Д.Оюунхорол: Төрийн албыг арилжааны хэрэгсэл болгох ёсгүй гэсэн зарчмаар боловсон хүчний асуудалд хандсан
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны нээлттэй сонсгол хуралдаанд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол тайлбар, мэдээлэл өгсөнтэй холбогдуулан товч ярилцлаа.
-Өргөдлийн байнгын хороонд ажлаас халагдсан гэж иргэд өргөдөл гомдол гаргасны дагуу тайлбар, мэдээлэл авлаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Улстөрийн намууд ойлголцож, зөвшилцөж хамтарч ажиллаад дөрвөн сар илүүгийн нүүр үзэж байна. Миний хувьд БОНХАЖ-ын сайдаар томилогдоод салбарынхаа өнгөрсөн хугацааны бодлого, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, алдаа сургамжийг судалж, танилцаж, дүн шинжилгээ хийсэн. Эндээс нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудаа тодорхойлон 1.6 жилд хийх ажлаа төлөвлөөд төрийн сайдын албыг нэр төртэй гүйцэтгэхийн төлөө цаг завгүй ажиллаж байна. Салбарын ажилдаа бодитой үр дүн гаргахад өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтэй боловсон хүчин гол түшиг тулгуур маань байх болно гэсэн зарчмаар анхнаасаа асуудалд хандсан. Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор Соёл спорт, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хуулийн хэлтсийг татан буулгаж, хоёр яамыг нэгтгэж, БОНХАЖЯ-ыг найман газар, найман хэлтэстэй, 116 орон тоотой байхаар баталсан. Нэг талаас Засгийн газраас гаргасан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, удирдлагын шат дамжлагыг цөөлөх, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх зарчим баримтлан орон тоог 15 хувиар цөөрүүлэх шийдвэрийг биелүүлэх, нэгтгэгдсэн, татан буугдсан есөн нэгжийн 47 хүнийг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулах шаардлага гарсан. Нөгөө талаас Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан яамныхаа дотоод нэгжийг зохион байгуулахдаа мэргэшсэн, чадварлаг, ажлын төлөө сэтгэлтэй төрийн албан хаагчдаа халж солихгүй авч үлдэх хэрэгтэй байсан. Дээрх шийдвэрүүдийн зарим нь бие биеэ үгүйсгэсэн шинжтэй байсан ч хууль биелүүлэх үүрэг надад оногдсон.
-Төрийн мэргэшсэн албан хаагчдыг халсан гэх гомдол гарсан тухай сая Өргөдлийн байнгын хороон дээр яригдлаа. Үнэхээр тийм асуудал байна уу?
-Энэ салбарын сайдаар томилогдоод яаман дээр ирж, анхны шуурхайгаа хийсэн. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга нь шуурхай дээрээ ирсэнгүй, зарим газар, хэлтсийн дарга нар нь ажлаа танилцуулсангүй. Төрийн ажлын залгамж шинж чанар хэрхэн үргэлжилж явах асуудал ойлгомжгүй, нэг л сэтгэлд хүрээгүй юм даа. Нэгэнт УИХ-аас үүрэг даалгавар аваад өндөр хариуцлагатай албанд томилогдсоных асуудлыг цаг алдалгүй шуурхай цэгцлэх, мэргэжлийн баг хамт олонтойгоо ажлаа эхлүүлэх шаардлага тулгарсан. Өнөөдөр БОНХАЖЯ-нд ажлаа сайн хийдэг, туршлагатай газар, хэлтсийн дарга нар ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа. Төрийн алба гэдэг ажлаа сайн хийж, ачааллаа дааж зүтгэж чаддаг хүмүүсийн цуглуулга байх ёстой. Төрийн алба төрлийн алба биш. Хамаатан садан, найз нөхөд, нутаг ус, ангийнхан, намынхан гэх юм бол төрийн ажил яаж явах вэ. Төрийн албыг хөдөлмөрийн бирж, арилжааны хэрэгсэл болгох ёсгүй гэсэн зарчмаар би боловсон хүчний асуудалд хандсан. Өнөөдөр манай яаманд ажлаа мэддэг, мэргэшсэн, туршлагатай хүмүүс нэг баг болж ажиллаж чадаж байгаа учраас БОНХАЖЯ-ны ажил сайн байгаа гэж сайдын хувьд онцлон хэлэхийг хүсч байна.
-Усны сав газрын дарга нарыг өөрчилсөн асуудал бүтцийн өөрчлөлттэй холбоотой байв уу?
-2015 оны Төсвийн тухай хуулиар БОНХАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээний харъяа Сав газруудын орон тоог 23-аар цөөрүүлж, 208 албан хаагчтай байхаар цалингийн санг баталсан. Иймд орон нутагт ажиллаж байгаа яамны харъяа сав газруудын ажлын нягтрал, ачааллыг тэнцвэржүүлэх, төсвийн зарцуулалтыг боловсронгуй болгох шаардлага гарсан. Тиймээс сав газруудын зохион байгуулалтын өөрчлөлтийг судлах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 29 сав газрыг 26 сав газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Үүнд: Орхон, Чулуут голын сав газрын захиргаадыг татан буулгаж нэгтгэн Орхон-Чулуут голын, Онги,Таац голын сав газрын захиргаадыг татан буулгаж нэгтгэн Онги-Таац голын, Хараа, Ерөө голын сав газрын захиргаадыг татан буулгаж нэгтгэн Хараа-Ерөө голын сав газрын захиргааг байгуулсан. Мөн Хэрлэн голын сав газрын захиргааг Багануураас шилжүүлж, Хэнтий аймагт, Идэр голын сав газрын захиргааг Тосонцэнгэлээс Идэр суманд шилжүүлэн байршуулсан. Энэ өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 14 албан хаагчдаас өөрсдийнх нь хүсэлтийг харгалзан Сав газрын захиргаадын дарга нарын шийдвэрээр тухайн орон нутаг дахь хэсэг хариуцсан ахлах мэргэжилтэн болон мэргэжилтнээр найман хүнийг холбогдох ажилд эргүүлэн томилсон. Ажлаас өөрчлөгдсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гурван хүн шүүхэд хандаад явж байгаа. Сав газрын захиргаадын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дүгнэхэд зарим дарга нарын үнэлгээ нь 33 хувьтай буюу “F” үнэлгээ авсан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Цаашид үр дүнгийн гэрээний биелэлт нь хангалтгүй байгаа төрийн албан хаагчдыг Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолын дагуу үнэлж хариуцлага тооцож ажиллана. Өнөөдрийн байдлаар нийтдээ манай салбарын хэмжээнд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 46 хүн чөлөөлөгдсөн нь салбарын нийт ажиллагсадын 1.2 хувь болж байгаа. Улстөрийн шалтгаанаар болон хууль зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчийг халсан сольсон шийдвэр гаргаагүй гэдгээ хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна.