УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Хэлэлцэх асуудлыг батлахын өмнө УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын даргад хандаж Тавантолгойн гэрээний төслийг хэзээ УИХ-аар хэлэлцэх талаар тайлбар өгөхийг хүсэв.
Тэрээр “Тавантолгойгоо УИХ-аар хэзээ хэлэлцэх вэ, өнөөдөр хэлэлцэнэ гэж бодсон чинь байдаггүй. Өчигдөр байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хэлэлцээгүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбарыг АН эсэргүүцэж байна гэж сонслоо. Оруулаад ирсэн төслийг хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжчихээд ажлын хэсэг гаргаад нухацтай ажилладаг юм байгаа биз. Тавантолгой юунаас болоод гацчихав аа, явах тийшээ байснаа бүр гацчих юм. Хойшлуулсаар байгаад энэ ажил маань явах нь уу, явахгүй ажил уу. Явахгүй гэвэл өөр хувилбараа бодох ёстой юм уу” гэв.
УИХ-ын дарга З.Энхболд “Хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсэг гаргая гээд гурван бүлэг нэрсээ өгсөн. Ажлын хэсэг амралтын өдрүүдэд ажиллах байх. Гэрээний төсөл өнөөдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхийг судална, нийцэхгүй бол хэлэлцэх боломжгүй гэдгийг Ө.Энхтүвшин гишүүн өөрөө мэдэж байгаа” гэсэн юм.
Одоо чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх ёстой юм.
Г.ДАРЬ