНх-Амгалан хуулиа мэддэг бол намайг дуудаж ажиллуулах ёстой.

-Хэргийг шүүхээр эцэслэтэл таныг ажиллуулаагүй гэж М.Энх-Амгалан хариуцлага хүлээхгүй юу?

-Монгол улсын Ерөнхий прокурор нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хамгийн том субъект шүү дээ. Гэтэл өнөөх том субект маань өөрөө ингээд хуулиа зөрчин хууль бус шийдвэр гаргаад гаргасан шийдвэр нь шүүх дээр очоод хууль бус гэдэг нь тогтоогдоод байгаа нь түүнийг ямар хүн болохыг харуулж байгаа юм шүү дээ.

-Таныг ер нь ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бэ?

– Надад бол юу ч хэлээгүй. Намайг халсан гэх тушаал дээр ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа талаар нэг үг, үсэг ч байгаагүй.

-Ерөнхий прокурор сонгон шалгаруулалт зарлаж харъяа байгууллагын прокурор, хэлтэс албадын дарга нарыг томилж байгаа гэж дуулсан. Сүүлд гэхэд Нийслэлийн прокурорын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж эцэстээ “ирц бүрдээгүй” гэх шалтгаанаар шууд томилгоо хийсэн гэсэн.

-Прокурорын байгууллагын дарга нарыг сонгон шалгаруулалт зарлаж, томилдог хууль, дүрэм журам хаана ч байхгүй. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын цагдаагийн даргыг сонгон шалгаруулалт зарлаж, иргэдийн саналаар томилсон шүү дээ. М.Энх-Амгалан тэрийг л сохроор дуурайж байгаа юм.

Нийслэлийн прокурорыг томилох сонгон шалгаруулалтын тухайд “хүн ирсэнгүй” гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад байсан нөхрийг томилж, заваан юм хийгээд байгаа юм шүү дээ.  Ер нь нэмж хэлэхэд прокурын байгууллагыг цагдаагийн хүнээр толгойлуулна гэж хаана ч байхгүй шүү дээ. Энгийнээр бодоод үзвэл бурхны шашин 30 жил шүтэж номолж суучихаад шууд Христэд итгэнэ гэж байхгүй шүү дээ. М.Энх-Амгалан нь ажлаа хорь гучин жил прокурорт хянуулж ажилласан атлаа өнөөдөр Ерөнхий прокурор болчихоод хууль зөрчөөд сууж байж болохгүй. Зарим улс оронд прокурорын байгууллагын удирдлагыг маш тогтвортой 20,30 жил ажиллуудаг гэтэл манайх энэ албан тушаалыг улс төрийн тоглоом болгосноос ийм асуудал үүсч, жирийн албан хаагч бид хохирч байна.

Д.СҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж