Монголын залуучуудын холбоо/МЗХ/-ны ерөнхийлөгч А.Мөнхбат "Улс төрчдийн хар жагсаалт"-ыг гаргаж, УИХ-д сонгогдох эрхгүй эрхмүүдийг олон нийтэд зарлаж улмаар оюутнуудын саналыг тэдгээр улс төрчдөд өгүүлэхгүй байх ажлыг зохион байгуулна гэж мэдэгдээд байгаа. Энэхүү асуудлыг Монголын оюутны холбоо /МОХ/-ноос эсэргүүцэн мэдээлэл хийлээ.
МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр "МЗХ дэд ерөнхийлөгчийн албан тушаалдаа томоохон намын төлөөлөл болсон залуусыг сонгосон. Энэ нь тус холбоог улстөрийн үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй гэдгийг харуулж байгаа юм. Мөн "Улс төрчдийн хар жагсаалт" гаргана гэж ярьж, шоудаж байна. Гэтэл хэн нэгнийг гэм буруутай гэж үзэн олон нийтэд зарлан тунхаглаж, сонгох сонгогдох эрхэнд нь халдаж болохгүй шүү дээ. Тиймээс энэхүү хууль бус үйл ажиллагаанд МОХ оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна" гэсэн юм.
Мөн МОХ-ын удирдлагууд "МЗХ-г улс төржүүлж, залуучуудыг нам, улс төрийн хүчнээр талцуулах, улс төрийн намуудтай наймаалцах оролдлого хийж буй эрхэм Ерөнхийлөгч А.Мөнхбатыг өнөөх "Хар жагсаалт"-ынхаа нэгдүгээр бичигдэх ёстой" гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа.
Д.ЖАРГАЛ