Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн 29 настай залуу боом өвчнөөр өвчилж, аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний биеийн байдал өдөр ирэх бүр сайжирч байгааг эх сурвалжууд мэдээллээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн сорьцын шинжилгээгээр өвчтөн малаас боомын халдвар авсан болох нь тогтооджээ. Одоогоор тус газарт хөл хорио тогтоогоогүй байна. Учир нь боом нь малаас хүнд халддаг өвчин юм. Өвчний голомтод ариутгал сайтар хийсэн гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн.
Гэхдээ өвчилсөн малаас гаралтай мах махан бүтээгдэхүүн, боомын савханцраар бохирлогдсон хүнсийг дутуу болгож хэрэглэх үед гэдэсний халдварыг авдаг. Мөн ноос, ноолуур боловсруулах, арьс ширний үйлдвэрлэл явуулах явцад бохирлогдсон тоосонцор, агаараар дамжин халдвар авч уушгины хэлбэрээр өвчилдөг байна. Иргэд мал, малын дайвар бүтээгдэхүүнтэй харьцахдаа дээрх эрсдлүүдийг тооцон үзэж болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Д.УЛАМБАЯР