Монголын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дмитрий Медведевтай Орос-Монголын төмөр замын байдлыг хэлэлцлээ. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг 1949 онд ЗХУ, БНМАУ хоёрын Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулсан. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийг БХКН(б)-ын удирдагч генералиссимус Сталин, МАХН-ын удирдагч, маршал Чойбалсан нар тухайн үедээ капиталист хэлбэрээс зэнзийрхэлгүйгээр ийнхүү нэрийдэн байгуулжээ. Хувьцааг нь Зөвлөлтийн Зам, холбооны яам ба Монголын Тээврийн яам 50:50 хувиар хуваан эзэмшихээр гэрээнд тусгасан. УБТЗ хувьцаат нийгэмлэг өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Энэ замаар жилдээ дөрвөн сая орчим зорчигч, 15 орчим сая тонн ачаа тээвэрлэдэг. Одоо Оросын багц хувьцааг Оросын төмөр зам, Монголын хувьцааг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь тус тус эзэмшдэг.
Сүүлийн жилүүдэд Монголын эрх баригчид хувьцааны хуваарилалтыг өөрчлөх асуудал тавьж, Монгол Улс 51 хувийг эзэмшихийг шаардаж байгаа. Энэ өчүүхэн нэмэгдэл нь захиргааны болон орлогын хуваарилалтыг сууриар нь өөрчилнө гэдгийг тайлбарлах ч хэрэггүй биз. Түүгээр ч барахгүй Монголын Засгийн газар УБТЗ-ын ашгаас нэмүү ашгийн татвар авахаар төлөвлөөд байгаа юм.
Улаанбаатарын байр суурь нь Монголын хуулийн дагуу хийгдэж байгаа билээ. Тэдний хуулинд үндэсний нутаг дэвсгэрт байрлах компаниудад үндэсний бүтцийг давуутай байлгахаар заасан байгаа юм. УБТЗ-ын төв оффис нь Монголын нийслэлд байрладаг. Оросын төмөр замын удирдлага уг асуудалд олон улсын эрх зүйг үндэс болгож байгаа. Учир нь Сталин Чойбалсан нарын байгуулсан гэрээ нь улс хоорондын албан ёсны гэрээ байсан юм.
Оросын ерөнхийлөгч орчин цагийн бодит байдлыг тооцох талдаа байна. “Бид эцсийн дүнд энэ гэрээг шинээр авч үзэх шаардлагатай” гэж тэрээр хэлээд “Гэхдээ өнөөдөр биш” гэж тодотгожээ. УБТЗ-ын хувь эзэмших асуудлыг яриа хэлэлцээрээр шийдээгүй бөгөөд цаашид авч үзэх асуудал хэмээн хойш тавьсан байна. Харин нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.долларт хүргэн Оросын Гадаад худалдааны банкнаас 125 сая ам.долларын зээл олгох асуудлыг энэ удаа шийдэн тохиролцсон байна.
Дараа нь Цахиагийн Элбэгдорж Владимир Путинтэй уулзлаа. Энд яриа хэлцэл улам ээдрээтэй байв. Тэд Монголд нийлүүлэх Оросын шатахууны тасалдлын талаар ярилцлаа. “Бидний хэрэглээ бараг тэр чигтээ Оросоос хангагддаг. Сүүлийн сард нийлүүлэлтэд ноцтой асуудал үүсээд байна. Хаврын тариалалт бараг зогссон. Олон үйлдвэрлэл зогсч, нийтийн тээвэр бараг зогсоод байна” гэж Монголын Ерөнхийлөгч мэдэгдлээ. Засгийн газраас шатахууны бөөний үнийг хүчээр бууруулсан нь нефтийн наймаачдыг экспортоо өргөжүүлэхэд хүргэсэн Оросын бензиний хямралын үр дагавар ийм байв. ОХУ-ын Засгийн газар экспортын гаалийн татварыг тавдугаар сарын 1-нээс нэмэгдүүлснээс Оросын компаниудад бензинээ дотооддоо нийлүүлэхийг эрхэмлэж, хомсдол гадаадад нөлөөлөх болжээ. Тухайлбал, Монгол дотооддоо нефть олборлож, боловсруулдаггүй бөгөөд шатахууны хэрэглээнийхээ 90 хувийг “Роснефть” гэх ОХУ-ын төрийн мэдлийн компаниас хангадаг.
Монголын дипломатууд үндэсний сонирхол, нэн ялангуяа эдийн засгийн талд тууштай ажилладаг. Тэдний энэ чанар ЗХУ-аас маш их хамааралтай байсан Чойбалсангийн үед ч гарч Сталиныг нэг биш удаа өр цайруулах эсвэл БНМАУ-ын олон улсын хүлээн зөвшөөрлийг лоббидох замаар гарч, байлаа. Гэхдээ түүний арга барил нь Засгийн газрын төвшинд шахалт үзүүлэх явдал болдог. Энэ удаад монголчууд нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэл, Оросын бусад компанитай яриа хэлцэл хийх асуудлыг огт хийгээгүй юм. Монголын Засгийн газар нөгөө л “Роснефт”-иэс хямд үнээр тасралтгүй түлш нийлүүлэхийг шаардаж байна. Үнийг бууруулсны хариуд Оросын компанид Монголын бөөний зах зээлд оролцох саналыг тэд гаргаж байлаа. Гэтэл 2008 онд “Роснефть” Монголын шатахуун түгээгүүрийн сүлжээнд нэвтрэн орохоор оролдсон. Тэр үед Монголын парламент гадаадын компаниудад 10 хувийн хязгаарлалтын квот тогтоосон хуулийг нэн даруй баталсан билээ.
Энэ бүгдэд нэмэрлэхэд өнөөгийн Монголын Ерөнхийлөгч нь улс төрийн арга барилын хувьд өнөөгийн Оросын удирдлагаас (Роснефтид ч хамаатай) огт өөр хүн. Цахиагийн Элбэгдорж цэргийн сэтгүүлчийн мэргэжилтэй, 1980-иад онд Львовын Цэргийн сургуульд суралцаж байсан ба Зөвлөлтийн өөрчлөн байгуулалтын үеэр баруун Украинд байсан юм. Ц.Элбэгдорж 1989-1990 онд орон нутгийн “ардын хувьсгалч” коммунист дэглэмийг халсан ардчилсан хөдөлгөөний лидерийн нэг байсанд гайхах хэрэггүй.
Ардчилсан Монголд тэрээр нэртэй хэвлэлийн редактор, Монголын ажил хэрэгч хүмүүсийн холбоог байгуулсан идэвхтэй бизнесмен хүн. Холбоо нь “хувьчлалыг доороос” нь явуулж малыг малчдад өгсөн юм. Энэ нь коммунизмын дараах үеийн ер бусын хувьчлал байлаа. Энэ хувьчлалын дараа малын тоо толгой эрс өссөн. Хожим Элбэгдорж төрийн албанд зүтгэхдээ хувийн бизнесийг бүхий л талаар дэмжиж ирсэн юм. Тэрээр аж ахуйн нэгжийг бүртгэх журмыг хөнгөвчилж, холбооны салбарыг хөгжүүлж байлаа. Мөн улстөрчийнхөө хувьд МАХН-ын дэглэмээс хохирогчдыг цагаатгах комиссийг тэргүүлэн 35 мянган хэлмэгдэгсдийн ар гэр, хамаатан саднаас төрийн албан ёсны уучлал гуйсан. Хожим түүний Засгийн газар Ким Чен Ирийн дэглэмээс зугтсан Хойд Солонгосын дүрвэгсдэд ивээл үзүүлж байв. Элбэгдорж 2000 онд Монголын эрх чөлөөний төвийг санаачлан байгуулжээ. 1990-ээд оны дундуур, 2000-аад оны дунд үеэр тэрээр Ардчилсан намын лидерийн хувьд хоёр удаа Засгийн газрыг толгойлж байв. Тэрээр сүүлд нь Социал демократ байр сууринд очсон МАХН-тай эвслийн Засгийн газарт хамтран танхимыг толгойлж байсан нь сонирхолтой. Монгол Улс ардчиллын системийг үнэн хэрэгтээ эзэмшээд байна. Улс төрийн эрх чөлөө нь тэнд засгийг сонгуулиар байнга солихтой зэрэгцэн байдаг. Зөвлөлтийн бүтцэд байсан орнуудаас тийм зүйл Балтийн хавийн улсууд, сүүлд нь Молдавт, одоо Украинд хэрэгжиж буй. 2008 оны зун “посткоммунист” сайд нар нь эвслийн гэрээгээ тасалсны дараа Элбэгдоржийн талынхан үймээн гарган МАХН-ын төв байрыг бут ниргэсэн юм. Жил хүрэхгүй хугацааны дараа Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Одоо Ардчилсан хэм хэмжээний дагуу Засгийн газрыг МАХН-ын төлөөлөгчид бүрэлдүүлж байгаа билээ.
Товчоор хэлэхэд тийм түнштэй өнөөгийн Москва хэлэлцээр хийхэд хүндрэлтэй байна. Ямар ч асуудлаар…